Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2020-07-10

МЭНДЧИЛГЭЭ

Монгол түмний бахархал болсон Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг яруу алдарт төмөр замчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

          Манай төмөр замчид монголын ард түмний бахархал болсон эдгээр түүхт ой, тэмдэглэлт өдрийг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж байгааг онцлон хэлэхэд таатай байна. Энэ жил дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал гарч улс орны эдийн засаг амаргүй хүнд байсан хэдий ч манай төмөр замчид цар тахалтай тэмцэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын төлөө чармайн ажилласны хүчинд чамгүй амжилт гаргаж чадлаа.

         Дэлхий нийтийг хамарч олон зуун мянган хүний аминд хүрч, улс орнуудын эдийн засгийг хямрааж байгаа ковид-19 цар тахал нь манай төмөр замчдын хувьд томоохон сорилт шалгалт боллоо. Манай төмөр замчид энэхүү аюулыг өндөр сахилга бат, зохион байгуулалттай давж, ямарч бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөхгүй гэдгээ харуулж чадсан явдалд төмөр замчид та нараараа бахархаж байна.

        Цар тахлын улмаас манай зорчигч тээврийн төлөвлөгөө тасарч бид ихээхэн алдагдал хүлээсэн ч манай зорчигч тээврийн хамт олон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнзгий ухамсарлаж, сайн биелүүлж ирлээ. Тус хамт олон нь зорчигчдоор хорио цээрийн дэглэмийг сайтар сахиулж, гадаадад байгаа иргэдээ татан авчирч, ард иргэдээ цар тахлын аюулаас аврахад чухал үүрэг гүйцэтгэлээ.

        Энэ жил манай төмөр замчид багагүй хүнд сорилт шалгалттай нүүр тулж байгаа хэдий ч 2020 оны эхний хагас жилд 14,4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 10 хувиар өссөн байна. Тэр дундаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тээвэр 25,6 хувиар, импортын тээвэр 8,1 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 0,9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн манай улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо энэ оны эхний хагас жилд 940 хүрээд байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс 280 галт тэргээр илүү байна.

       Манай төмөр замчдын гаргасан эдгээр амжилт нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс улс орноо татан гаргахад чухал хувь нэмрээ оруулж байгаагийн бодит жишээ юм. Түүнчлэн улс орны томоохон бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барих ажилд УБТЗ идэвхтэй оролцож, эхний 50 километр замын дээд бүтцийг богино хугацаанд барьж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.

        УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж байдаг бөгөөд энэ жил Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгаруулсан явдал нь манай хамт олны урам зоригийг улам бадрааж байна.

        Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь улс орнуудын эдийн засагт хүндээр тусч, олон зуун компани, аж ахуйн нэгжүүд дампуурч, ажлын байраа цомхотгож байгаа энэ хүнд үед Монгол Улсын хамгийн том ажил олгогч “Улаанбаатар төмөр зам” ХНН 16 мянга шахам ажилтнуудаа цомхотголд өртүүлэлгүй, цагт нь цалин урамшуулалыг нь өгөхөд онцгой анхаарч ажилласны хүчинд төмөр замчдаа ажилгүйдэл, ядуурлын эрсдэлээс хамгаалж чадлаа.        

        Ийнхүү энэ оны эхний хагас жилд бид бүхэн хамтын хүчээр хүнд сорилт шалгалтыг давж, чамгүй амжилтад хүрч чадлаа. Гэсэн ч цар тахлын болон үер усны аюул ойрхон хэвээр байгааг анхаарч, сонор сэрэмжээ улам өндөржүүлэн ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна.

       Яруу алдарт төмөр замчид аа.

       Сар асгарч хур тэгширсэн

       Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам хаяанд ирлээ.

       Та бүхэндээ монголын ард түмний уламжлалт үндэсний их баяр наадмаараа цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан сууж дэлхийд ганцхан монгол наадмаа шимтэн үзэж сайхан наадахыг хүсье.

       Хүлэг морьд нь хурдан, хүчит бөх нь бяртай, хөвчит нум нь мэргэн байх болтугай.

 

                                    УБТЗ-ын дарга    Д.ЖИГЖИДНЯМАА

Сэтгэгдэл үлдээх