Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-06-30

Улсын онцгой комиссоос орон сууцны "Батламж" гардан авлаа

Дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж буй цар тахлын эсрэг өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон онцгой нөхцөлд идэвх зүтгэлтэй ажилласан зарим алба хаагчдын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны "Батламж"  гардуулах ёслол өчигдөр (2020.06.29.) Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нийт эмч, ажилтнуудын төлөөлөл болгож 20 хүнд "Батламж" гардуулсан юм. Тэдний дунд Төмөр замын Төв эмнэлгийн Амбулаторийн бага эмч С.Мөнхчимэг, Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний үйлчлэгч С.Оюунбилэг нар багтлаа.

            Төмөр замын Төв эмнэлэгийн Амбулторын бага эмч С.Мөнхчимэг энэ үеэр "Би Төмөр замын төв эмнэлэгт 2017 оноос эхлэн ажиллаж байна. Ковид 19 вирусийн хөл хорио тогтоосноос хойш буюу хоёрдугаар сараас эхлэн 200 гаруй цагийг галт тэргэнд үзлэг тандалт хийн ажилласан. Энэ хугацаанд 10 мянга гаруй хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн. Манай гэр бүлийн хүн бас хамт ажилладаг. Залуу гэр бүлийн хувьд орон сууц гэдэг хамгийн гол тулгамдсан асуудал байдаг. Энэ ч утгаараа орон сууцны "Батламж" гардан авсандаа туйлын баяртай байна. Энэ дашрамд, Төмөр замын Төв эмнэлгийн удирдлагууд, ажлын хамт олондоо талархал байгаагаа илэрхийлье” гэв. Мөн энэ үеэр түүний хань М.Дармаабазар "Би төмөр замын төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн сувилагчаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Цар тахлын онцгой дэглэм тогтоосноос хойш манай эмнэлгийн хамт олон бүгд ээлжит хуваарийн дагуу зорчигчийн вагонд тандалт хийж өндөр эрсдэлтэй нөхцөлд, ачаалалтай ажиллаж байгаа. Манай гэр бүлийн хувьд хоёул нэг байгууллагад ажилладаг болохоор хоногоор явах шаардлага тулгарна. Тэр хугацаанд нь ар гэрийнхээ асуудлыг зохицуулахаас эхлээд хүндрэл бэрхшээл бий л дээ. Гэхдээ бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нар. Нөгөөтэйгүүр залуу хүмүүсийн хувьд эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, байгууллагадаа чин сэтгэлээ зориулах ёстой гэж боддог. "Хөдөлмөр хүнийг бүтээнэ" гэдэг шүү дээ. Би ханьтайгаа гэр бүл болсноос хойш түрээсийн орон сууцанд амьдарч байсан. Энэ ч утгаараа түрээсийн орон сууцанд шууд орох "Батламж"-ыг гардан авсандаа сэтгэл өндөр байна" хэмээн ярилаа. Мөн энэ үеэр тус эмнэлгийн дарга С.Еркегүл "Манай хамт олноос нэгэн залуу гэр бүлийн нийгмийн асуудал шийдэгдэж байгаад сэтгэл хангалуун байна. Залуу боловсон хүчний хувьд эрхэлсэн ажилдаа тууштай, нягт нямбай ханддаг чадварлаг ажилтнууд учраас ирээдүйд нь оруулж буй том хөрөнгө оруулалт гэж ойлгож байна" гэв.         

                                                                                                                                                     “Ган зам” сонины сэтгүүлч Б.Дэлгэрхишиг

Сэтгэгдэл үлдээх