Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-12-14

Татах хэсгүүд өвлийн тээвэрт саадгүй ажиллаж байна

Улаанбаатар татах хэсэг: Замын даргын А-711 тушаалын дагуу нийт 52 илчит тэргэнд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, явах анги, хос дугуй, тоормосны төгсгөлийн крануудын будаг сэргээж, бүхээгийг тохижуулж дуусгасан байна. Тэр дундаа 2М62ММ, 2Загал серийн илчит тэрэгнүүдэд бүхээгийн цонхыг халаагчтай шилээр шинэчлэн сольжээ. Мөн илчит тэрэгний бүхээгийн хаалга болон цонхны резинэн жийргэвчийг солих шаардлагатай зүтгүүрүүдийн бүртгэлийг гаргаж аж ахуйн цехийн хамт олон бүрэн сольж дуусгасан байна. Түүнчлэн, 2020, 2021 оны машинчийн зүгшрүүлэлтэд орсон болон шинээр ажилд орсон туслах машинч нарт анхны өвлийн сургалтыг зохион байгуулж, зүтгүүрийн бригадын техникийн сургалтад өвлийн улиралд илчит тэрэгний хөргөлтийг удирдах, АТАЗ-т заасны дагуу галт тэрэгний тоормосыг удирдах, арчлах сургалтыг тогтмол танхим болон цахимаар хийж байгаа аж. Мөн цуваа хариуцсан зааварлагч машинч нар нь зорилтот болон шалган зааварчлах аяллын үеэр шинэ залуу машинч нарт илчит тэрэг, галт тэргэнд бодит байдлын сургалтыг хийж байна. Татах хэсгийн зүгээс тулгуур өртөөд болон вагон депод, дохиолол холбооны анги, замын ангитай хамтарсан зөвлөгөөн сургалт явуулж, өвлийн улиралд гарч болох хүндрэл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. 
Мөн татах хэсгийн паркад 2ТЭ25км серийн дөрвөн шинэ илчит тэргийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авчээ. Энэ хамт олон 2021-2022 оны тээврийн ажилд ГТХАА-ыг бүрэн хангаж, төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу тээврийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай тээвэрлэн ажиллаж байна.

Сайншанд татах хэсэг: Өвлийн тээвэрт бэлтгэх комиссын үзлэгт орсон бүх илчит тэрэгний бүхээг болон цонхны дулаалгыг хийж гүйцэтгэсэн байна. Илчит тэрэгний бүхээгний дуу чимээг багасгах үүднээс том жижиг хаалга болон пультны дээд том тавцанг тусгаарлах резин хийж дууг даржээ. Салхины шил даравч резин байхгүй хэсгийн сийгэлт арилгаж бэхэлгээг сайжруулснаар зүтгүүрийн бригадын ажлын байр дулаан алдагдалгүй болж таатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэв. Мөн Зүтгүүрийн аж ахуйн албаны есдүгээр сарын 6-ны өдрийн 04/18 дугаар тушаалын дагуу нийт зүтгүүрийн бригадад хүйтний улиралд галт тэрэг хэрхэн жолоодох, цаг агаарын байдалд ажлын хувцсыг тохируулан өмсөх гэхчилэн хүйтний улиралтай холбоотой бусад зааварчилгааг тогтмол өгч ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх