Гадаад харилцаа
Наушки-Улаанбаатарын чиглэлийн төмөр зам 1949 онд ашиглалтад орж төмөр замын улс хоорондын тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулах, түүнийг зохицуулах шаардлага үүссэн тул Монгол-Зөвлөлтийн хоорондын төмөр замын тээвэрлэлтийг зохицуулах дүрмийг 1950 оны 5 дугаар сард ЗХУ-ын Чита хотод зохион байгуулагдсан хоёр орны төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр батлан хэрэгжүүлж эхэлснээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь анх тавигджээ.
Нийгэмлэгийн гадаад харилцааны чиглэлээр 1953-1956 оны хооронд чухал ач холбогдол бүхий олон үйл явдал болсны дотор төмөр замын салбарын удирдах дээд байгууллага буюу тухайн үеийн БНМАУ-ын Тээвэр, холбооны яам өөрийн улсыг төлөөлөн БНПУ-ын Варшав хотноо төвтэй Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ОСЖД)-д элсэн орсноор Монголын төмөр зам олон улсын харилцаанд ачаа, зорчигч тээвэрлэх болж уг байгууллагын холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг (СМПС, СМГС, ЕТТ зэрэг) олон улсын харилцааны тээвэрт ашиглах болсон. Түүнчлэн Монгол-Оросын ба Монгол-Хятадын хилийн төмөр замуудын хэлэлцээрүүд байгуулагдан мөрдөж эхэлснээр хилийн төмөр замуудын комиссын хамтарсан зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулан тухайн замууд хоорондын тээвэрлэлтийн явцыг дүгнэн хэлэлцэж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ирсэн.
Улмаар 1950-иад оны сүүлчээс эхлэн ТЗХАБ-ын V хэсгийн буюу БНСВУ, ЗСБНХУ, БНМАУ, БНАСАУ, БНХАУ-ын төмөр замуудын хооронд тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох, мөн эдгээр замуудын хооронд явагдах зорчигч тээврийн үйлчилгээ, галт тэрэгний цагийн хуваарь болон зурмаг тохиролцох зөвлөгөөнүүд тус тус тогтмол зохион байгуулагдах болсон билээ.
Өнөөгийн байдлаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь БНПУ-ын Варшав хотноо төвтэй Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий захирлуудын хурлын гишүүн, БНФУ-ын Парис хотноо төвтэй Олон улсын төмөр замын холбооны Ази-Номхон далайн бүсийн Удирдах хорооны гишүүн, Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн гишүүн зэрэг олон улсын тээврийн нэр хүндтэй байгууллагуудын гишүүн юм.
Мөн ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН, БНХАУ-ын “Хятадын төмөр замууд” корпораци, БНСУ-ын “Корэйл” корпораци, Японы Зүүн төмөр зам, ТЗХАБ-ын гишүүн орнуудын бусад төмөр замын компаниудтай олон улсын ачаа, зорчигч тээвэр, техник технологи, сургалт, туршлага судлах зэргээр бүх чиглэлийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.