Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-07-31

МЭНДЧИЛГЭЭ

        “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн бахархам түүхийг бүтээсэн ахмад үе, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжлан авч яваа төмөр замчид Та бүхэндээ төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Манай төмөр замчид эдгээр түүхт ой, тэмдэглэлт өдрийг жил бүр хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж, ёслол төгөлдөр тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ.

         Энэ жил цаг үеийн байдлаас шалтгаалан улс орны эдийн засаг амаргүй хүнд байсан хэдий ч манай төмөр замчид төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын төлөө чармайн ажилласны хүчинд чамгүй амжилт гаргаж чадлаа.

          Манай төмөр замчид  2020 оны эхний долоон сарын урьдчилсан байдлаар  16,9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 8,5 хувиар илүү байна. Тэр дундаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тээвэр 22,3 хувиар, импортын тээвэр 0,1 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 3,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Манай улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо энэ оны эхний долоон сарын байдлаар 1174-д хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 392 галт тэргээр илүү байна.

       Мөн бидний нэн тэргүүний зорилт болсон техник, технологийн шинэчлэл хийх ажилдаа ч багагүй ахиц дэвшил гаргалаа. Галт тэрэгний хөдөлгөөнийг радио хориглолын орчин үеийн цоо шинэ аргаар удирдах СЕРДП-Е системийг нэвтрүүлж жигдрүүлэх ажил хийгдэж байна. Мөн мэргэжлийн баярынхаа өмнөхөн манай төмөр замчид Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн 3 дах шатны ажил болох “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр”-ийг ашиглалтад хүлээн авлаа. Тэрчлэн зүтгүүрийн паркаа орчин үеийн өндөр хүчин чадалтай зүтгүүрүүдээр шинэчиллээ. Суурь бүтцээ хүчжүүлж сайжруулах замын их засварын ажил ч амжилттай хийгдэж байна. Эдгээр шинэчлэл нь бүхэлдээ манай тээх, нэвтрүүлэн өнгөрүүлэх  хүчин чадлыг өсгөхөд тодорхой үр ашгаа өгөх болно.

          Энэ онд манай төмөр замчдын улс орны томоохон бүтээн байгуулалтад оролцох оролцоо ч улам бүр өслөө. Төмөр замын томоохон бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барих ажилд УБТЗ идэвхтэй оролцож, эхний 50 километр замын дээд бүтцийг богино хугацаанд хийж гүйцэтгээд байна.

       УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж байдаг бөгөөд энэ жил Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 8-р байрт шалгаруулсан явдал нь манай хамт олны урам зоригийг улам бадрааж байна.

       Монгол Улсын хамгийн том ажил олгогч “Улаанбаатар төмөр зам” ХНН 16 мянга шахам ажилтнуудынхаа нийгмийн асуудал, амьдралын түвшинг сайжруулахад онцгой анхаарч ажилладаг билээ. Төмөр замчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлж, амьдралын баталгааг нь хангах үүднээс замын захиргаа нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг ирэх 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

       Эрхэм хүндэт төмөр замчид аа     

        Бид бүхэн хамтын хүчээр хүнд сорилт шалгалтыг давж, чамгүй амжилтаар мэргэжлийн баяраа угтаж байна. Гэсэн ч цар тахлын болон үер усны аюул ойрхон хэвээр байгааг анхаарч, сонор сэрэмжээ улам өндөржүүлж, байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахыг цаг үе бидэнд анхааруулж байна. Мөн “Технологийн шинэчлэлт, эзэмшилт, ажилтан бүрийн хариуцлага” оны дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх ажилдаа дүгнэлт хийж, шамдан ажиллах шаардлагатай байна. Дэлхий ертөнц тэр чигтээ ухаалаг технологийн эрин зуунд хөл тавин орж байгаа цаг үеэс бид хоцрох ёсгүй. Түүнчлэн хүн бүрийн хичээл зүтгэл, чанд хатуу сахилга бат, ажлын хариуцлага амжилтын үндэс гэдгийг алхам тутамдаа санаж ажиллах нь туйлаас чухал юм.

        Энэ оны үлдэж байгаа сүүлийн хагас жилд манай төмөр замчид олсон ололтоо бататгаж, дэвшүүлсэн зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

        Яруу алдарт төмөр замчид аа.

        Та бүхэнд төмөр замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       Төмөр замчдын яруу алдар мандан бадартугай.

 

                                УБТЗ-ЫН ДАРГА       Д.ЖИГЖИДНЯМАА

 

Сэтгэгдэл үлдээх