Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-15

Л.Янжмаа: Хүүхдийн өвчлөл харьцангуй бага байна

-Хичээлийн шинэ жилийн хоёр дахь долоо хоног болж байна. Одоогоор танай харьяаны байгууллагуудын үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ?
-УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяанд нийт 27, цэцэрлэг, сурагчийн нэг дотуур байр үйл ажиллагаа явуулдаг. Жилд дээрх цэцэрлэгүүдийн хэмжээнд 4500 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. Энэ хичээлийн жилд 4-5 настай 2510 хүүхэд авна гэж бүртгэсэн. Яг өнөөдрийн байдлаар секторын хэмжээнд гурван цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдээгүй байна. Эдгээр цэцэрлэг бүгд урд шугам замд бий. Тухайлбал, Мааньт өртөөний цэцэрлэгт ковид-19 гарсан шалтгаанаар хүүхэд аваагүй. Багахангайд мөн “улаан бүс” гээд цэцэрлэг нь ажиллахгүй байна. Үлдсэн нэг нь Зүүнбаян өртөөний “Шувуухай” цэцэрлэг мөн өвчлөл ихтэй гэсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа эхлээгүй. Бусад цэцэрлэг хэвийн ажиллаж байна. Ялангуяа, хойд хэсэглэлд өвчлөл харьцангуй буурсан учраас үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Одоогоор ирц 55-60 хувьтай байна. Яагаад гэхээр, эцэг эхчүүд нөхцөл байдлыг ажаад байна. Нөгөөтэйгүүр нэг ангид 20+5 хүүхэд гэсэн зарчмаар хүүхдээ авсан учраас бусад хүүхэд нь хүлээлгийн байдалтай байгаа юм. Есдүгээр сарын 10-ны байдлаар манай 27 цэцэрлэгт нийт 1160 хүүхэд ирсэн. Эцэг эхчүүд хүүхдээ зайнаас хичээллүүлэх сонирхолтой байгаа учраас хүүхдийн ирцэнд нөлөөлөөд байгаа юм. Яг өнөөдрийн байдлаар, 382 хүүхэд зайнаас, ковид бус ердийн өвчлөлтэй 86, чөлөөтэй 428 хүүхэд бүртгэгдсэн. Чөлөөтэй хүүхдүүд ерөнхийдөө эрсдлээс айгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр ирц одоогоор 54.7 хувьтай байна. Сурагчдын дотуур байрны хувьд нийт 180 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ хичээлийн жилд 154 хүүхэд бүртгэсэн. Өнөөдөр 46 хүүхэд байрлаж байгаа.  Тав хоног цахимаар, ес хоногт нь цахимаар хичээллээд байгаа учраас ийм дүнтэй байна. 
-Энэ хичээлийн жилд сургууль, цэцэрлэгүүд амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаас эхлээд зохион байгуулалтын чанартай олон ажил хийж байгаа байх?
-Тиймээ, нийт багш ажилтнуудаас гадна эцэг эхчүүд хамтран, хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчныг дээд зэргээр хамгаалсан нөхцөлд үйл ажиллагаагаа явуулахад онцгой анхаарч байна. Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын хамтарсан түр журам гарсан. Түүний дагуу  Хүүхдийн секторынхээ хэмжээнд халдварын эрсдлийг бууруулах сарын аян зарласан. Цэцэрлэг бүр сарын аяныхаа удирдамж, тандалтын багуудаа гаргаад түүнийхээ дотор 6, 7 чиглэлтэй удирдамжаа гаргаж батлуулаад ажиллаж байгаа. Халдвар хамгааллын дэглэм болон багш, ажилтнуудын ажлын сахилга хариуцлага, сонор сэрэмжийг өндөр түвшинд хангаж, тандалт, хяналт, хөндлөнгийн үнэлгээнүүдийг тогтмол хийж байгаа. Хойд, урд, төвийн бүсэд нийт 17 нэгжид бид өөрсдөө явж ажилласан. Энэ сарын 10-ны байдлаар Хүүхдийн секторын 496 ажилтнаас 462 нь ажлын байрандаа байна. Есдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн өвчлөл харьцангуй бага гарсан.
Тухайн хүүхэд  цэцэрлэгээсээ халдвар аваагүй. Аав нь хөдөө ажиллаад ирэхдээ халдвар тээж ирсэн юм билээ. Тиймээс тухайн ангийн хүүхдүүдийг тусгаарлж, хичээлд аваагүй байна. Үүнийг эс тооцвол хүүхэд өвчлөөгүй. Хөндлөнгөөс ажиглахад хүүхдийн өвчлөл харьцангуй бага байх шиг. Есдүгээр сарын 1-нээс хойш 17 багш ковид-19-өөр өвчилж, тусгаарлалтад орсон. Түр журмын дагуу хэрэв багш өвчилбөл тухайн ангийг нь хаагаад 1, 2 дугаар хавьтагчдыг тодруулж, батлагдсан хүн 14 хоног эмчлүүлээд буцаж ажилд орохдоо шинжилгээ өгөөд сөрөг гарсан тохиолдолд хүүхдүүдээ авч байгаа. 
-Цэцэрлэгүүдэд халдвар хамгааллыг сахиулах чиглэлээр чухам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Бид цэцэрлэгийн насны хүүхдүүдэд анги танхимд нь маск зүүлгэхгүй, цэцэрлэгт гадны нэг ч хүнийг нэвтрүүлэхгүй. Нэг ангид туслах багш, багш хоёроос өөр хүнийг огт оруулахгүй байгаа. Түр журмын дагуу өглөө багш нар нь биечлэн хүүхдүүдээ хүлээн авч байгаа. Гарыг нь угаалгах, хоолойг нь зайлуулахаас эхлээд дэглэмийг маш сайн мөрдөж байгаа учраас өвчлөл бага  байна. Хоёрдугаарт, хүүхдүүдийн гарыг хүчтэй ариутгалын бодисоор ариутгаж болохгүй учраас бүлээн усаар угаах, бие зассан тохиолдол бүрт, унтаж боссоных нь дараа гарыг нь угаалгах. Содтой, лимонтой, царвантай гээд гурван төрлийн усаар хүүхдийн хоолойг зайлуулах гэхчлэн нарийн арга хэмжээг авч ажилладаг. Мөн бүх цэцэрлэгт хүүхдийнхээ биеийн байдалд маш сайн хяналт, ажиглалт хийж байгаа. Сэжигтэй тохиолдол илэрвэл шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авна. Түүнээс гадна энэ жил хоолны мөнгөө нэмсэн учраас хүүхдийн дархлааг дэмжих чиглэлээр аарц, чацаргана, байгалийн зэрлэг жимсний шүүс, сүү сүүн бүтээгдэхүүн сайн өгөх. Тогооч нартайгаа цахим уулзалт хийж, хүүхдүүддээ ямар хоол өгөх тухайд зөвлөлдөх гэхчлэнгээр ажиллаж байгаа. Ер нь, УБТЗ-ын захиргаа төмөр замчдынхаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжихэд чиглэсэн санал санаачилгыг маш сайн дэмжиж, цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээ, багш ажилтнуудын цалин хөлс гээд маш өндөр зардлыг гар таталгүй гаргадаг. Тиймээс “Төмөр замчны хүүхэд бүр инээд баясалтай, багш ажилтнууд урам зоригтой ажиллах” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ онцгой цаг үед багш, ажилтнууд, тогооч нар гээд мэргэжил бүрээр нь цахим уулзалт зохион байгуулж, хүндрэл бэрхшээлийг нь сонсож байна. 

Сэтгэгдэл үлдээх