Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-11-30

Замын хойд хэсэгт алсын удирдлагатай анхны зөрлөг ашиглалтад орно

-Шинэ зөрлөгийн бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа байна вэ?
-УБТЗ-аар тээвэрлэж байгаа ачаа тээврийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад тээх, нэвтрүүлэх чадамжийг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг та бүхэн мэднэ. Тийм ч учраас Замын захиргаанаас бодлогын чанартай ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг нь 183 дугаар км-т барьж буй алсын удирдлагатай зөрлөг. Тус зөрлөгийг өнгөрөгч наймдугаар сараас эхлүүлж замын дээд, доод цогц, холбооны хээрийн байгууламжийг бүрэн суурилуулаад байна. Одоогоор, ОХУ -аас ирэх микро процессорын төвлөрүүлэлтийн төхөөрөмжийг хүлээж байна. Ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн. Зөрлөгийг ирэх сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа. 
-Тус зөрлөгийг ашиглалтад оруулснаар нэн тэргүүнд ямар үр дүн гарах вэ?
-Алсын удирдлагатай цувраа парктай шинэ зөрлөгийн ажлыг Замын I анги, Дохиолол холбооны I анги, Зам засварын машинт станцын хамт олон болон хөдөлгөөнчид, зүтгүүрчид хамтран гүйцэтгэж буйг энэ дашрамд дурдах нь зүйтэй болов уу. Зөрлөг ашиглалтад орсноор Зүүнхараа Сүхбаатарын хооронд аялах галт тэрэгний тоо нэмэгдэнэ. Цувраа парктай учир галт тэрэгнүүдийг зогсолтгүй зөрүүлэх боломж бүрдэнэ. Энэ бүхнийг дагаад тээврийн бүтээмж сайжирна гэсэн үг.
-Одоогоор ямар бэлтгэл ажлуудыг хангаж байна вэ?
-Алсын удирдлагатай шинэ зөрлөгийг нээхтэй холбогдуулан Баруунхараа болон хэсэглэлийн өртөө зөрлөгийн жижүүрүүдийг Сайншанд хэсэглэлийн Алтганы гол буюу 31, Агьсүмбэт буюу 36 дугаар зөрлөгүүдийн ажил байдалтай танилцуулах дадлага хийлгэсэн. Ийм төрлийн зөрлөгүүд Замын урд хэсэгт ашиглалтад орж, үйл ажиллагаа нь хэдийнэ жигдэрсэн учраас манай хэсэглэлийн жижүүрүүд шинэ зөрлөгийг удирдан ажиллахад ямар нэгэн хүндрэл гаргахгүй гэж ойлгож болно.

Сэтгэгдэл үлдээх