Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-11-30

Гамшгаас хамгаалах штаб шуурхай удирдлагын автомашинтай боллоо

УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штаб тусгай зориулалтын УАЗ фургон маркийн автомашинаа Даваа гарагт хүлээн авлаа. Замын хэмжээнд гарсан аливаа гамшиг ослын үед явуулын ажлын байраар ашиглах зориулалттай уг автомашиныг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч, Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаярын өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ оны Замын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган худалдан авчээ. Улмаар гамшиг, сүйрлын үед шаардлагатай албан тушаалтнуудыг газар дээр нь очиж ажиллах, аливаа тушаал, шийдвэрээ албажуулахад шаардлагатай зүйлсээр тоноглосон байна. Тухайлбал, компьютер, принтер, интернэт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал сөнөөгчийн амьсгалын бие даасан төхөөрөмж зэргээр тоногложээ. Мөн тухайн автомашины туулах чадварыг сайжруулахын тулд нум, дугуй, лебодок, гэрэлтүүлэг гэх мэтийг нэмж суурилуулжээ. Цаашид богино долгионы суурин болон гар станцаар тоноглосноор гол гэлтгүй салаа замд ч холбоо, дохиоллоор бүрэн хангагдаж, төв штабаас өгсөн үүрэг даалгаврыг газар дээр нь шуурхай хэрэгжүүлэх боломжтой болох юм. Уг машиныг ашиглалтад хүлээн авсныхаа дараа Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч, Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяр шинэчлэн тохижуулсан галын вагонтой танилцав. Улаанбаатар гал унтраах ангид өмнө нь ашиглаж байсан галын вагон нь насжилт өндөртэйн улмаас актлагдаж, хөдөлгөөнөөс хасагдсан аж. Иймээс ахин нэг вагоныг галын зориулалтаар тохижуулсан гэв. Шинэ вагон нь 1988 онд үйлдвэрлэсэн харьцангуй “залуу” гэдгийг албаныхан онцоллоо.  

Сэтгэгдэл үлдээх