Ган зам сонин

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-22

Д.Энхтуяа: тэвчээртэй байж, амжилтыг өөрөө бүтээх хэрэгтэй

-Төрийн эрхэм хүндтэй өндөр шагнал хүртсэнд баяр хүргэе. Гавьяатын тэмдгийг Ерөнхийлөгч энгэрт тань зүүж өгөх мөчид хамгийн түрүүнд юу бодогдов? 
-Төмөр замын боловсон хүчнийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсний илэрхийлэл, боловсрол шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр маань гавьяат багш цол болж энгэрт минь буулаа гэж бодож зогссон. Оюун ухаанаа дайчлан, цаашид ихийг бүтээх эрмэлзлэлийг маань улам нэмлээ. Шагнал гардан авч байх үед юуны өмнө тэнгэрт байгаа аав, ээж, ажил амжилтын үндэс болсон гэр бүл, хамт олон, найз нөхдөдөө талархах сэтгэл эрхгүй төрсөн. Энэ дашрамд баярт үйл явдлыг маань хуваалцаж буй нийт төмөр замчдадаа “Ган зам” сониноороо дамжуулан мэндчилж, сайн сайхныг хүсье.
-Хүний бага насны дурсамж хэзээ ч хуучирдаггүй, үргэлж шинэ байдаг гэдэг дээ?
-Би чинь Тэрхийн голын хөвөөнд өссөн охин шүү дээ. Архангай аймгийн Хангай сумын Тэрх хэмээх газар төрсөн. Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн сайхан нутаг даа. Тэрхийн голын усанд шумбаж, мөсөн дээр нь тэшүүрээр гулгаж, чулуугаар нь тоглож өссөн. Сургуулийн дүрэмт хувцас өмсөөд, өөртөө томдсон цүнх үүрээд сургуулийн хүрэн дүнзэн байшин руу аавынхаа гараас хөтлөөд алхаж явсан минь сэтгэлд тодхон үлджээ. Хангай суманд наймдугаар ангиа төгсөж, зэргэлдээх суманд Хоргын дунд сургуульд аравдугаар ангиа алтан медальтай төгсөж, ээжийнхээ хийж өгсөн дээлээрээ гоёод хөөрч явсан тэр өдрүүд сэтгэлд үнэхээр сайхан санагддаг. 
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ? 
-Миний аав Я.Дүгэрсүрэн Хангай сумын дарга болон төрийн албанд 40-өөд жил ажилласан. Аав маань анхны АИХ-ын депутатаар сонгогдон улсынхаа шинэ Үндсэн хуулийг батлалцаж, төрийн түүхэнд Хангайчуудынхаа нэрийг мөнхөлсөн. Ээж минь Ц.Дагиймаа гэж туйлын хөдөлмөрч, тэгш сайхан монгол эмэгтэйн нандин чанар шингээсэн хүн байлаа. Архангай аймгийн “Ардын зориг нэгдэл”, БХЯ, Соёлын яамны харьяа Хувьсгалын музейд 35 жил хөдөлмөрлөсөн. Би ээж, аавынхаа халамж дотно энэрэл, хайрласан ухаанаар нь шат дараалсан боловсрол эзэмшсэн. Аав ээжийнхээ үйлсийг уламжлан өртөөлж, Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ. Тэнгэрт байгаа ээж, аав минь охиноороо бахархсан байх аа. Би эцэг эхээсээ хоёулаа. Миний дүү Д.Мөнхтуяа ХСҮТ-д Хүний нөөц хөгжлийн албаны даргаар ажилладаг. Бусдыг чин сэтгэлээсээ ойлгож дэмждэг, ховор сайхан сэтгэл, ухааныг шингээсэн дүүгээрээ бахархдаг. Дүү маань саяхан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан. 
-Та хөндлөнгийн хүний нүд, сэтгэлээр өөрийгөө дүгнэ гэвэл хэрхэн тодорхойлох вэ? 
-Хэцүү асуулт байна. Хөндлөнгийн хүний нүд, сэтгэлээр өөрийгөө дүгнэж байсангүй. Өөрийгөө тэгж нэг харж үзэх юмсан. ТЗДС-ийн хамт олон минь намайг магтдаг л юм. Ямартай ч, эрдэмтэн судлаач гэж хэлэх байх. Миний шавь, одоо манай сургуульд ажиллаж байгаа залуу багш надаас “Та ер нь уурлаж үзсэн үү, уурлаж байхыг нь ер хараагүй юм байна” гэж билээ. Амьдралдаа уурлаж үзээгүй хүн гэж юу байх вэ. Уурлах үедээ уурлаж, хүний амьдралын хамгийн том гуниг болох үүдэн хоймрын зайд худал ярих, үхэх төрөхийн хооронд зусарч байх, атаархлын улмаас хүнд муу зүйл хийх, хүн чанаргүй байх, хэлсэн үгэндээ хүрэхгүй, хуурах, шударга бус зүйлд л уурладаг. Би нээлттэй биш, жаахан зөрүүд хүн шүү дээ. Хүн ер нь, нэг амьдрах хорвоод ихийг бүтээж, бусдыг хайрлаж, дэмжихийн оронд муу муухай юманд автаж амьдарч болохгүй. Өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийж харснаар өөрийгөө илүү таньж мэдэх юм даа.
-Багш хэмээх энэ мэргэжлийг та яагаад сонгосон юм бол? 
-Аав маань “Багшийн, тэр дундаа химийн мэргэжил сайхан шүү” гэж хэлснээр би МУИС-ийн химийн ангийг сонгосон юм. Багшийн мэргэжил дэлхий дахинд хамгийн эрэлттэй, хүндтэй байдаг шүү дээ. Би 1979 онд төгсөж, Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд нэг жил ажиллаад, 1980 оноос Техник мэргэжлийн дунд сургууль 
/ТМДС/-д химийн багшаар ажиллах томилолт авсан. Хичээлийн конспектоо шинэ дэвшилтэт материалаар байнга баяжуулах, шалгалтын тестээ шинэчлэн боловсруулах, шинэ арга эрэлхийлэх, гарын авлага, хөтөлбөр боловсруулах гээд ажил ихтэй. Химийн багаж тоног төхөөрөмж, томъёон дундаа л өдөржин эргэлдэнэ дээ. 08.00-20.00 цаг хүртэл хичээл ордог байсныг бодоход өдрийн 12 ажилладаг байж. Амралтын өдрүүдэд ч бүрэн амарч чадахгүй үе зөндөө байсан. Судалгааны ажил бол цаг наргүй, хоногийн 24 цагийг сунгадаг ч болоосой гэж боддог байлаа. Одоо эргэж бодоход би Төмөр замын ТМДС, Сургалтын төв, ТЗК, ТЗДС, Тээврийн дээд сургууль болж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт тасралтгүй ажилласан юм байна. Сургуулийн маань үе үеийн захирал Д.Будхүү, Г.Пүрэв, Ч.Гүнсэн, Ц.Доржсүрэн, Б.Сэрвүүд, П.Нямсүрэн, Ж.Пүрэвсүрэн нар ажлыг удирдах гарамгай чадвартай хүмүүс. Эдгээр захирлын үед манай хамт олны ажил хөдөлмөр буцалж, амжилт бүтээл нь оргилсон жилүүд байлаа. Багш хүн бол нийгмийн хөгжлөөс ямагт түрүүлэх, байнга эрэл хайгуул хийж, бүтээлчээр ажиллах ёстой. 
-Та сургуульдаа эрдэм шинжилгээ, судалгааны олон багийг ахалсан байх аа?
-Сургуулийн хэмжээнд эрдэм судлалын ажлыг эхлүүлж эрдмийн зөвлөлийг 1993 онд байгуулж, 1994 онд онол практикийн бага хурлыг анх удаа зохиож, багш нарын эрдэмжилтийн ажилд шинэ дэвшил гарсан. Уг бага хуралд миний бие “Шүдэн уулын давс, түүний судалгаа”, физикийн багш Байгалмаа хичээлийн стандартын талаар илтгэл тавьж байсан санагдана. Энэ үеэс эхлэн багш оюутны бага хурал тогтмол зохиогдон уламжлал болж хэвшсэн юм. 1994 онд Суурь боловсролын тэнхмийг Байгалийн ухааны тэнхим нэртэй болгож эрхлэгчээр нь намайг томилсон. Шинжлэх ухааны докторын хувьд сургуулийнхаа судалгаа шинжилгээний ажилд дэвшил гаргах, багш нараа эрдэмжүүлэх, сургуулийн инновацийг хөгжүүлэх ажилд оролцох даалгавар авсан. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөө, сургуулийнхаа хөгжил дэвшлийн төлөө үнэн сэтгэлээ өгч, боломжийн хэмжээнд ажилласан. Сургуулийн “Судалгаа” сэтгүүл гарч, бүх дугаарыг нь эмхэтгэн редакторлаж байлаа. Багш, оюутны эрдэм шинжилгээний бүхий л хурлыг удирдан явуулж, судалгаа шинжилгээний асуудлыг шүүн хэлэлцэж, эрдмийн ажилд нь арга зүйн зөвлөгөө өгч, эрдэм шинжилгээний хурлын материалыг хянан тохиолдуулж, хурлын эмхэтгэл хэлбэрээр хэвлүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байлаа. 2014 онд инновацийн зөвлөл байгуулах тухай Б.Сэрвүүд захирлын тушаал гарч зөвлөлийн даргаар намайг томилж, тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа болон инновацийг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан ажиллахыг үүрэг болгосон. Энэ чиглэлээр технологи дамжуулалт, оюуны өмчийн талаар олон шинэлэг ажил хийж, гадаад, дотоодын докторантурт суралцагчдын тоог нэмэгдүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх судалгааны ажлыг өргөжүүлсэн. Миний бие Зам, тээврийн сайдын тушаалаар ЗТЯ-ны салбар шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглан эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр технологийн төрөл хэлбэрийг бий болгоход чиглүүлэх, инновацийн чадавхийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, 2015-2020 онд 3ам, тээврийн салбарт инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулалцсан. Түүнчлэн, Ж.Пүрэвсүрэн захирал залуу эрдэмтэн багш нараар хамт олны хүрээг тэлсэнд баяртай байдаг. Цааш сургуулийн эрдэм шинжилгээний ажил улам өндөр төвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 2016 онд П.Нямсүрэн захирлын тушаалаар магистрын хөтөлбөрийн дэд хороог байгуулж даргаар нь намайг баталж, багц хөтөлбөрийг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагын дагуу боловсруулах үүрэг өгсөн. Сургуулийн магистрын сургалтын журам боловсруулж магистрын хөтөлбөрийн агуулга, тавигдах шаардлагыг тодорхойллоо. Мөн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм боловсруулж магисрантурт гурван мэргэжлээр элсэлт авч төгсөлтөө хийсэн. Энэ нь, сургуулийн эрдэм шинжилгээ сургалтын бодлого, технологид хийсэн шинэ эргэлт болсон. Эдгээр ажлыг үе үеийн захирлынхаа үүрэг даалгавраар, багш хамт олныхоо хүчээр хийж үр дүнд хүрсэндээ бахархдаг.
-Оюутан цагийнхаа сайхан дурсамжаас манай уншигчидтай хуваалцвал?
-Оюутан цаг хамгийн сайхан үе. МУИС-ийн дугуй байр, Химийн ангийн 23 оюутны эрдмийн ширээ, лабораторийн өрөө, сайхан нөхөрлөл, хайр, хүндлэлийг дурсах сайхан. Энэ нөхөрлөл бэхжиж, олон сайхан дурсамж бүтээж байгааг би найзуудаасаа одоо ч олж хардаг. Юуг ч сурч болох оюутан цагтаа эзэмшсэн мэргэжил маань бидэнд насан туршийн өмч болж, сайхан амьдарч байна. 
-Төмөр замын байгууллагад таны эрдэм шинжилгээ судалгааны ажлаас биелэлээ олсон олон ажил байдаг уу?
-Олон бий. Эрдмийн ажлынхаа явцад шинжлэх ухаанд цаашид хэзээ ч мөрдөгдөж байх үр дүнд хүрсэндээ, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж анхны рашааныг сургуульдаа хүртээсэн нь миний нэрийг сургуультай минь, төмөр замтай давхар мөнхжүүлсэнд сэтгэл ханамжтай байдаг. Тиймээс төмөр замынхаа хөгжилд тустай бүхнийг хийх үйлсэд нас бие минь хүрч, оюун ухаан маань хүчтэй байгаа цагт бүх бололцоогоо дайчлах болно. Багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил хийнэ гэдэг амаргүй. Судалгаа бол бүтээлч ажил тул багшлах үйл ажиллагаа шиг хэсэгчлэн авч үзэхэд бэрхшээлтэй. Эмэгтэй хүн илүү том зорилготой байдаг шиг билээ. Их сургуулиа төгсөөд Эрдэм шинжилгээний хүрээлэнд нэг жил ажилласан болохоор их эрдмийн ажлын зах зухаас мэдэрч, судалгааны ажлыг орхигдуулж чадалгүй, багшийн ажлаа ч хослуулан хийх хүсэл эрмэлзлэлтэй болсон. Би 1999 онд боловсролын докторын, 2007 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнийгээ хичээл зүтгэлийг минь дэмжиж, тэтгэж ирсэн сургуулийнхаа ач, төмөр замын буян гэж боддог. Цаг мөч бүрийг ашиглан биеэ бүрэн дайчилж, хатуужилтай байж, бага унтаж, их ажилласан даа. Монгол Улсын гавьяат багш гэсэн эрхэм цолыг хүртэхэд, шинжлэх ухааны докторын ажил, эрдмийн ажлыг гүйцэтгэхэд бүх талын бололцоо олгон дэмжиж тусалсан үе үеийн УБТЗ-ын дарга, албадын удирдлагууд, ТЗДС-ийн захирлууддаа оюун ухааныг тэтгэн дээдэлж байдагт баярлаж явдгаа хэлье. Замын даргын намрын нэгэн үзлэгээр “Усны хатуулгаас шалтгаалж уурын зуухны тогоо амархан цоорох зэрэг хүндрэлүүд гардаг” гэж шугам замынхан ярьж, “Энхтуяа багшийн эрдэм шинжилгээний ажлыг нэвтрүүлбэл усны хатуулгаас шалтгаалах олон бэрхшээлээс салах болно” гэж “Ган зам” сонинд бичсэн байсан. Тэгээд “Төмөр замын аж ахуйд хэрэглэгдэх усыг байгалийн цеолит ашиглан зөөлрүүлэх технологи”, “Ундны усыг мөнгөжүүлэх технологи” сэдвээр ШУА-ийн харьяа ХХТХ, МУИС-ийн шинэ материалын хими технологийн төв, УБТЗ-ын удирдах газар, Тээврийн дээд сургууль, Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн байгаль ашиглалтын эрдэм шинжилгээний хүрээлэн, Буриадын их сургууль хооронд хамтран ажиллах гэрээ байгууллагдаж, судалгаа маань төгсгөлийн шатанд явж байгаа. Мөн “Нанотехнологийн бүтээгдэхүүн хэрэглэж төмөр замын далан суурь хөрсийг бэхжүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах” судалгааны ажлыг гүйцэтгэж байна. 
-Та химийн шинжлэх ухааныхаа салбарт тодорхой хэмжээний шинэ нээлт цөөнгүй хийсэн байх. Ер нь, эзэмшсэн мэргэжлийн чинь онцлог юу вэ? 
-Миний хувьд нэг сэдэвт зохиол, сурах бичиг гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүллүүд, эрдэм шинжилгээний хялбарчилсан өгүүлэл, мэргэжлийн болон сурганы сэдвээр заавар зөвлөмж, аргачлал, эрдэм шинжилгээний тайлан бүтээл зэрэг 400 орчим бүтээл туурвиснаас эрдэм шинжилгээний өгүүлэл 285-ыг бичиж хэвлэн нийтлүүлжээ. Бакалавр, магистр, докторын цөөнгүй ажил удирдаж хамгаалуулсан. Одоо шинжлэх ухааны нэг докторын ажил удирдан зөвлөж байна. Шинэ бүтээл 12-ыг гаргаж “Монгол Улсын шилдэг зохион бүтээгч” цол тэмдгээр шагнуулсандаа баяртай явдаг. Найман шинэ технологи боловсруулсны дөрөв нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон. Мөн улсын суурь судалгааны ажлын санал дэвшүүлэн ШУА-ийн бага чуулганаар хэлэлцүүлж, ШУА-ийн Хими-технологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран сэдвийн удирдагчаар ажиллан хэрэгжүүлж, тайланг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн санд шилжүүлсэн. Энэ нь, идэвхжүүлсэн өндөр чанарын бордоог Монгол орныхоо эрдсийн нөөцийн түүхий эд дээр тулгуурлан үйлдвэрлэх бага оврын үйлдвэрийн техник эдийн засгийн тооцоог бордооны үйлдвэр байгуулагдах үед ашиглаж болох үндэслэлтэй боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгох зорилт тавьсан нь дээрх суурь судалгааны ажлын дүнд хэрэгжсэн юм. Химийн мэргэжлийн онцлог бол байгалийн түүхий эдийг хүний хэрэгцээт хэдэн зуун, цаашлаад мянга мянган бүтээгдэхүүн болгон хувиргадаг, материалын бүтцийг бий болгодог мэргэжил гэж хэлж болно. Дэлхий ертөнцийг өөрчлөгч, манай орны үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч болох химийн мэргэжил нь хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтад дээгүүрт орж байна. 
-Эрдэмтэд ер нь зүгээр суудаггүй юм шиг санагддаг. Үргэлж л уншиж, судалж, шинжилж байдаг. Одоогоор эрдэм шинжилгээний ямар бүтээл дээр ажиллаж байна даа 
-Одоогоор МУИС-ийн Шинэ материалын хими технологийн төвийн хамтарсан судалгаан дээр М-500, М-600 маркийн өндөр чанарын цементийг гарган авах шинэ технологи боловсруулах эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж байна. Судалгааны дүнг МУИС-ийн эрдэмтэн судлаач Эрдэнэбатын хамтаар 2020 онд ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж үнэлэлт авсан. Судалгааны дараагийн шатыг төлөвлөөд байна. 
-Химийн салбарт олон жил ажилласан, судалгаа шинжилгээ хийсэн хүмүүсийн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг. Энэ талаар? 
-Химийн судалгаа шинжилгээг хийдэг хүмүүс химийн бодисыг өдөр тутам хэрэглэж, хор аюулыг нь амсдаг. Дэлхийд арван сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний арван мянга гаруй нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, одоогийн байдлаар 200 гаруй нь хорт хавдар үүсгэдэг болох нь батлагдсан. Түүнээс гадна элэг, бөөр гэмтээх, амьсгалын замыг хордуулах аюултай. Харин сургуулийн Химийн лабораторийн хичээлд хортой болон ууршимтгай бодисыг хэрэглэхийг зөвшөөрдөггүй тул суралцагсад санаа зовох зүйлгүй. Тухайлбал, азотын хүчлийг хичээлд хэрэглэхгүй, ууршдаггүй хүхрийн хүчлийг хэрэглэдэг. Гэтэл судлаачид азотын хүчлийг ашиглаж шинжилгээгээ явуулахаас өөр аргагүй болдог. Миний хувьд азотын хүчил болон бусад хор нөлөөтэй бодистой 1996 оноос хойш ажилласан болохоор эрүүл мэндэд маань багагүй нөлөөлсөн. Химийн бодистой ажиллахдаа техникийн аюулгүйн дүрмийг баримталж эрүүл мэнддээ аль болох халгүй ашиглахыг хичээж байна. 
-Дэлхий дахинд аюул болоод буй энэ цар тахлын талаар та эрдэмтэн хүнийхээ хувьд юу гэж дүгнэж байгаа вэ? 
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засаг, эрүүл мэнд туйлдаж, хэцүүхэн өдрүүд үргэлжилж байна. Коронавирусийн шинэ хувилбарууд бүртгэгдэж хурдтай тархаж буйд сэтгэл эмзэглэх юм. Цаашид ч шинэ вирусийн хувилбарууд бий болох магадлалтай. Шинэ хувилбарын халдварлах чадвар болон вакцинд тэсвэртэй эсэхийг одоо хараахан тогтоогоогүй байгаа. Герман улс цар тахлын эрсдлийг дэлхий даяар бууруулахад хүчин зүтгэж НҮБ-ын бага хурал шийдэмгий арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм билээ. Манай оронд ч гэсэн цар тахлын үед туйлдсан эдийн засгаа яаж сэргээх талаар үр дүнтэй хурал зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал хиймээр санагддаг. Өвчин зовлон, үхэл зэрэг мундахгүй асуудлыг үүсгэж буй хүнд үед хүн бүр халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж хариуцлагатай байгаарай гэж уриалж байна. Гэхдээ хэт хоосон айдаст битгий автаасай. Улс орны олон үйл ажиллагаа, ажил төрлүүд цуцлагдаж, цоо шинэ нөхцөлд ажиллаж амьдрах шаардлага тулгарсныг бид харж байна. Хоёр жил танхимаар хичээллэж чадаагүй. Энэ хичээлийн жилд өнгөрсөн хугацаанд алдсан боломжуудаа нөхөх шаардлага үүслээ. Ирээдүй нь тодорхойгүй дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед багш нарын сурах, сургах үйл ажиллагаанд өөрчлөлт авчирч, цахим сургалтын хэлбэр хэрэгцээ нэмэгдэж, технологийн шинэчлэл эрчимтэй нэвтэрч багш бүхэн тасралтгүй хөгжих шаардлагатай боллоо. 
-Таны цахим хуудсыг харахад нэлээд аялдаг юм шиг санагдсан. Хамгийн сүүлд гадны аль улсаар болон дотоодын ямар газраар аялав? 
-2019 оны хамгийн мартагдашгүй дурсамж бол Европын орнуудаар аялсан аялал байлаа. Ажлаасаа чөлөө авч охиныхоо эрүүл мэндийг хянуулангаа Франц, Герман, Швейцарь, Бельги, Итали, Австри, Нидерланд, Голланд, Чех, Австри, Турк, Скандиновын орон Швед, Финлянд зэрэг орноор явсан. Европын олон түүхэн дурсгалт байгууламж, сүм хийд, гайхалтай бүтээлүүдийг үзсэн. Аяллынхаа эхний өдрөөс л аялал бол сонирхолтой, ямар гайхалтай шинэ мэдрэмжийг өгдөг юм бэ гэж гайхширч явлаа. Хамгийн сүүлд эх орныхоо үзэсгэлэнт сайхан нутаг Булган, Хөвсгөл, Өвөрхангайгаар аялсан. 
-Та залуучуудад хандаж юу гэж зөвлөх вэ? 
-Хамгийн том баялаг бол эрдэм ухаан. Эрдэм боловсролд шамдаж өөрийгөө байнга хөгжүүлж яваарай. Шантралгүй тэмүүлэлтэй байгаарай гэж хэлье. Залуус та нарын үйл бүхэн амьдралын тань зорилгод чиглэх учиртай. Ажлаа төлөвлөж юуг, яаж хийхээ нарийн тодорхойлж мөрдөж бай. Амжилтад хүрэхийн тулд хүнд хэцүүг даван туулдаг юм. Тэсвэр тэвчээртэй байж, гоё өдрийг хүлээлгүй өөрөө бүтээх хэрэгтэй. Магадгүй утсаа оролдож үр ашигтай цагийнхаа 50 хувийг алдаж байгаа ч юм бил үү. Цагийн зүүтэй уралдан урагшлаарай. Залуус маань эрдэм боловсролтой байхын зэрэгцээ сэтгэлийн их хүчтэй, хүн чанартай, ёс зүйтэй байхыг эрхэмлэж явахыг зөвлөе. Бид эзэмшиж амжаагүй байхад мэдлэг нь хоцордог эрин зуунд амьдарч байна. Ирээдүйг чинь та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөр л шийднэ гэдгийг чухалчлан хэлье дээ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа, танд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсье!

Сэтгэгдэл үлдээх