Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-10-07

Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн нээлт болов

Энэ сарын 1-нээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хамт олон уламжлалт “Найрамдлын сар”-ын ажлыг эхлүүлээд байна. Эл өдөр Зорчигч үйлчилгээний төв буудлын арын “Найрамдал” хөшөөг сэргээн засварлаж, хоёр орны төрийн далбааг хөшөөний хоёр талд шинэчлэн байрлуулснаар найрамдлын сарын ажил эхэллээ..

     Монгол-Оросын найрамдлын сарыг 1952 оноос анх зохион байгуулж ирсэн бол 2010 оноос хоёр орны “Найрамдлын өдрүүд” нэртэйгээр зохион байгуулах болжээ. Өнөөдөр УБТЗ хоёр орны хамтарсан цорын ганц байгууллага болж үлдсэн учраас энэхүү найрамдлын өдрүүдийн  арга хэмжээ нь УБТЗ-ыг түшиглэж зохион байгуулагдах болсон юм Сүүлийн жилүүдэд УБТЗ тээврийн бүх үзүүлэлтээр дээд амжилт тогтоож, Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Энэ ололт амжилтууд нь монгол, оросын мэргэжилтнүүдийн хамтын ажлын үр дүн юм.

       Ирэх жил Монгол улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиох юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд ирэх жил тохиох түүхт ой угтсан их ажил энэ өдрөөс эхэлж байгааг найрамдлын өдрүүдийн нээлтийн үеэр УБТЗ-ын удирдлагууд хэлж байлаа.

 

Сэтгэгдэл үлдээх