Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-29

Төмөр замчны мэргэжлийг зорьж эзэмшсэн хүн замаасаа буцдаггүй

2014 онд шиг санаж байна. 406 дугаар км-ийн гармын жижүүрийн ажил үйлсийг сурвалжлахаар очсон юм. Тухайн үед ээлжинд гарч байсан жижүүр надад ярилцлага өгөхтэй манатай. Гармын хаалт бууж амжаагүй байхад л машин ар араасаа чихцэлдэн зүтгэж гармын жижүүр тэдний урдуур биеэрээ хааж зогсоход жолооч нар тулаад зогсохгүй бүр түлхэж байхыг хараад нүдэндээ ч итгээгүй сэн. Гармын хаалт буучихсан байхад дундуур нь сүлжиж, дайрч гарах, жолооч нар хэл амаар доромжлох нь байнгын үйлдэл бололтой харагдаж билээ. Ингэж гармын жижүүр ямар хэцүү нөхцөлд ажилладгийг бодитоор харсан удаатай.
Тэр сурвалжлагыг бичиж суухдаа гармын жижүүрийн ажлыг нэг хүн тийм ч тууштай хийдэггүй байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн юм. Гэтэл энэ удаа миний уулзсан гармын жижүүр 25 жил энэ ажлаа хийжээ. “Наанадаж авто машины дуу чимээ, тоос тортог дунд олон цагаар ажиллах. Цаашлаад жолооч нарт хэл үгээр доромжлуулах тохиолдол өдөр бүр давтагдаж байхад та яаж ажил мэргэжилдээ тууштай байж чадав аа?” гэхэд минь “Хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж, галт тэргээ саадгүй өнгөрөөж л байвал чиний дурдсан бэрхшээлүүд бол бидэнд энгийн л асуудал шүү дээ. Манай ангийн хэмжээнд олон мундаг жижүүр бий. Намайг анх жижүүрээр ороход дагалдуулан ажиллаж байсан Х.Гантулга эгч маань одоо хүртэл гарам дээрээ ажиллаж байгаа. Төмөр замчны ажлыг хүссэн бүхэн нь хийхгүй л дээ. Бас энэ мэргэжлийг зорьж эзэмшсэн хүн хэзээ ч замаас нь орхидоггүй юм” хэмээн хариулахыг сонсоод өөрийнхөө асуултаас санаа ч зовох шиг. Аливаа хүн эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн нь байж. Өөрийн гэсэн үнэт зүйлдээ баттай зогсож чадна гэдэг ийм л сайхан...
Түүнийг Т.Пүрэвсүрэн гэдэг. Төмөр замын техникумийг 1995 онд Замын машин механизмын мэргэжлээр төгсөөд Замын II ангийн XV хэсэгт хуваарилагдаж байжээ. Тэндээ зургаан жил ажиллаад 2000 онд VII хэсэгт ирснээс хойш өнөөг хүртэл 407 дугаар км-ийн гармын жижүүрээр ажиллаж буй. “Эгч нь ерөөсөө л гармын жижүүрээр дагнасан хүн. Тийм болохоор бусад мэргэжлээс үүгээрээ ялгаатай, тэр нь илүү гээд харьцуулж хэлж чадахгүй. Миний хамгийн гол бахархал бол аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, нэгэн насны амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан халуун талбарт нь өөрийн хувь нэмрээ оруулж байгаа нь. Аавыг минь Г.Төмөрбаатар гэдэг. Замын II ангид ҮЭ-ийн хорооны даргаар 42 ажилласан. Ээж Г.Алтангэрэл маань мөн энэ ангид 32 жил ня-богоор ажилласан. Ийм хүндтэй хоёр хүний үйл хэргийнх нь залгамж халаа болно гэдэг хүн бүрт тохиодоггүй хувь заяа шүү дээ” хэмээн ярилаа.
Гармын жижүүрүүд өглөө 08.00-20.00, орой 20.00-08.00 гэсэн хуваариар 12 цаг ажиллаад 48 цаг амардаг. Төмөр замчны гэр бүлд өссөн болохоор хар багын л аав ээж оройтож ажлаасаа ирнэ. Бямба, Ням гарагт ч ажилладгийг сайн мэддэг, бүр амьдралынх нь хэмнэл болдгийг хөргийн маань эзэн дурсана билээ. Түүнчлэн галт тэрэг яаралтай тоормос хийлгэх, автомашины түгжрээ үүссэн үед яаж хөдөлгөөнийг зохицуулах вэ гэж гүйсээр өвлийн хүйтэнд даарах, дээрээс нь жолооч нарт элдвээр хэлүүлэх гээд эхэндээ түүнд шантрах үе бишгүй л тохиолддог байж. Түүнийг ажил мэргэжлийн гараагаа эхлэх үед гармын жижүүрүүд ажлын байраа галлаж дулаацуулдаг байсан цаг. Хөдөлгөөнөө зохицуулахын хажуугаар пийшингээ галлаж, үнсээ авна. Өдөрт гурав, дөрвөн удаа галлаж, үнсийг нь авч, оройн ээлждээ түлэх нүүрсээ бэлдэж өгнө гээд ажил мундахгүй. Харин одоо цахилгаан халаалттай, тохилог ажлын байрнаас эхлээд сайжирсан зүйл олон. Нэг үеэ бодвол хүмүүсийн харилцаа хандлага, төмөр замын гармын талаарх мэдлэг ч харьцангуй дээшилсэн аж. “Өмнө нь өөрсдийнх нь амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө гармын жижүүр ажиллаж байгааг жолооч нар огт мэддэггүй байлаа. Авто замын ачаалал ихтэй үед хэсэг хугацаанд хөдөлгөөн хааж, зам чөлөөлөх төдийд л бухимдацгаадаг байсан. Тээврийн цагдаагийн албанаас цагдаа гарам дээр хамт үүрэг гүйцэтгэдэг болсон нь эерэг нөлөө үзүүлэхэд нөлөөлсөн байх. Сүүлийн 10-аад жилд нийслэлийн авто замын ачаалал эрс нэмэгдсэн учраас гарам дээр цагдаа ажиллахаас ч аргагүйд хүрсэн л дээ. Хуучнаар Замын цагдаагийн газрын өмнө байсан 406 дугаар км-ийн гарам бол маш өндөр ачаалалтай байсан” хэмээв. 
Гармын жижүүрүүд нэн тэргүүнд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэхдээ тэд үндсэн үүргээсээ гадна туслах чанарын олон ажил амжуулдаг. Тухайлбал, галт тэрэгний хөдөлгөөнгүй үед ажлын байраа өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгах ёстой. Мөн дээрээс нь гармаас хааш, хаашаа 50 метр зайг жижүүрүүд тус бүр хариуцан авч тухайн хэсгийнхээ замын хадаасыг давтах, балластик шуух, хөөлтийн тээг шахах гээд ажил мундахгүй. Хамгийн наад зах нь л жижүүр бүхэн гарамдаа долоо хоног тутамд их цэвэрлэгээ хийдэг. Ерөнхийдөө эмх цэгцтэй, цэвэрч нямбай байдал ажлынх нь нэгэн гол үзүүлэлт болдог тул гармын жижүүрээр эмэгтэй хүмүүсийг томилдог бололтой. “Манай гарам ачаалал өндөртэй учраас ялангуяа өглөөгүүр зөвхөн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлаа л хангаж ажиллана. Оройн цагаар харин хөдөлгөөн багасдаг учраас дараагийн ээлжийг хүлээлцэх хүртэлх хугацаанд туслах чанарын ажлуудаа амжуулдаг даа” хэмээн Т.Пүрэвсүрэн жижүүр ярьсан юм.
Энэ сарын 10-нд болсон Олон улсын гармын мэдлэгийг дээшлүүлэх өдрөөр “Онц хөдөлгөөнчин” болжээ. Энэ тухай тэрбээр “Тэр өдөр манайхан надаас “Та шагнал авахаа мэдээд гоё хувцаслаа юу?” гэж асууцгаасан. Би бол юу ч мэдээгүй, жил бүр тэмдэглэдэг Олон улсын гармын өдөр тохиож байгаа болохоор жирийн өдрүүдээс арай илүү ач холбогдол өгч дүрэмт хувцсаа бүрэн өмсөөд л ажилдаа ирсэн. Гэтэл Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр, манай албаны бүх дарга нар ирээд л “Онц хөдөлгөөнчин” тэмдгийг энгэрт минь зүүж өгсөн дөө. Ёстой л миний амьдралын хамгийн баярт мөчүүдийн нэг байсан. Ангийн дарга маань намайг “Одоо хүртэл “Онц хөдөлгөөнчин”-өө авахгүй юу хийж байсан юм бэ?” гэхээр нь би чухам юу гэж хариулахаа мэдээгүй. Миний хувьд энэ бол маш хүндтэй шагнал” гээд л хөөр баяртай дурсамжаа хуваалцав.
Замын II ангийн дарга Д.Алтангэрэл шинээр жижүүр ирэх болгонд Т.Пүрэвсүрэн жижүүрийг дагалдуулж сургадаг тухай ярьж байсан. Түүнийг дагалдаж дадлагажсан жижүүр хэдийнээ 70 гаруй болжээ. Энэ нь, түүний ажлын туршлага, хамт олны дундах нэр хүнд, залуу үеэ сурган хүмүүжүүлэх арга барилгыг нь үнэлсэн товч бөгөөд тодорхой дүгнэлт гэлтэй. Эзэмшсэн мэргэжлийнхээ онцлогийн тухайд “Гармын жижүүр гэдгийг хамгийн энгийнээр бөгөөд товч тайлбарлавал, маш хурдан хугацаанд оновчтой шийдвэр гарах чадамжтай, хэр баргийн зүйлд барьц алдахааргүй хүн байх ёстой. Яагаад вэ гэвэл бидний ажил минут секундээр хэмжигддэг шүү дээ. Тийм ч учраас намайг дагалдахаар ирж байгаа залууст би алхам бүрийг нь нарийн хэлж зөвлөдөг. Ер нь, чаддаг бүхнээ нэг ч зүйл орхигдуулахгүй зааж өгөхийг л хичээдэг дээ” гэлээ.
Аливаа хүн нэг ажлыг олон жил хийхээр түүндээ дасдаг. Зарим тохиолдолд хэт назгай хандсанаас осол аваарт өртөх тохиолдол ч гардаг тухай судалгаа бий. Тэгвэл гармын жижүүр Т.Пүрэвсүрэнгийн тухайд одоо хэрнээ алдаж эндэх вий гэсэн болгоомжлолоосоо салаагүй яваа аж. Түүний хувьд гараа бүр нь амаргүй байдаг гэнэ. “Гарам дүүрэн машинд эзлэгдчихээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй болох магадлалтай үед бол галт тэрэг ойртох хэсэгт орохоос өмнө л авто машины хөдөлгөөнийг зогсоох шаардлагатай. Ийм нөхцөлд биднийг галт тэргээ зогсоо гэсэн чиглэл өгдөг л дөө. Гэвч яаж ийгээд галт тэргээ аюулгүй өнгөрөөхийн тулд л хичээж ажилладаг. Гармын жижүүрийн ажилд цагдаа их дэмжлэг болдог. Намайг авто машины хөдөлгөөн хаахад гаргаж байгаа хүмүүсийн хандлага, цагдаа байгаа үед тэс өөр болдог. Мөн уулзварынхаа цагдаатай уялдаж ажиллах нь чухал. Гарам дээр үүрэг гүйцэтгэх цагдаа Төмөр зам дахь цагдаагийн газраас томилогддог учраас гармын жижүүрийн ажлыг маш сайн ойлгож, мэдэрдэг. Харин авто замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар Баянзүрх дүүргийн цагдаагаас ирдэг учраас төмөр замын гармын онцлогийг төдийлөн мэдэхгүй. Ялангуяа, анх тэнд үүрэг гүйцэтгэхээр очсон цагдаа нар галт тэрэг ойртоод байхад л авто замын хөдөлгөөнөө таслахгүй байх зэрэг бэрхшээл гардаг. Гэхдээ удалгүй төмөр замын ажлын онцлогийг ойлгоод бидэнтэй хамтран ажиллаж эхэлдэг. Зайлшгүй онцгой нөхцөлтэй тулгарсан үед гармын жижүүрийн хувьд сандралгүй, оновчтой шийдвэрийг дэс дараалалтайгаар богино хугацаанд гаргах нь нэн тэргүүний шаардлага. Би хэдий олон жил ажилласан ч болзошгүй эрсдэлтэй тулгарсан үед хантаазны минь хормой чичирч байдаг. Ээлжийн амралтаа аваад сарын дараа ажилдаа ороход тодорхой хэмжээний төсөөрдөг шиг байгаа юм. Ажилдаа орохын өмнөх шөнө нойр хүрэхгүй шүү дээ. Нэг удаа хорих дохио өгөх гэж байна гэж зүүдлээд, гар минь хатуу зүйлд хүрэхээр нь цочоод сэрсэн. Одоо хэр нь ээлжийн амралтаа дуусахын өмнөх шөнө нойргүй хонодог хэвээр. Би л ганцаараа ингэдэг байх гэж бодсон ч манай жижүүрүүд надтай адилхан түгшдэгээ ярьсан. 25 жил ажиллахдаа алдаа гаргачих вий гэсэн айдас болгоомжлол үргэлж л дагадаг. Өндөр хариуцлага үүрч ажилладаг учраас тэгдэг байх. Бидний үйл хөдлөл, гаргах шийдвэр минут секундээр хэмжигддэг болохоор 12 цагийн турш галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангачихаад гэр рүүгээ явах мэдрэмж л хамгийн сайхан. Сэтгэл уужраад л явчихна шүү дээ” гэв.
Хөргийнхөө эзэнтэй ярилцаж суухад ажлаасаа шантарч бэрхшээдэггүй. Харин ч түүнийгээ бахархал болгож боддог нэг тийм төрмөл чанар үг бүрээс нь мэдрэгдэж байв. Жирийн хүмүүсийн тэр бүр ухаж ойлгохгүй ийм үүрэг хариуцлага, үнэт зүйл удам дамжсан төмөр замчдаас илүү тод харагддаг юм. Товчхондоо төмөр замчин аав ээж, гэр бүлээс төрсөн “ясны төмөр замчин” хүн ийм л байдаг даа.

Сэтгэгдэл үлдээх