Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-27

Э.Болор-Оргил: Төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүллээ

-Энэ оны эхний улиралд танай байгууллага хэрхэн ажилласан бэ? Тээвэр зохион байгуулалтын албанаас өгсөн мэдээллээр импортын тээврийн өсөлт нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан дуулдлаа. 
-Манай анги энэ оны эхний улирлын байдлаар ачаа боловсруулалтаар 259.5 мянган тонн ачаа боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж, 350 мянган тонн ачаа боловсруулан төлөвлөгөөг 135, вагон ачилтаар 1894 вагон ачихаас 2275 вагон ачиж, ачилтын төлөвлөгөөг 120 хувь буюу 381 вагоноор илүү биелүүлэв. Харин вагон буулгалтаар 4500 вагон буулгах төлөвлөгөөтэй ажиллаж, 4817 вагон буулган төлөвлөгөөг 107 хувиар биелүүлсэн. Ингэснээр үндсэн үйл ажиллагааны төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг тус тус давуулан ажилласан.Тайлант хугацаанд 1.803.756 мянган төгрөгийн орлого олж, нийт 329.945 мянган төгрөгийн ашигтай гарлаа. Төлөвлөгөөгөөр өгсөн ашгийг 141 хувиар биелүүлсэн үзүүлэлттэй байна. 
-Замын-Үүд боомтын хяналт шалгалтыг чангатгаснаас үүдээд автомашинаар тээвэрлэгддэг байсан импортын бүтээгдэхүүнүүд төмөр зам руу шилжих хөдөлгөөн гарсан. Энэ байдал магадгүй танайд үзүүлэлтүүдэд нөлөөлөв үү? 
-Тийм ээ. Та маш зөв анзаарч. Гол өсөлт гарсан шалтгаан нь ерөөсөө үүнтэй л холбоотой. Ангийн үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ерөнхийдөө 30 орчим хувийн өсөлт үзүүлсэн. Манай хувьд энэ бол шууд импортын өсөлт. Би түрүүнд хэлсэн дээ, буулгалтаар 4817 вагон буулгаж, төлөвлөгөөг 107 хувиар биелүүлсэн гэж.
-Танайд бууж байгаа ачаануудаас голлон ямар бараа бүтээгдэхүүнүүд өсөлттэй байна вэ? 
-Гол өсөлттэй байгаа нь лонх, бэлэн гоймон гээд хүнс, хүнсний холбогдолтой бараа бүтээгдэхүүн.Чингэлгийн хувьд эрс өссөн зүйл алга. Өнгөрсөн оны мөн үеийн түвшинтэй л адил хэмжээнд байна. Чингэлгээр гол ирдэг ачаа нь автомашин. Манай нийт ачааны 35 орчим хувийг эзэлдэг. Хүнсний бараа бүтээгдэхүүн 20 орчим, барилгын материал 10, үлдсэн 40 орчим хувь нь “Бусад”гэж явдаг. Ерөнхийдөө өсөлт үзүүлээд байгаа ачаа нь кнр-ийн вагоноор л буугаад байгаа юм. 
-Танайх маш олон харилцагч байгууллагууд, хувь хүнтэй хамтран ажилладаг.Энгийн үед бол их хөл хөдөлгөөнтэй газар шүү дээ. Хөл хөдөлгөөн хорьсон цар тахлын энэ хүнд үед үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 
-АБТЭМА-иар хоногтоо 200-300 орчим хүн орж, гарч байдаг. Манай байгууллагаас халдварын батлагдсан тохиолдол илэрснээс хойш бид энэ асуудалд их болгоомжтой хандах болсон. Ангийн хашаа буюу үйлдвэрлэлийн орчимд хүн хүлээн авч, оруулахаа огт больсон.Зөвхөн Тээвэр зуучийн төлөөлөгчдөөр дамжуулан ачааг нь байгууллагынхаа хашааны гадна хүлээлгэж өгдөг. Том оврын автомашиныг ороод ирэхэд хаалгыг нь лацдаж, жолоочийн хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн чингэлгийг талбай дээр задлахыг хориглолоо. Зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийсний дараа автомашинд ачиж өгөөд гаргах технологийг мөрдөж байна. Байгууллага дотооддоо ч хурал, зөвлөгөөн, бичиг цаас, гарын үсэг гээд нааш, цааш гүйдэг хүний хөдөлгөөнийг багасгаж, аль болох цахимаар шийдэж байгаа. Зөвхөн шаардлагатай тохиолдолд хурал, зөвлөгөөнийг гадаа задгай орчинд хүн хоорондын зайг барьж хийдэг болсон.Энд бас Замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргын баталсан түр журмыг энэ сарын 16-аас мөрдөөд эхэлснийг хэлэх хэрэгтэй байх. 

Сэтгэгдэл үлдээх