Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-08-25

Залуучуудын өдрийг тохиолдуулан замын дарга мэндчилгээ дэвшүүлэв.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа /2020.08.25./ Монгол Улсад залуучуудын байгууллага  үүсч хөгжсөний 99 жилийн ой, Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан УБТЗ-ын ХЗЭ-ийн ахмад ажилтнууд болон Залуучуудын төв байгууллагын идэвхтэн сонгуультан, залуучуудад мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ: “Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд УБТЗ-ын залуучуудын байгууллага асар их хувь нэмэр оруулсан бөгөөд УБТЗ-ын ХЗЭ-ийн байгууллага нь бүтээлч санал санаачилга, ажил үйлсээрээ улс орон даяар үлгэр дууриал болж, монголын залуучуудыг амжилт ололт өөд уриалан дуудаж, манлайлж ирсэн бахархам түүхтэй, мөнхөд дуурсах гавьяатай юм. Энэхүү бахархам түүхийг өнөөдөр УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага нэр төртэй залгамжлан авч явахын төлөө хичээн зүтгэж байна.

       Өнөөдөр УБТЗ-ын нийт ажилтнуудын 50 шахам хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа нь тус нийгэмлэгийн өмнөө тавьсан зорилтыг ханган биелүүлэхэд залуучуудын оролцоо, идэвх зүтгэл чухал болохыг илтгэн харуулж байгаа бөгөөд тэдний хүчийг нэгтгэж, бодлогоор зангидаж, идэвх зүтгэлийг нь өрнүүлэхэд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн нь төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн залуучууд хамтдаа хөгжиж, бие биенээсээ суралцах, нэг нэгэндээ үлгэр дууриал болох, нэгэн цул хамт олон болон хамтран ажиллахын давуутайг харуулахыг зорин ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

       Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд төмөр замын тээврийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, тээврийн хэмжээ тасралтгүй өсч байгаа үед УБТЗ-ын өмнөө тавьсан зорилтыг биелүүлэхэд залуучуудын байгууллагын үүрэг хариуцлага чухал тул бодлого, үйл ажиллагаагаа улам бүр чиглүүлэн ажиллана гэдэгт итгэж байна.” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх