Шинэ мэдээ

blog image

УБТЗ-ын төв эмнэлгийг Л.Шаравдорж агсны нэрэмжит болгов

Ялалтын баярын өдөр УБТЗ-ын Төв эмнэлгийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор тус эмнэлгийн анхны монгол дарга, хүний гавъяат эмч, ахмад дайчин Лувсангийн Шаравдорж агсны нэрэмжит болгох ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд замын удирдлага, төмөр замчдын төлөөлөл, тус эмнэлгийн эмч, ажилтнууд, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл болон Л.Шаравдорж агсны үр хүүхэд төрөл төрөгсөд оролцлоо.

Л.Шаравдарж нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гурван ч дайнд оролцож явсан бөгөөд 1956 онд Замын даргын тушаалаар Төмөр замын эмнэлгийн ариун цэврийн албаны анхны монгол орлогч дарга, анхны монгол эмчээр томилогдож хувь заяагаа төмөр замтай холбон, зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн эрүүлийг хамгаалахын ажлыг удирдан зохион байгуулахад өөрийн авъяас, мэдлэг оюунаа зориулсан гавьяатай хүн юм.

УБТЗ-ын төв эмнэлэг болон шугам замын эмнэлэг, салбарууд, хүүхдийн байгууллагыг үндэснийхээ мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, эмнэлэг цэцэрлэгүүдийн материаллаг баазыг бэхжүүлэхэд хүч чармайлт тавьж, Төмөр замын эмнэлэг ариун цэврийн алба, цэцэрлэг ясли, ариун цэврийн станц, улаан загалмайн хороо, ахмадын хороо, “Баян буурал” амралт зэрэг олон байгууллагын тулгын чулууг тавилцаж, төмөр замчдын эрүүл мэндийн төлөө хүч хөдөлмөрөө гарган ажиллаж байжээ.

Өдгөө түүний үр хүүхдүүд нь эцгийнхээ ажил мэргэжлийг өвлөн авч, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваагийн дотор Монгол Улсын хүний гавьяат эмч, мэдрэлийн мэс заслын нэртэй эмч Ш.Болд, УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, замын 2 удаагийн аварга болж байсан Ш.Оюунгэрэл, Ш.Оюунбилэг нарыг бахархан дурдаж болох юм.

Сэтгэгдэл үлдээх