Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-12

Амьдралын замд

-Хорьхон настай энэ эмнэлгийн хаалгаар алхаж байлаа. Тэр үед намайг сайхан эгч нар тосон авч, их зүйлийг зааж сургасан. Ахмад үеийнхэн “хүнд юм сургасан” гэж чин сэтгэлээсээ хичээдэг хүмүүс байлаа. Тэд хамгийн гол нь, намайг энэ ажил мэргэжилд үнэхээр дурлуулсан. Тийм ч учраас өнгөрсөн он жилүүдэд би энэ л тасагтаа энэ хэдэн аппарат төхөөрөмж дундаа цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг анзаарсангүй явж дээ. Миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн ачтнууд тасгийн эрхлэгч П.Мангалсүрэн, зүүний эмч Д.Бямбажав, бариа заслын сувилагч н.Жаргалсайхан, бага эмч Ж.Даваа, Д.Мягмар, н.Мөнхбаяр, сувилагч н.Төмөрбаатар нар маань. Цаг хугацаа хурдан юм. Хүний амьдралын 34 жил гэдэг урт юм шиг хэрнээ хурдан өнгөрдөг юм байна” хэмээн өгүүлсэн эрхэм бол Төв эмнэлгийн физик эмчилгээний сувилагч Раднаажавын Ариунаа. Түүний аав Ю.Раднаажав гуай төмөр замын Ажилчны хэрэгцээ хангах албаны дарга, ээж С.Баасанжав 51 дүгээр дунд сургуулийн багш байж. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Отгон охин нь Р.Ариунаа. Хоёр эгч, ах нь бүгд өөрсдийн ажил мэргэжлээрээ бусад салбарт сонгоцгоож, харин Р.Ариунаа удам залгасан төмөр замчдын эрүүл энхийн манаанд зүтгэж явна. Оюутан байхдаа Төв эмнэлгийн Хүүхдийн тасагт дадлага хийж, төгсөхдөө төмөр замын эмнэлэгт ажиллана гэж саналаа өгч, төгсөөд н.Үүрцайх гэж ангийн охинтойгоо хамт ирж байжээ.
-Би нэг удаа ажил мэргэжлээ солих санаатай Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг худалдааны нягтлан бодох мэргэжлээр сурч, 1999 онд төгссөн. Тэр үед аав минь “Нас ахьсан үед эзэмшсэн мэргэжил гарт ордоггүй юм даа. Миний охин өөрөө хүсэж байгаа бол дураараа л болохгүй юу даа” гэж билээ. Үнэхээр ч аавын минь үг үнэн байсан. Энэ ажилд минь надаас гадна гэрийнхэн маань хүртэл их дуртай, дэмждэг байсан шүү. Тийм болохоор ажил мэргэжлээ сольж үнэхээр төвдээгүй ээ... Ер нь, миний амьдрал ажил-гэр гэсэн маршрутаар явдаг юм даа. Үүндээ ч дасаж дээ. Төмөр зам гэдэг их айл. Миний бага байхын л төмөр замчдынхаа нийгмийн бүхий л асуудлыг дотооддоо шийдчихдэг буянтай байгууллага. Тийм ч учраас бидэнд ийш тийш яваад байх шаардлага гардаггүй юм байна. Харин тэтгэвэрт гарахаараа эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар тойрно гэсэн төлөвлөгөө гаргачихсан байгаа. Хань Б.Лувсандэндэв маань Төв засварын үйлдвэрт ажиллаж байгаад жилийн өмнө гавьяаны амралтаа авсан. Намайг тэтгэвэрт гарахаар хамтдаа аялна л гээд байгаа” хэмээн инээв.
Мөн “Аав ээж минь намайг анх ажил амьдралын гараанд хөл тавихад “Ажлаа л сайн хийгээрэй. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ л хийх хэрэгтэй” гэж захьдаг байлаа. Энэ бол миний амьдралдаа баримталдаг зарчим. Эмчлүүлж байгаа хүн өдөр өдрөөр бие нь сайжраад байвал тэндээс би урам авдаг. Хэрэв олигтой өөрчлөлт өгөхгүй өвчин зовиур нь хэвээр бол эмчийн бичсэн эмчилгээ дууссан гээд орхиж чаддаггүй. Эмч дээрээ дагуулаад л орно. “Эмчээ энэ хүний эмчилгээг солих уу? Нэг л үр дүн муутай байна” гэнэ. Цахилгаан эмчилгээг олон хоног үргэлжлүүлж болдоггүй, хэд хоног завсарлаад дахиад эхлүүлдэг. Хийсэн эмчилгээний үр дүн гарсан үед л сэтгэл амардаг. 
Олон жил ажилласан болохоор намайг танихгүй хүн ховор. Харин би бүгдийг нь танихгүй шүү дээ. Нэг удаа Эрдэнэтэд амралтаар явж байтал танихгүй охин бөөн дуу шуу болж ирээд л дотночиллоо. Би ч дотроо хүн андуурч байна. Надад Эрдэнэтэд таних хүн байхгүй гэж бодсон шиг зогсож байтал “Танаар эмчлүүлээд бие минь их сайхан болсон шүү. Танд баярлалаа” гэхэд нь их баярласан” гэв.
Үнэхээр Р.Ариунаа эгчид талархаж явдаг хүн олон юм билээ. Хамгийн ойрын жишээ дурдахад манай нэг сэтгүүлч нуруу нь өвдөөд физик эмчилгээ хийлгэх болж л дээ. Бичүүлсэн эмчилгээ нь дуусаагүй байтал амралтын өдрүүдээр яалт ч үгүй завсарлах болоход Р.Ариунаа эгч “Чиний эмчилгээг тасалмааргүй байна. Эмчилгээ завсарлачихвал үр дүн нь буурчихна. Амралтын өдрүүдэд эгч нь ирээд шараад өгье” гэсэн гэдэг. Сэтгүүлч маань энэ тухай бидэнд бахархан яриад “Өнөө цагт нэг хүний төлөө амралтын өдрүүдээ зарцуулахад бэлэн байгаа сэтгэл нь үнэхээр сайхан” хэмээн ярьж байсан нь санаанд тодхон үлджээ. Энэ мэтээр олон хүний сэтгэл зүрхэнд хүрсэн эмчилгээ үйлчилгээ нь эргээд түүний энгэрт гялалзах гавьяа шагнал болон буусан. Төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Б.Мөнхмэнд “Манай Р.Ариунаа ажилдаа сэтгэлээ зориулдаг хүн. Хамт олондоо ч үлгэр дуурайлал болдог олон сайхан зан чанартай. Олон ч залууст мэддэг чаддаг бүхнээ зааж сургасан, манай туршлагатай ахмад ажилтан. Шударга, ил цагаан үгтэй. Тиймээс Р.Ариунаатай хамтарч ажиллахад энэ зан чанар нь их амар байдаг” гэж товчхон дүгнэв.
Р.Ариунаа эгч хоёр хүүхэдтэй. “Хүүхдүүдээ дунд сургууль төгсөхөд нь удам залгасан төмөр замчин болгох санаатай “Төмөр зам шиг сайхан байгууллага хаана байна...” гэж ирээд л ухуулах ажил хийгээд бараагүй” гээд инээв. Гэхдээ ямар ч хүн өөрийн хүссэн дуртай ажлаа хийх шиг сайхан зүйл хаана байх вэ. Тиймээс хүүхдүүдийнхээ сонголтыг өөрсдөд нь үлдээсэн гэв. Мөн айлын отгон охины хувьд ээжийгээ асарч тойлж яваа юм билээ. “Ээж минь ная гарсан сайхан буурай бий. Ээжтэйгээ хамт өтөлж яваа азтай хүн шүү, би. Тэтгэвэрт гарахаараа гэр бүлийнхнээ сэтгэлдээ хүртэл бөөцийлье гэж бодогдоод байгаа. Гэрийнхнийхээ өглөөний цайг бэлтгээд ажилд нь үдэж өгмөөр... Бид чинь ажил эрт эхэлдэг болохоор бараг түрүүлээд гараад гүйчихдэг. Энэ мэт бодож санаж яваа ажил байнаа, байна” гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх