Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-15

Д.Болд: Хяналт шалгалтыг асуудлаа шийдвэрлүүлэх боломж гэж харах хэрэгтэй

-Замын хэмжээнд хэрэгжүүлж байгаа ажлаас яриагаа эхлүүлэх үү?
-УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын алба нь “Санхүүгийн хяналт”, “Тээврийн орлогын хяналт”, “Сахилга ёс зүй, тушаал, шийдвэрийн биелэлт”, “Хяналт шинжилгээ, үнэлгээ” гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт шалгалтын биелэлт 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд, төлөвлөгөөт шалгалт 24, төлөвлөгөөт бус шалгалт гурав, нийт 27 шалгалтыг 24 салбар нэгжид холбогдох удирдамжийн дагуу хийж, шуурхай хурлыг Замын нэгдүгээр орлогч дарга болон чиглэл хариуцсан Замын орлогч дарга нар дээр цаг хугацаанд нь зохион байгууллаа. 2021 оны онцлох ажлын нэг бол төлөвлөгөөт шалгалтад баланстай болон балансгүй бүх алба, хэлтэс, төв, тасгийн үйл ажиллагааг бүрэн хамруулж байгаа явдал юм. Тухайн шалгалтын үр дүнгээр Замын хэмжээний баримт бичгийн боловсруулалт, тайлан, төлөвлөгөө, архивын нэгж бүрдүүлбэл сайжирна гэсэн хүлээлттэй байна.
-Тиймээ, шалгалтын мөрөөр ажил сайжрах, үр дүн нь сахилга хариуцлага нэмэгдэх учиртай гэж харж байна ...
-Оны эхний хагас жилийн байдлаар нийт 1.046.244.500 төгрөгийн 126 зөрчил илрүүлж, үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах чиглэлээр 325 зөвлөмж өгч ажилласан байна. Тухайн үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс гурав дахин буурсан үзүүлэлттэй байгаа. Үүний гол шалтгаан нь манай албанаас санаачлан Замын бодлогын албадтай хамтран ажилласан, мөн салбар нэгжийн санхүүгийн сахилга бат сайжирсантай холбож болно.
-Хяналт шалгалтын дүнгээс харахад, Замын хэмжээний аж ахуйн нэгжүүдэд нийтлэг гарч буй ямар зөрчил байна вэ?
-Нийт зөрчил дутагдлын дийлэнх хувийг цалин хөлсний бодолттой холбоотой зөрчил эзэлж байна. Үүнийг задалж хэлбэл, өндөр насны тэтгэвэр тогтоолгож буй ажилтны тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг илүү, дутуу бодож олгох зөрчил байсаар байна.
-Шалгана гэдэг нэг талдаа ажлын өндөр хариуцлага, ёс зүй гэж хардаг юм. Албаны зүгээс аудиторуудын хувийн зан харьцаа, хандлагад чиглэсэн ямар сургалт, таниулга хийдэг вэ?
-Албаны хувьд дотоод сургалтын төлөвлөгөө боловсруулан батлуулж, холбогдох богино хэмжээний сургалтуудыг авдаг. Үүнд мэдээллийн аюулгүй байдал, сэтгэл зүй, мэргэшүүлэх сургалтууд багтдаг.
-Аудитор хүн бусдаас илүү мэдлэг, боловсролтой байж гэмээнэ салбарынх нь ажил төдий хэмжээнд чанартай байдаг шүү дээ. Аудиторуудаа мэргэшүүлэх, чадавхижуулах чиглэлд ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Санал нэг байна. Манай албаны санхүүгийн аудиторуудын хувьд өнгөрсөн жил Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс аудиторын сургалт авсан байгаа. Тухайн сургалтад хамрагдсан нийт 10 аудитороос холбогдох болзлыг хангасан дөрвөн аудиторт аудиторын эрх олгосон болохыг онцлох нь зүйтэй байх.
-Аудитын шалгалт хийхэд тулгардаг гол бэрхшээл, шийдвэрлэх арга зам нь чухам юу байна вэ?
-Албаны ажилтнуудын хувьд жилийн 150-аас дээш хоног албан томилолтоор шугам замд ажилладаг. Гэхдээ өмнөх шалгалтаар салбар нэгж дээр хийгддэг байсан хоногийг бид багасгасан. Цаашид програм хангамжийн хяналт сайжирснаар илүү богино хугацаанд бусад эрсдлийг илрүүлэх боломж бүрдэнэ.
-Цаасан дээр бичигдсэн дүрэм журам, бодит амьдрал дээр буухдаа төдийлөн нийцэхгүй, зөрчилдөх нь бий. Үүнийг илрүүлэх, алдаа мадгийг нь засах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай албаны хувьд засаж сайжруулах, шинэчлэх шаардлагатай дүрэм, журмыг Замын удирдлагад танилцуулан холбогдох өөрчлөлтүүдийг бодлогын албадаар нь хийлгэх зөвлөмжийг хүргүүлдэг.
-Танай аудиторуудын ажилд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, мэргэжлийн хүрээнээс гадуурх үүрэг даалгавар өгөгдөхгүй байх орчин нөхцөл хангалттай байж чадаж байна уу?
-Замын даргын тушаалаар баталсан дүрэм журмын дагуу ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангасан гэж бодож байна.
-УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын алба Монгол Улсын хэмжээний ижил төстэй албадтай харьцуулбал чадамжийн хувьд хэдэд эрэмбэлэгддэг вэ?
-Бид Үндэсний аудитын газар, Сангийн яам, Хөндлөнгийн аудитын байгууллага, Тэгш эрхт комисс, бусад ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага солилцон, ажилчдынхаа чадамжийг нэмэгдүүлэх бодлого баримталж ирсэн. Үүний үр дүнд төмөр замын дотоод хяналтын үйл ажиллагааны эрэмбэ нэлээд дээгүүр байрлана гэдэгт итгэлтэй байна.
-Харилцан туршлага судлах, гадаад болон дотоодын байгууллагын аудиторуудтай хамтран ажиллах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Харилцан туршлага солилцох ажлын хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуультай 2018 онд хамтран ажилласан. Үүний дагуу Оросын төмөр замын дотоод хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн хуваарилалт, дотоод хяналтын үйл ажиллагааны чиглэлээр сургалт авсан. 2019 онд ОХУ-ын Москва хотноо байрлах Оросын төмөр замын дотоод хяналтын төв байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох албан уулзалтад манай албаны ажилчдыг бүрэн хамруулах шийдвэрийг Замын удирдлагаас гарган, улмаар Оросын төмөр замын удирдлагад уламжилж, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн байсан боловч цар тахлын улмаас түр хугацаанд хойшилсоор байна. 
-Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр албаны хэмжээнд ямар бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Энэ тал дээр албаны удирдлага онцгой анхаарч байгаа. Өнгөрсөн жил Нийслэлийн СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албаны нийт ажилтнууд болон төмөр замын зарим ажилчдад эзэмших зориулалт бүхий 30 айлын газрын гэрчилгээг гаргуулж, холбогдох хүмүүст нь олгосон. Энэ жилийн хувьд манай албаны ахмадууд болон бусад албадын төлөөлөл бүхий хүмүүсийг хамруулсан нэмэлт газрын гэрчилгээний асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна
-Төмөр замын өмчлөлийн газруудыг албан ёсоор гэрчилгээжүүлэх ажил ямар шатандаа явна вэ?
-Энэ ажил үргэлжлээд явж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд гэрчилгээжүүлэх ажил амжилттай хэрэгжиж байгаа. Төмөр замын газрыг хууль бусаар эзэлж авсан асуудлыг бусад албадтай хамтран шийдвэрлэж байгаа.
-Нэгэнт зөвшөөрөл олгосон, барилга байгууламж барьчихсан газруудыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Хууль зүйн албанаас Хууль хяналтын байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар асуудлыг шийдвэрлэж байгаа. Бид холбогдох дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллаж байна.
-Албандаа олон жил ажилласан болон идэвхи санаачилгатай ажилласан аудиторуудыг урамшуулах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай албыг төмөр замчид “Гадас алба “гэж хочилдог. Бидний дунд “Алтан гадас” одонгоор 10, “Цэргийн гавьяаны одон” болон “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус бүр нэг хүн шагнуулсан. Бид үүгээр бахархдаг. Цаашилбал, “Төмөр замчны алдар” тэмдэгтэй дөрөв, Зам, тээврийн яамны шагналтан болон төмөр замын шагналтнууд олон бий.
-Зөвхөн танай албаны чиглэлээс гадна УБТЗ-д өөр олон төрлийн хяналт шалгалтууд байдаг нь зарим талаараа хэвийн ажил үйлчилгээ явуулахад саад болдог. Хүндрэл чирэгдэл ч их гаргадаг гэсэн яриа төмөр замчдын дунд бий. Энэ талаар таны бодол?
-Төмөр замын тээвэр бол маш их хариуцлага, анхаарал болгоомж дор явагддаг ажил. Үүнийг дагаад шат шатны хяналт байх нь зүйн хэрэг. Харин тухайн хяналт шалгалтыг саад гэхээсээ илүү асуудлаа шийдвэрлүүлэх боломж гэж харах хэрэгтэй болов уу. Манай албаны хувьд салбар нэгжид жилдээ нэг удаа төлөвлөгөөт шалгалт хийдэг. Энэ шалгалтаар тухайн салбар нэгж алдаа, дутагдлаа мэдэж авах, цаашид хэрхэн ажиллах боломжийг олгодог гэж боддог.
-Цар тахалтай холбоотойгоор ялангуяа хяналт шалгалтын ажлыг цахимаар хийж хэвшиж байна. Энэ нь бас нэг төрлийн ололт амжилт юм болов уу. Хяналт шалгалтаа цахим хэлбэрт оруулах чиглэлээр ямар санаачилгатай ажиллаж байна вэ?
-2020 оноос тээврийн орлого бүрдүүлэлттэй холбоотой шалгалтыг зайнаас гүйцэтгэж эхэлсэн. Програм хангамжийн хувьд зайнаас хяналт тавиад явах боломж илүү сайжирч байгаа. Санхүү нягтлан бодох бүртгэлийн хувьд аудитын шалгалтыг зайнаас гүйцэтгэх боломжгүй. Яагаад гэвэл санхүүгийн анхан шатны баримт, бүрдэл цаасаар бүрддэгтэй холбоотой юм. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх