Шинэ мэдээ

blog image

Монгол Улсын шилдэг топ-100 аж ахуйн нэгээр шалгарлаа

Монгол Улсын шилдэг топ-100 аж ахуйн нэгээр шалгарсан “УБТЗ” ХНН-ийн шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад гардуулж баяр хүргэлээ. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд УБТЗ-ын оролцоо, хувь нэмэр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг төр, засаг өндрөөр үнэлж байдгийн илрэл нь сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр "УБТЗ" ХНН-ийг шалгаруулсан явдал юм. Ингэхдээ ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад УБТЗ-ын эзлэх байр суурь улам бүр урагшилсаар байна. “УБТЗ” ХНН 2017 онд 14-р байрт, 2018 онд 10-р байрт шалгарсан бол 2019 онд 8-р байранд жагслаа.

УБТЗ бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч аж ахуйн нэгж бөгөөд тус нийгэмлэг нь 16 мянга орчим хүнийг ажлын байраар хангаж байдаг юм. Монгол Улсын эдийн засаг өсөхийн хирээр УБТЗ-ын экспорт, импорт, орон нутгийн тээврийн хэмжээ өдөр бүр өсөн нэмэгдэж өнгөрсөн жил тус нийгэмлэг 28,1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь хүчин чадлаасаа давсан их ажил хийж гүйцэтгэсэн үзүүлэлт байв. Тэрчлэн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний хэмжээ урд хожид байгаагүй их хэмжээтэй нэмэгдэж зөвхөн 2019 онд гэхэд л 1454 чингэлгийн галт тэрэг Ази-Европын хооронд манай улсын нутгаар дамжин өнгөрчээ. Мөн “УБТЗ” ХНН-ийн Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад оролцох оролцоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. 2019 онд УБТЗ-ын хамт олон нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж байгуулснаас гадна өнгөрсөн жилээс эхлэн Зүүнбаян-Таван толгойн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байна.

Өнгөрсөн жил түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэсэн УБТЗ-ын хамт олон Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн явдал нь УБТЗ-ын үүрэг, ач холбогдлыг товойлгон харуулсан билээ. Монгол Улсын хөгжлийн ирээдүйг тодорхойлдог төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ-ын хамт олон онцгой чухал үүрэгтэйг манай төмөр замчид нотлон харуулсаар байна.

Сэтгэгдэл үлдээх