Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-14

Цахилгаан машины цехийн ажлын бүтээмж өндөр байна

Энэ удаагийн дугаартаа Улаанбаатар татах хэсгийн Цахилгаан машины цехийн ажил үйлчилгээг сурвалжиллаа. Тус цех нь илчит тэрэгний татах цахилгаан хөдөлгүүрийг задалж, шинээр ороож, тусгаарлаж, шингээлтэд хийж, цахилгаан тусгаарлагч будгаар будаж, холхивчны зангилааг сольж засварлах зэрэг ажлыг гүйцэтгээд буцааж угсардаг үүрэгтэйгээр 2019 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй аж. Өмнө нь, дээрх засварыг Цахилгаан явах, Цахилгаан аппарат гэсэн үндсэн хоёр цехэд хийдэг байсан бол 2019 оноос цахилгаан моторуудыг тусад нь бие даасан байдлаар засварлах зорилгоор тухайн цехийг байгуулжээ. Учир нь татах цахилгаан хөдөлгүүр гэмтсэн тохиолдолд ОХУ-аас шинээр худалдаж авах, хувийн компаниар засварлуулах гэсэн хоёр сонголтод өртөг зардал хэт их гарч байсан учраас ийнхүү өөрсдөө бие дааж хийдэг болохыг бодлогын хэмжээнд чухалчилсан хэрэг. Хэдийгээр шинэ бүтцээр ажиллаад удаагүй ч тус цехийн хамт олон УБТЗ-ын хөгжлийн нэгэн түүчээ болох зорилт тавьж, ажлаа эхэлсэн байна. Тухайлбал, тус цехийн хамт олон 2019 онд хөргөлтийн МБ-14 маркийн мотор хоёрыг ороож байсан бол 2020 онд 92, 2021 онд 57 буюу гурван жилийн хугацаанд нийт 151 моторыг засварлажээ. Дээрх засварын ажилд нийт 496 сая гаруй төгрөгийн зардал гаргасан байна. Энэ нь, “Гет женероус” ХХК-аар 626 сая гаруй төгрөгийн өртгөөр гүйцэтгүүлэх зардлыг 157 сая төгрөгөөр багасгасан бодит хэмнэлт юм. Мөн АТ-160 маркийн хоёр моторыг 2020 онд, 2021 онд гурвыг гээд нийт таван моторыг 12 сая 640 мянга гаруй төгрөгөөр засварлаж, “Гет женероус” ХХК-аар гүйцэтгүүлэх төлбөрөөс даруй 32 сая 139 мянга гаруй төгрөгийн бодит хэмнэлт гаргасан байна. 
Тус цех нийт 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн ээлжээр ажилладаг. Дээр дурдсанчлан бодит өндөр үр дүнг бий болгоход голлох үүрэгтэй ажилладаг хүмүүс бол яах аргагүй мотор ороогч нар. Энэ ажлыг цахилгаан мотор ороогч Г.Наранцэцэг, Ө.Дуламсүрэн, Б.Баярзул нарын гурван эмэгтэй гардан гүйцэтгэдэг аж. 
Улаанбаатар татах хэсгийн Цахилгаан машины цехийн мастер Б.Бавуугарьд “Эмэгтэй хүний хүч хүрэхээргүй ажил буюу их биеэс нь салгах, задлах зэрэг ажилд мэдээж эрчүүд оролцоно. Цахилгаан хөдөлгүүрийг бүрэн задалсан тохиолдолд их засвар хийх шаардлагатай. Эд ангиудыг нь нэг бүрчлэн задалж, засаад, уур, даралтад агаараар угаагаад буцааж угсрах ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар тэр хэмжээнд засварлах материаллаг бааз нь манайд бүрдээгүй байна. Цаг хугацааны хувьд ч маш шахуу хуваариар ажиллаж байгаа учраас дор бүр нь засаад цэвэрлэгээнээс эхлээд бүгдийг гар ажиллагаагаар хийж байгаа. Хөдөлгүүрийн их засвартай холбоотой бүх ажиллагааг техникээр гүйцэтгэх нөхцөл мөдхөн бүрдэнэ гэж бид харж байгаа. Товчхондоо өнөөдөр мотор ороож байгаа гурван бүсгүй манай цехийг дараагийн түвшинд аваачих гол хүч юм. Тэд цахилгаан моторыг депогийн нөхцөлд их засварт оруулах үндэс суурь гэж ойлгож болно” хэмээн онцолсон. 

Б.Баярзул: Бид өөрөөс гарах боломжийн дээд хязгаарт хүртэл ажиллахыг зорьдог
Энэ өдрийн ээлжинд (арванхоёрдугаар сарын 09) мотор ороох ажлыг Мотор ороогч, засварчин Б.Баярзул үүрэг гүйцэтгэж байв. Тэрбээр:
-Би энэ цехэд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь, хувийн байгууллагад ажиллаж байгаад төмөр замын  МСҮТ-ийг засварчин мэргэжлээр төгсөж, Улаанбаатар татах хэсэгт орсон. Хамгийн гол нь, ажлын талбарт гарахад дагалдуулж, дадлагажуулсан багш нар маань ихийг зааж, энэ мэргэжилд дурлуулсан гэж боддог. 100 гаруй кг жинтэй моторыг завсарлахад эмэгтэй хүний хувьд амаргүй л дээ. Эхлээд сүр жавхаатай дүрэмт хувцсанд нь татагдана. Тэр дэврүүн хүсэлдээ хөтлөгдөж сургуульд нь орж онолын мэдлэгийг нь эзэмшээд дараа нь ажлын талбарт ирэхдээ хийж байгаа ажилдаа, хамт олондоо улам бүр дасаж улам дурлан ажиллаж байна даа. Бид шаардлагатай тохиолдолд баяр ёслолын өдрийг ч харгалзахгүй ажиллана. Хөл хорионы үед ч хүлээсэн үүргээ тасалдуулахгүйг хичээсэн. 
Энэ онд 2020 оныг бодвол мотор шатах тохиолдол харьцангуй багассан. Ялихгүй алдаанаас үүдэн гарах эрсдэл нь их учраас бид моторыг ороохдоо маш хянуур ажиллах ёстой. Мотороо нэг бүрчлэн задалж, угаасны дараа орооно гээд бүгдийг гар ажиллагаагаар хийдэг. 08.00-20.00 цаг хүртэл ажиллахдаа төдий хэмжээний мотор засна гэсэн тогтсон тоо боддоггүй. Өөрсдийн чадлын дээд хязгаар хэд байна түүнд тултал нь ажиллахыг хичээдэг” хэмээн ярилаа. 

Б.Бавуугарьд: Манай хамт олон зорилгынхоо төлөө тууштай ажилладаг
Тус цехийн мастер Б.Бавуугарьд 2013 онд ОХУ-ын Омск хотын Зам харилцааны их сургуулийг зүтгүүрийн инженер мэргэжлээр төгсөөд Улаанбаатар татах хэсэгт оржээ. Улмаар 2020 оны аравдугаар сараас энэ цехийн мастераар томилогдсон байна. Түүнтэй ажил мэргэжлийнх нь талаар цөөн хором ярилцсан юм.
-Цахилгаан машины цехийн мастераар ажилласан хоёр жилийн хугацаанд юуг олж харав?
-Намайг ажлаа хүлээж авснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд цаг үеийн нөхцөл байдал амаргүй байлаа. Манай хамт олон ажлаа мэддэг, арвин туршлагатай засварчдаас бүрдсэн учраас цар тахлын хүнд үеийг ажрахгүй давсан гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Өнөөдрийн байдлаар, манай засварчид МБ-14, АТ-160, 4АЖ-225 маркийн моторуудыг ороох үйл ажиллагааг Улаанбаатар татах хэсэгт бүрэн нутагшуулсан гэж хэлж болно. Манай засварчид хамгийн их гэмтэл гардаг буюу татах цахилгаан хөдөлгүүрийн якрыг 2022 он гэхэд бүрэн ороодог болох зорилтыг тавьж бэлтгэл ажлыг ханган, судалгааны түвшинд ажиллаж байна.
-Хөдөлгүүрийн гэмтэл чухам юунаас шалтгаалж байна вэ? 
-Жин тонн, замын хэвгий, тахир тойруу ихтэй зэрэг байдлаас шалтгаалж ихэнх гэмтэл гарч байгаа. Бидний хувьд гол тулгамдаж байгаа асуудал нь татах цахилгаан хөдөлгүүрийн гэмтэл. Энэ хөдөлгүүрт сэлбэг материалын хомсдол үүсэж байна. Учир нь бид Украйны Харьков хотоос татах цахилгаан хөдөлгүүрийнхээ шёткийг татан авдаг байсан ч тухайн сэлбэгийн нийлүүлэлт тасарсан. Үүнээс болж өөр компанийн төрөл марк нь таарахгүй шёткийг тавьсны улмаас хүнд гэмтэлд хүргэх нөхцөлүүд бүрдсэн. Түүнчлэн, хэт ачаалал, Монгол орны эрс тэс уур амьсгалын нөлөөлөл зэргээс шалтгаалж цахилгаан хөдөлгүүр шатах тохиолдол гарч байгаа. Мөн дээрээс нь хувь хүнээс шалтгаалах хүчин зүйл буюу засвар үйлчилгээг хангалтгүй чанаргүй хийдэг байдлаас болж татах цахилгаан хөдөлгүүр гэмтдэг. Бидний хувьд хувь хүний алдаа дутагдлаас үүдэлтэй гэмтлийг арилгах зорилгыг өмнөө тавин ажиллаж байгаа. 
-Дээр дурдсанчлан илчит тэрэгний моторт их засвар хийх хүртэл хэр хугацаа шаардагдах вэ?
-Сайншанд татах хэсгийн харьяанд илчит тэргэнд их завсар хийдэг цехийг байгуулах зорилтыг Замын хэмжээнд дэвшүүлж байгаа. Түүний үндсэн суурь нь манай цех. Товчхондоо ажиллаж байгаа хүмүүсийн туршлага дээр үндэслэн тухайн цехийг байгуулах болов уу.
УБТЗ-ын илчит тэрэгний парк шинэчлэгдэх ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байна. Одоо төмөр замын тээвэрт хуучин тэрэгнүүд нь ч ашиглагдсаар байгаа учраас маш олон төрлийн моторыг засах шаардлага манай засварчдын өмнө тулгарсан. Өнөөдрийн байдлаар л гэхэд УБТЗ-д 24 өөр төрлийн илчит тэрэгний мотор бий. Тэгэхээр ийм олон төрлийн моторыг нэг бүрчлэн мэддэг, засдаг чадвартай засварчны бэлтгэнэ гэдэг асар их хугацаа шаардагдана. Тийм ч учраас ойролцоо бүтэцтэй моторуудыг нь нэг хүн хариуцаад бусад төрлийг нь өөр хүмүүс засварлах байдлаар ажиллаж байгаа.
Ийнхүү цомхон бүрэлдэхүүнтэй ч том зорилтыг өмнөө тавьсан хамт олон амжилт бүтээл, ажлын бүтээмжээ ар араас нь баталгаажуулсаар урам зоригтой ажиллаж байна. Хамгийн гол нь, бүгдийг өөрсдийн гараар бүтээж, түүнийхээ төлөө сэтгэл, зүтгэл нэгтэйгээр хөдөлмөрлөж байгаа нь юутай ч зүйрлэшгүй том ололт юм.

Сэтгэгдэл үлдээх