Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2021-01-07

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2020 оны онцлох бүтээлч ажлууд

 Дэлхий дахинд цар тахал нүүрлэсэн 2020 онд УБТЗ тээврийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах үүргээ нэр төртэй биелүүллээ.

      Халдварт цар тахлын тархалтын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах шуурхай арга хэмжээг авч, шаргуу ажилласны үр дүнд төлөвлөгөөт зорилтоо биелүүлж түүхэн дээд амжилтыг дахин тогтоолоо. 2020 онд 30,0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноосоо 6,6 хувиар илүү байна. Импортоор 3,0 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 104,6 хувиар биелүүлсэн нь өмнөх оноосоо 2,9 хувиар, экспортоор 11,7 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн нь өмнөх оноосоо 4,3 хувиар, орон нутгаар 11,0 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 103,3 хувь, транзитаар 4,3 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 100,4 хувь биелүүлсэн нь өмнөх оноосоо 9,8 хувиар илүү байна. Монгол Улсын нутгаар дамжин Ази-Европ, Хятад-Оросын хооронд тэгш болон сондгой чиглэлд аялсан чингэлгийн галт тэрэг  2312 хүрсэн нь өмнөх оноосоо 858 галт тэргээр илүү байна.  

        УБТЗ нь Орос, Казахстаны өндөр хүчин чадалтай коридоруудтай өрсөлдөн нийт дамжин өнгөрсөн чингэлгийн 20 гаруй хувийг тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 60 гаруй хувиар өссөн бөгөөд хамгийн өндөр өсөлттэй коридороор тооцогдож байна. Энэхүү амжилт нь УБТЗ бүс нутаг, олон улсын тээвэр, логистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болж Хятад-Европыг холбосон хуурай замын коридорууд дотроо хүчтэй өрсөлдөгч болсныг нь баталсан юм.

            УБТЗ гол замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Сумангийн зоо-Замын Үүд-2 хоорондын 68 километр замд их засвар    хийж, Замын Үүд-2, Дархан-1, Чулуут, Баян, Рашаант өртөөг өртгөтгөн хүлээн авах, боловсруулах  хүчин чадлыг нэмлээ. Мөн улсын хэмжээнд томоохонд тооцогддог 183,55 га талбайтай, 19 сая тонн чулууны нөөцтэй Олон-Овоо-2 ордыг ашиглаж эхэлсэн нь замын аж ахуйн үйлдвэрлэлийн баазыг өргөтгөх томоохон алхам болов.

        Мөн Зүүнхараагийн вагон засварын депог шинэчлэх төслийн хүрээнд “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн үйлдвэр”-ийг  ашиглалтад оруулж, бүх төрлийн вагоны дугуйг эх орондоо угсарч засч эхэллээ. Тус үйлдвэр нь жилдээ 1500  хос дугуй угсарч, гадагшаа урсгаж байсан валютын урсгалыг зогсоох боломжтой боллоо.

      Хөдлөх бүрэлдэхүүний  парк  шинэчлэх ажлын хүрээнд өндөр хүчин чадалтай гол замын 10, сэлгээний 5 шинэ зүтгүүрийг худалдан авсан нь өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн найдвартай, тасалдалгүй байдлыг хангах нөхцөлийг нэмэгдүүлсэн юм.

       Цар тахлын улмаас олон байгууллага, аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгож байгаа ч УБТЗ нийт ажилчдынхаа ажлын байрыг хадгалж үлдсэн төдийгүй үндсэн цалинг нь 10 хувиар нэмж нийгмийн хариуцлагатай байгууллага, хамт олон болохоо харууллаа. Төмөр замчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын чиглэлээр чамгүй их ажлыг хийж гүйцэтгэлээ. Бэлэндалай зөрлөг, Мааньт өртөөнд 24 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж, шугам замд ажилладаг төмөр замчдын олон арван сууцыг засварлан тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг сайжрууллаа.

     УБТЗ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урьдын адил томоохон үүрэг гүйцэтгэн Зүүнбаян-Тавантолгойн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, ганцхан жилийн дотор 100 гаран километр төмөр зам тавьж, төмөр замын түүхэнд тод мөрөө үлдээлээ.

    Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бодит хувь нэмрээ оруулж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төмөр замыг барьж ашиглалтанд хүлээлгэн өглөө.

    Коронавируст халдварт цар тахлын улмаас тээврийн бусад харилцаа зогсоход хүрсэн үед эм, тариа, хүнс зэрэг нэн шаардлагатай ачаа барааг төмөр замаар тээвэрлэх ажлыг шуурхай гүйцэтгэж, хүндрэлийг даван туулахад чухал хувь нэмэр оруулж байна.

     Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, УБТЗ-ын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж сүүлийн 3 жил дараалан Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулсан бөгөөд 2019 онд амжилтаа ахиулж ТОП 8-д багтлаа.    

       УБТЗ-ын бүтээлч хамт олон бахдам амжилтаар шинэ оноо угтаж байгаа нь  16 мянган  төмөр замчдын нөр их хөдөлмөр зүтгэл юм.

Сэтгэгдэл үлдээх