Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-09-09

Транзит чингэлгийн галт тэрэгний тоо 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтээс давж гарлаа

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн сүүлийн жилүүдэд гаргасан үсрэнгүй амжилтуудын нэг бол Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тээврийн хэмжээг эрс нэмэгдүүлж чадсан явдал юм. Манай улс Ази-Европыг холбосон хамгийн дөт коридороор тооцогддог давуу байдлаа ашиглаж, эдгээр тив, улсуудын хооронд аялж байгаа чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийн урсгалыг өөрийн нутаг руу татахад онцгой анхаарч байгаа билээ.

БНХАУ нь Европын холбоо болон ОХУ-тай хийх худалдааны хэмжээгээ эрс нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бараа эргэлтийг хурдасгахад ихээхэн анхаарч байгаа юм. Далайн тээвэр нь төмөр замаас 2-3 дахин их хугацаа зарцуулдаг учир БНХАУ нь  Ази-Европыг холбосон төмөр замын тээврийн коридоруудыг хөгжүүлж, Хятад-Орос, Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийн урсгалыг нэмэгдүүдэхэд онцгой анхааран ажиллаж байгаа нь УБТЗ-д ихээхэн боломж нээж өгсөн юм.Энэ боломжийг ашиглахын тулд Ази-Европыг холбосон бусад коридорууд тухайлбал Казахстан, Манжуурын тээврийн коридоруудтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлэх шаардлага УБТЗ-ын өмнө тулгарсан юм.

Ингэхийн тулд УБТЗ өөрийн тээврийн коридорын давуу талыг гадны ачаа илгээгч, хүлээн авагч нарт сурталчлан таниулж, техник, технологийн болон зохион байгуулалтын олон арга хэмжээнүүд эрчимтэй авч хэрэгжүүлжээ. Тухайлбал сүүлийн гурван жил дараалан “Транзит Монгол” форумыг өөрийн оронд болон хөрш хоёр улсынхаа нийслэлд зохион байгуулснаас гадна УБТЗ-ын өртөө зөрлөгүүдийн замыг уртасгах,  шинэ зам тавих, шинэ зүтгүүрүүд худалдаж авах, шилжүүлэн ачих шинэ терминалыг түрээслэн ашиглах, шинэ кальмар худалдан авах зэрэг техник, технологийн шинэчлэлт хийжээ. Мөн тарифийн уян хатан бодлого баримталж холбогдох шаардлагыг хангасан замналын галт тэргэнд тээврийн хөлсний хөнгөлөлт үзүүлж  ирсэн байна.

Ийнхүү УБТЗ үүссэн нөхцөл байдлыг зөв үнэлж, шаардлагатай зохион байгуулалт хийж шуурхай ажилласны үр дүнд Монгол улсаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоог хурдацтайгаар нэмэгдүүлж чадсан байна.

 Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоон үзүүлэлт:

Он

Европ болон ОХУ-аас БНХАУ руу

БНХАУ-аас Европ  болон ОХУ руу

Нийт дамжин өнгөрсөн галт тэрэг

2015

23

50

73

2016

65

102

167

2017

239

300

539

2018

355

500

855

2019

749

705

1454

2020-09-06

818

672

1490

 

Дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргээр тээвэрлэгдсэн чингэлгүүдийг 20 футийн чингэлэгт шилжүүлж үзэхэд энэ оны эхний 7 сарын байдлаар 122.8 мянган чингэлэг буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.1 мянган чингэлгийг илүү тээвэрлээд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад Европ болон ОХУ-аас БНХАУ руу 27.8 мянган чингэлэг, БНХАУ-аас Европын улсууд болон ОХУ руу 13.3 мянган чингэлгээр тус тус нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.

          Ийнхүү Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа ачааг түргэн хугацаанд сааталгүй хүргэх технологит ажиллагаа сайжирч, ачаа илгээгч, хүлээн авагч нарт таатай нөхцөл үүссэнтэй холбоотойгоор БНХАУ-аас тээврийн шинэ маршрутууд орж ирж байна. Тодруулбал,  БНХАУ-аас Беларусь, Унгар, Финлянд, Польш, Латви, Герман, Итали, Голланд, Украин зэрэг улсууд руу аялж эхэлж байгаагаас гадна ОХУ-ын Москва, Калининград, Екатеринбург, Новосибирск зэрэг мужууд руу аялах шинэ маршрутууд ч нэмэгдсээр байна. Мөн БНХАУ руу Бельги, Герман, Польш, Беларусь улсуудаас галт тэрэгнүүд шинээр аялж байгаа бол ОХУ-ын Краснадор, Тобольск, Москва хотуудаас шинэ маршрутууд аялах боллоо. Ийнхүү манай улсын нутгаар ачаагаа тээвэрлэх ашиг сонирхол улам бүр нэмэгдэж байгаа нь дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоо цаашдаа улам өсөхийг харуулж байна. Энэ оны эцэст Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоо өнгөрсөн жилээсээ өсч 2000 давах нь нэгэнт тодорхой болоод байна. Төмөр замаар дамжин өнгөрөх чингэлгийн тээвэр нь зардал багатай, өндөр ашигтай байдгаараа давуу талтай бөгөөд манай улсын эдийн засагт тодорхой үр ашгаа өгч байдгаараа ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл үлдээх