Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-15

Н.Отгонбаатар: Цар тахлын хүндхэн цаг үед ч манайхан төлөвлөгөөгөө 102.5 хувиар биелүүлж байна

-Манай хамт олон энэ оны 80 км замын их засвар, томоохон өртөө, зөрлөгийн өргөтгөл, зам сунгалтын ажилд шаардагдах щебенийг үйлдвэрлэн нийлүүлэх зорилтоо амжилттай биелүүлж байна. 
Өнөөгийн байдлаар, 104601 шоометр щебенийг замын их засварын ажилд, дунд засварт 28150 шоометр щебень нийлүүлээд байна. Мөн Үнэгт, Ногоонтолгой, Нартын хошуу, Салхит зэрэг томоохон зөрлөгүүдийн өргөтгөлийн ажилд нийтдээ 108116 шоометр ул шороог нийлүүллээ. Үүнээс гадна Замын даргын тушаалын дагуу бүх Замын ангиуд, ЗЗМС-ыг үерийн бэхэлгээний чулуугаар хангах үүргийг бас хүлээдэг. Үүний дагуу нийтдээ 2760 шоометр үерийн бэхэлгээний чулуу бэлтгэн нийлүүлсэн. 
Түүнчлэн, 10-20 мм, 5-10 мм-ийн дайрга үйлдвэрлэн төмөр замын байгууллагуудад 31126 шоометрийг нийлүүлсэн. Үүнээс 11170 шоометрийг нь Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэрт нийлүүлсэн байна. 
Энэ сарын 13-ны байдлаар, манай хамт олон нийтдээ 274761 шоометр бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, төлөвлөгөөт зорилтоо 102.5 хувиар биелүүлэн ажиллаж байна. Энэ нь, цар тахлын амаргүй цаг үед чамгүй амжилт гэж харж байна. Ийм хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд Тээвэр зохион байгуулалт болон Замын аж ахуйн албаны хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа их байлаа. 
-Цар тахлын үед ямар хүндрэлүүд гарч байна вэ?
-Цар тахалтай холбоотой хөл хорио, ажилчдын өвчлөлөөс үүдсэн ажиллах хүчний хомсдол зэрэг асуудлуудтай оны эхнээс байнга тулгарч байна гэхэд болно.Тухайлбал, манай үйлдвэр 100 ажилтантай. Үүнээс 16 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн. Одоогийн байдлаар, 14 ажилтан нь эдгэрч ажилдаа эргэн орсон, хоёр ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ 16 ажилтан өвчлөхөд давхардсан тоогоор 87 хүн тусгаарлалтад орсон байх жишээтэй. Үүнээс шалтгаалаад хүн хүчний дутагдалд орох хүндрэл гарч байлаа.
Өрөмдлөг, тэсэлгээний ажлыг өөрсдийн хүчээр зохион байгуулж байна. Уулын цул бэлтгэх ажил үйлдвэрлэлээс түрүүлж явах ёстой. 
Өнөөдрийн байдлаар, ууландаа 1000 цооног буюу гурван сарын хэрэглээ болох уулын цулыг бэлтгэх боломжтой байна. Энэ нь, үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, ямар нэгэн байдлаар уулын цулаас шалтгаалсан зогсолт гаргахгүй, нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна гэсэн үг. Мөн манай үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдэж байгаа ч бутлан ангилах шугам болон машин механизмын сэлбэг хэрэгслийн үнийн өсөлт мэдрэгдэж байна. Ялангуяа, бутлуур, өрмийн машины түргэн элэгдэх сэлбэг хэрэгслийн үнэ мэдэгдэхүйц өслөө. Үүнд дэлхийн зах зээл дээр хар төмрийн үнэ өссөн, мөн цар тахлаас шалтгаалан хил гаалиар орж ирж байгаа ачаа тээврийн удаашрал ч нөлөөлж байгаа бололтой. Иймд бид хөдөлмөрийн бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд нөлөөлдөг үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. 
-Ойрын болон хэтийн зорилтоо хэрхэн тодорхойлж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Замын захиргаанаас манай үйлдвэрийн ажлыг дэмжиж хөрөнгө оруулалтаар шинэ орд ашиглалтад оруулснаас гадна, уулын техникийн шинэчлэлт хийсэн. Чулуун завод цаашид өргөжин тэлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломжтой гэж үзэж байгаа. 2019 оноос төмөр замын төслүүдэд бид амжилттай оролцож ирсэн шүү дээ. Үйл ажиллагаагаа өргөжүүлбэл, зах зээл хангалттай бий гэж харж байгаа. 
Тиймээс Замын захиргаанаас Олон-Овоо-2 ордод шинээр бутлан ангилах шугам суурилуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан. Одоогоор бутлан ангилах шугам худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийлүүлэгдэх хугацаагаа хүлээж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээ 20-30 хувиар нэмэгдэх боломж бүрдэнэ. 
Манай хамт олон 2021-2024 оныд Чулуун заводыг хөгжүүлэх талаар судалгааны ажил хийж байгаа. 

Сэтгэгдэл үлдээх