Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-12-31

МЭНДЧИЛГЭЭ

 МЭНДЧИЛГЭЭ

        Монгол Улсын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн бахархам түүхийг бүтээлцсэн эрхэм хүндэт үе үеийн төмөр замчид Та бүхэндээ айлчлан ирж байгаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, шинэ ондоо амжилт, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

       2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиосон нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны сонгодог жишээ, бэлэг тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьд чухал тэмдэглэлт жил байлаа. Энэхүү түүхт ойн жил “УБТЗ” ХНН-ийн өмнө тулгамдаад байсан хуримтлагдсан асуудлууд болох МОНП-1, МОНП-2 өрийн үлдэгдэл, тарифын бодлогын асуудал зэргийг Монгол Улс, ОХУ-ын төр, засгийн түвшинд хэлэлцэж шийдсэн нь тус нийгэмлэгийн тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд ойрын хугацаанд “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулахаар тохиролцов.

          Улиран өнгөрч байгаа 2021 онд манай улсад халдварт цар тахал нүүрлэсэн амаргүй хүнд жил байсан ч УБТЗ-ын хамт олон улс орны хэрэгцээт ачааг тасалдалгүй шуурхай тээвэрлэж, тээврийн салбарын хүчирхэг зүтгүүр байж, Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирлээ.

         УБТЗ-ын хамт олон 2021 онд  31 сая тонн ачаа тээвэрлэж дахин шинэ дээд амжилт тогтоолоо. Мөн Монгол Улсын нутгаар дамжин Ази-Европ, Хятад-Оросын хооронд тэгш болон сондгой чиглэлд аялсан чингэлгийн галт тэрэгний тоо 2020 онд 2312 байсан бол 2021 онд 2500 болж өслөө.

          Ийнхүү эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд “УБТЗ” ХНН тээх,нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлээр олон бүтээлч ажлыг хийж гүйцэтгэлээ.

      2021 онд гол замдаа 80,7 километр их засварын шинэчлэлт хийж, 6 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж, алсын удирдлагатай  1 зөрлөг шинээр  байгуулав. Мөн замын их засварын ажлын хүрээнд Толгойт-Амгалан хоорондын 17 км замыг, Замын-Үүдээс улсын хил хүртэлх 3,3 км замыг шинэчлэх ажлыг хийв. Үүний үр дүнд УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал өсч, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, галт тэрэгний хурд нэмэгдэх, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байна. Эдгээр ажлаас гадна холбоо дохиоллын найдвартай, шуурхай  байдлыг хангахын тулд 103 км урт шилэн кабелийг суурилууллаа. Хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлтийн хүрээнд ачааны 4, сэлгээний 5 зүтгүүр шинээр авч тээх хүчин чадлаа нэмэгдүүлэв.

       УБТЗ-ын хамт олон Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад урьдын адил идэвхтэй оролцож, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 139,6 км шинэ төмөр замыг барьж, 21 төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэлээ.

      “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нийгмийн хариуцлага улам бүр өсч, цар тахлын үед тээврийн салбарын хүндийг дангаараа шахуу нуруун дээрээ үүрч , улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд чухал хувь нэмрээ оруулав. Үүний тодорхой жишээ бол шатахууны импортын нийлүүлэлт зогссон үед замын захиргаа хөрш орнуудынхаа төмөр замд хүсэлт тавьж, шатахууны импортын тээвэрлэлтийг богино хугацаанд шуурхай зохион байгуулж чадсан явдал юм.

       Цар тахлын улмаас тээврийн салбарын дийлэнх ачаалал “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нуруун дээр ирсэн үед төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Замын захиргаа шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж авч хэрэгжүүлж ирэв. Энэ ажлын хүрээнд Ковид-19 цар тахлын халдвар болоод бусад өвчнийг илрүүлэх Молекул-биологийн лаборатори болон Ковид-19-ийг эмчлэх тасгийг УБТЗ-ын Төв эмнэлгийн дэргэд шинээр байгуулж ажиллуулав. Тэрчлэн нийт ажилтнуудаа Ковид-19-ийн эсрэг вакцинд яаралтай хамруулж, энэ зорилгоор шугам замд эмнэлгийн тусгай галт тэрэг аялууллаа. “УБТЗ” ХНН-ийн хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, гар ариутгагч, халуун хэмжих төхөөрөмж худалдан авах, ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах, хөдлөх бүрэлдэхүүн, объектод халдваргүйжүүлэлт хийх зэрэг Ковид-19 эсрэг тэмцэхэд нийтдээ 17 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ.

        Хэдийгээр цар тахал дэгдсэн санхүүгийн хүнд жил байсан ч “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагаа умарталгүй Дархан Уул аймгийн ЗДТГ-тай хамтран тус аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн төмөр зам-сургалтын төвийг байгуулсан нь хүүхдийн төлөө хийсэн томоохон бүтээн байгуулалт боллоо. Мөн өөрийн нийгмийн салбараа бэхжүүлэхэд анхаарч “Хараацай” цэцэрлэгийн барилгыг өргөтгөн, Төмөр замчдын соёлын ордны барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэв.

       Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндөр үнэлж  2021 онд УБТЗ-ын бүтээлч хамт олны дундаас 9 хүнийг “Гавъяат тээвэрчин” цолоор, олон арван хүнийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн амжилтыг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ өндөр үнэлж,  Монголын ТОП-100 аж ахуйн 6-р байранд шалгаруулсан нь УБТЗ-ын хамт олны урам зориг, эрч хүчийг улам бадраасан үйл явдал болов.

         Ийнхүү  УБТЗ-ын хамт олон 2022 оноо урам зориг, эрч хүч дүүрэн угтаж байна.

         Ган зам зурайж, галт тэрэг хурдан байх болтугай.

         Төмөр замчдын яруу алдар бадартугай.

           “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга  Х.ХЭРЛЭН 

Сэтгэгдэл үлдээх