Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-04-27

Заяа түшсэн зам

Хуучнаар Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Арбулаг сум уул ус, ургамал ногоо тэгширсэн сайхан хангай. Энэ нутгаас яг 40 жилийн өмнө ээжээрээ аяныхаа дөрөөнд сүү дусаалган мордож, аавтайгаа сумын төв рүү дөрөө харшуулан галигуулж явсан 17 настай хүүг ямархан хувь заяа хүлээж буйг хэрхэн таах билээ. Ганцхан жилийн дараа эр цэргийн албанд тэнцэх хүүгээ ижий аав нь нялхаараа гэж санан түмэн захиасаар үдсэн гэдэг. Харин хүүгийн хувьд дунд сургуулиа дүүргээд “Гадаадад сургуульд явна даа” гэх мөрөөдлөө биелүүлээгүй ч түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатарт очих гэж яваа нь энэ. “Хотод төмөр зам гэдгийг харна даа” гэж бодохоос зуны гурван сар зургаа болсон шиг урт санагдаж, хоног тоолон догдлон хүлээсэн намрын нэгэн өдөр ирсэн нь энэ. Замд гарах гэж догдлон яаравч хүүгийн сэтгэлд нутагтаа хоргодох нууцхан учир байлаа. Тэр нь сэтгэлээ нээж, хайрын захиа өгч амжаагүй ангийн хөөрхөн охин. Ядахад ангийн охины гэр нэгдүгээр багт, хүүгийнх долдугаар багаар нутаглана. Адуу малд явах далимаар буугаад мордохоор ойрхон биш болохоор хот руу явж буйгаа ч дуулгаж амжаагүй нь уйтай ч юм шиг... Аав нь сумын төвөөс шуудангийн машинд суулган үдэж, “Газ 53” машины тэвшин дээр олны дунд сэгсчүүлэн давхисаар аймгийн төвд ирэхэд том ах Л.Баярхүү тосож авчээ. Арбулагийн төвөөс өөр сууринд хөл тавьж үзээгүй хүүд аймгийн төв хараа алдам сонин хачнаар дүүрэн. Гэхдээ гайшрах зүйл үүгээр дууссангүй. Том ах нь хэдхэн жилийн өмнө хотод Худалдааны техникум дүүргэж, аймгийн төвд ажиллаж байсан болохоор дүүгээ хотод төвхнүүлэхээр мөнгөн цагаан онгоц хөлөглөн нислээ. Уул усан дээгүүр, үүлс зүсэн ниссээр газардахад улсын нийслэл гэдэг хөдөөний хүүд зүг чигээ алдахаар их хөлийн газар байх нь тэр. Хотод ирээд авга ах Ж.Дагвадорж (Эрчим хүчний салбараас төрсөн МУ-ын Хөдөлмөрийн баатар)-ийндоо суух болов. Тавин мянгатаас сургууль, сургуулиас гэр хүрэх замаа лав долоо хоног газарчлуулан байж төөрөхөөргүй болсон энэ хүү бол өдгөөгийн ЗЗМС-ийн цувааны дарга, “Хүндэт төмөр замчин” Пунцагийн Энхбаатар билээ. 
-Дөчин жилийн өмнөх хүүхэд ахуй нас өчигдөрхөн мэт сэтгэлд тодхон байна. Миний аав Г.Пунцаг, ээж Ч.Даваажав хоёр минь нутаг усандаа нэртэй ажилч хичээнгүй улс байлаа. Манайх есөн хүү, дөрвөн охинтой өнөр айл. Ам бүл олон, бүл чадалтай болохоор нэгдлийн олон тооны төллөх мал хариулна. Бид сургуулийн амралтаараа аав, ээждээ нэмэр болж, мал ахуйн ажлыг нугална. Манайх Сүмбэр уулын өвөрт өвөлжиж, зундаа Хийдийн гол, Наян модны гол, Мод толгойн голоор нутаг сэлгэж зусна. Аав минь зундаа Ханх боомтоор Орос руу тууврын мал тууна. Хүүхэд байхад аавыгаа хоног тоолон хүлээдэг сэн. Ирэхдээ бидэнд хувцас, гутлаас өгсүүлээд ховор амттан авчирна. Хөвгүүддээ орос бакал голдуу авчирна. Олон хүүхэдтэй болохоор биднийг юугаар ч дутаахгүй өсгөх гэж жил бүр тууварт явдаг байж дээ. Одоо ихэнх ах дүүс минь нутагтаа бий. Аав, ээжийнхээ нэрийг өргөж бүгд л нутаг усандаа нэртэй ажилч, малч улс хэмээн дурслаа.
П.Энхбаатарын хувьд яаран догдлон ирсэн оюутны эхний жилд гэрээ, аав, ээж, ах дүүсээ их санана. Бас анхны хайрын эзэн сэтгэлийн мухарт хадаастай. “Шал дэмий ч ирэв үү?” гэж бодогдох үе цөөнгүй байж. Гэхдээ “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг. Эр хүн замын дундаас шантрах муухай. Тэглээ ч сургуулиа орхиод очих нүүр хаана байх вэ” гэж бодогдох. Санахын эрхэнд гэр рүүгээ захиа бичнэ. Бас ангийн охиндоо ч сэтгэлээ нээж захидал бичээд шуудангийн хайрцагт хийчихээд хариу ирэх өдрийг хоног тоолон догдлон хүлээсэн нь хамгийн “амттай” нь. Оюутны ангийн эхний жил нэг л мэдэхэд харван одож, П.Энхбаатар эх орны хүү болох нь тэр. Сүхбаатар аймгийн Онгон суманд эр цэргийн алба хааж, эх орныхоо дархан хилийг гурван жил манасан эр цэрэг гэдэг эр бие тэгширч, ухаан бодол задарч, сэтгэлийн хат суудаг жамтай. Халагдаж ирээд үргэлжлүүлэн сурч, 1988 онд төгсөөд ЗЗМС-д замчнаар хуваарилагдав. 
-Ажлын томилолтоо аваад Сайншандад их засварт гарсан анги дээрээ ирэхэд ангийн дарга Н.Батмөнх, орлогч дарга Д.Батхүрэл, цувааны дарга Банзар, мастер Жамбал, Намсрай, Вандан, Дашмаа гээд мундаг хүмүүс угтсан. Энэ л хүмүүс намайг төмөр замчин болох замыг минь зассан улс даа.Тэр үед их засварын цонх бүр уралдаантай өрнөнө. Сайн ажиллавал цонхны дараа 10 төгрөгөөр шагнана. Би цонхны шагналаас хоцорч байгаагүй. Ахмадууд ч надад ам сайтай байдаг сан. Анхныхаа цалинг аваад аавдаа нэг гутал, ээждээ ойр зуурын зүйл, дүү нартаа чихэр жимс авч явуулсан санагдана. Аав минь миний явуулсан гутлыг “Хүүгийн явуулсан гутал хөлд хөнгөн юм” гээд ихэд баярласан гэдэг. Багад минь аав туувраас ирээд богцоо задлахад бид хөөр болдог сон. Ажилтай, цалинтай болоод амралтаараа нутагтаа очихдоо аав шигээ аавдаа ээж, дүү нартаа хамгийн гоё бэлэг сэлттэй очихыг хичээдэг байлаа. Тэр цагаас хойш 33-34 жил өнгөрчээ. Энэ хугацаанд замчин, мастер, цувааны даргаар ажиллалаа. Сайхан хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, төмөр замаа дагаж улсынхаа хойд хилээс урд хил хүртэл нүүдэллэж явлаа. Тийм болохоор гурван хүүхэд минь гурван өөр газар төрсөн. Ууган хүү Хөвсгөлд, удаах охин Дорноговьд, бага охин Улаанбаатарт төрсөн гэж хуучлав. Мартсанаас “Хөвсгөлд үлдсэн ангийн охиноо татаад авчихсан юм биш биз” гэхэд минь инээж “Тэгсээн. Ангийн охин Н.Бямбасүрэн маань 10 дугаар ангиа төгсөөд ХААДС-ийн хуваарьтай ирсэн. Сургуульдаа нэг жил сураад тэгээд сургуулиа орхиод намайг дагаж, төмөр замчин болсон шүү дээ” гэв.Түүний хань Н.Бямбасүрэн ЗЗМС-д замчин, вагоны үйлчлэгчээр ханиа дагаж ажилласаар хэдэн жилийн өмнө гавьяаны амралтдаа гарчээ. Энэ айл хүү, хоёр охинтой. “Том хүү маань Э.Мөнхбаяр өдгөө ЗЗМС-д ДГку машины машинч, бэр Д.Одонтунгалаг Төв эмнэлэгт сувилагч, Охин Э.Мөнхшүр ТЗДС-ийг замын инженер мэргэжлээр төгсөөд одоо ЗЗМС-д техникч, хүргэн С.Бат-Эрдэнэ Политехникийн коллежид багш. Харин бага охин Э.Мөнхсувд Голомт банкинд ажилладаг. Бага хүргэн Б.Дөлгөөнбаяр мөн Голомт банкинд эдийн засагч. 
Одоо гэргий эмээгийнхээ үүргийг биелүүлж, хоёр ач охин, хоёр зээ хүү, нэг зээ охиноо харж байгаа” гэж жаргалтай инээлээ. Уудам говь дундуур ургах наран тийш зурайх эх орны бүтээн байгуулалт төмөр замын их ажлын голыг манай замчид хэдийнэ нугалжээ. П.Энхбаатар “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн замынхаа угсралтын ажлыг бид дууссан. Одоогоор 130 км замын хурдыг нэмээд байна. Гурав, дөрөвдүгээр зөрлөгийн замын өргөх, чигжих нарийн засвар дээр ажиллаж байна. Энэ том бүтээн байгуулалтаа хүлээлгэж өгөх цаг ч ойртлоо доо. Ах нь хувьдаа их баяртай байна. Төмөр замчин болсны хувьд улс эх орныхоо их бүтээн байгуулалтад гар бие оролцож, хувь нэмрээ оруулах хувьтай явж. Төмөр замчин болсны хэрэг бүтлээ” гэв. П.Энхбаатар олон шавьтай тухайгаа “Шавь нар бий бий. Бүгд сайн сайхан ажиллаж байна. Ер нь, сүүлийн жилүүдэд манай замчид их залуужсан. Залуучуудтай ажиллах сайхан шүү дээ. Залуучууд ажил хийх арга барилыг нь заагаад, тайлбарлаад өгвөл сурахдаа хурдан. Мэддэг чаддаг бүхнээ хэлж өгөхийг хичээх юм. Шижигнэсэн сайхан залуус манайд ажиллаж байна даа” гэлээ.

ЗЗМС-ын орлогч дарга Т.Пунцаг: 
-Манай цувааны дарга П.Энхбаатар хамт ажиллахад их тулхтай. Ажил даалгасан бол ажлын гүйцэтгэл 100 хувь байдаг, найдвартай хүн. Залууст нөмөр нөөлөг болж байгаа ахмад туршлагатай ажилтнуудын маань нэг. Харин ажлын араас бол нэхэл хатуутай шүү. Гүйцэтгэлийг өөрөө заавал шалгана. Залуус маань ийм туршлагатай дадлагатай ахмад замчнаас чадах хэрээрээ суралцах хэрэгтэй дээ. Гуч гаруй жилийн туршлага гэдэг ямар ч мэргэжлийн ном, сурах бичгээс олохгүй эрдэм шүү дээ” гэлээ.
-Анх намайг ажилд ороход Р-43 зам төмөртэй байлаа. Дараа нь, Р-50 зам төмрөөр сольсон. Одоо Р-65 зам төмөртэй болгоод л ах нь тэтгэвэрт гарах нь. Төмөр замын салбар хөгжөөд замчдын ажил хөдөлмөр улам өндрөөр үнэлэгдэх сайхан цаг ирж байна. Манайх зундаа түр замчин ажилд авдаг. Харин тэр залуус дараа нь мэргэжлийн сургууль, курсэд сураад буцаад ирдэг. Төмөр зам гэдэг сайхан байгууллага шүү. Зам дагасан хүн бүрийн амьдрал өөдөлж дэвждэг. Залуус минь ажил, мэргэжилдээ сэтгэлээ өгч ажиллаарай гэж захих байна даа” гэж яриагаа өндөрлөлөө.
Дөчин жилийн өмнө төмөр замчин болохоор нутгаасаа мордсон хүү өдгөө “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тай “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” болсон зам энэ юм.

Сэтгэгдэл үлдээх