Шинэ мэдээ

blog image

Улаанбаатар өртөөг Б.Баярмагнай агсны нэрэмжит болгов

Ялалтын баярын өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Улаанбаатар өртөө”-г тус өртөөний даргаар тасралтгүй 20 жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Батхүүгийн Баярмагнай агсны нэрэмжит болгох ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Замын удирдлага, тус өртөөний төмөр замчид болон Б.Баярмагнай агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.

“Улаанбаатар” өртөөг Б.Баярмагнай агсны нэрэмжит болгосон нь УБТЗ-ын томоохон тулгуур өртөөг анх удаа ахмад төмөр замчны алдар нэрээр овоглосон тэмдэглэлт үйл явдал болж байгаа юм.Ахмадуудынхаа алдар гавьяаг хүндэтгэн дурсгалыг мөнхжүүлэх нь бидний эрхэм үүрэг, нэр төрийн хэрэг юм.

Б.Баярмагнай агсан нь ажил амьдралынхаа 47 жилийг төмөр замтай холбосноос “Улаанбаатар” өртөөний даргаар тасралтгүй 20 жил ажилласан УБТЗ-ын шилдэг удирдагчдын нэг байсан бөгөөд түүнийг “Улаанбаатар” өртөөний даргаар ажиллах хугацаанд тус өртөө хоёр удаа социалист хөдөлмөрийн уралдаанд тэргүүлж байжээ. Түүний санаачилсан 10 шахам оновчтой санал, бүтээлч ажил нь төмөр замын технологийг боловсронгуй болгох, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхэд үр ашгаа өгсөн байна.

УБТЗ-ын төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэгтэй “Улаанбаатар” өртөөний хамт олон энэ эрхэм хүндтэй хүний алдар нэрийг өндөрт өргөн авч явна гэдэгт итгэж байна. Ахмад үе маань биднийг үргэлж шинэ амжилт өөд уриалан дуудаж байдгийг санаж явах учиртай” гэж ёслолын ажиллагааны үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл үлдээх