Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-09

Ц.Хүрэлбаатар: Ажлын байраа цөөлөхгүйгээр хүнд үеийг давна

-УБТЗ Монгол Улсад хамгийн том ажил олгогч байгууллага. Тэр ч утгаараа нийгмийн хариуцлагаараа тэргүүн эгнээнд тодорхойлогдоно. Өнгөрсөн 2020 онд цар тахлын нөлөөгөөр Монгол Улс төдийгүй дэлхий нийт хямарлаа. Энэ хүнд хэцүү цаг үед УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажиллагсдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсроход юу хийв гэдэг магадгүй олон хүний сонирхлыг татаж байгаа байх. Эндээс ярилцлагаа эхлүүлье?
-Үнэхээр цаг үеэ олсон асуулт. 16000 төмөр замчин, 7300 ахмад гээд 23300 гаруй хүн УБТЗ ХНН-д бий. Тэдний нийгмийн хамгааллын түвшинг бууруулахгүй байх нь бидний хамгийн том зорилт. Мэдээж, цаг зуурын зовлон бэрхшээлийг дагаад өнгөрсөн онд халдваргүйтгэл, витаминжуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах гээд энгийн үеийнхтэй харьцуулахад хэд дахин илүү санхүүжилт зарцуулсан. 2020 онд бид 20 тэрбум төгрөгийг зөвхөн цар тахалтай тэмцэх зорилгоор зарцуулсан байна. Энэ бол бидний огт төлөвлөөгүй байсан зардал. Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард хатуу хөл хорио тогтооход үйл ажиллагаа нь хумигдсан, бүр зогссон байсан ч сул зогсолт тооцолгүйгээр ажилтнуудынхаа цалинг бүтэн олгосон. Харин он гарсаар зөвхөн үйл ажиллагаа нь зогссон байгууллагад “Хамтын гэрээ”-нд заасны дагуу 75 хувийн нөхөн олговор олгож эхэлснийг та бүхэн мэднэ. Ипотекийн орон сууцны хөтөлбөрт хамрагдсан төмөр замчдадаа нэг удаа олгодог дөрвөн сая төгрөгийн дэмжлэгийг ч зогсоогоогүй. Өмнө нь, 20 хүнд олгож байсныг 2019 оноос 40 болгож нэмэгдүүлсэн байх жишээтэй. Төмөр замд 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон 864 эцэг, эх ажилладаг. Эдгээр төмөр замчдаасаа гадна зорилтот бүлэгт багтдаг 272 ахмадад хүнсний тусламж үзүүлсэн. Энэ бүхнийг тооцоод үзэхээр 100 гаруй сая төгрөг. Хүнд хэцүү цагт бага гэлгүйгээр төмөр замчдын амьжиргаанд дэм болсон байх аа. 
-Хүнд, хэцүү бүтэн жилийн хугацаанд ажлын байрны цомхотгол хийх замаар нэг ч хүнтэй хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй нь маш сайн үзүүлэлт шүү? 
-Харин тийм. Хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй, цомхотгол хийгээгүй гэдэг бидний хувьд маш сайн үзүүлэлт. Ер нь, оновчтой, зөв зохион байгуулалт хийж байж ажлын байраа цөөлөхгүй хүнд үеийг давж гарна. Урд өмнөх практикууд ч ийм. Өнөөдөр ч энэ уламжлалыг зөрчөөгүй. УБТЗ-д халдвар тархсан үед ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан Шуурхай бүлэг, Ч.Цогтбаяр даргаар ахлуулсан УБТЗ-ын Төв штаб оновчтой шийдвэрүүдийг гаргаж хүнд нөхцөл байдлыг харьцангуй хохирол багатай даван туулсан. Дан ганц бидний ч биш, улс эх орны өмнө тулгамдаад байсан нэн шаардлагатай олон асуудлыг маш богино хугацаанд шийдэж, нөхцөл байдлыг даван туулах, төмөр замчдыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тэдний оруулсан үүрэг, оролцоо их. Энэ хүмүүстэй хамтарч ажилласандаа талархаж байна. 
-Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйдаа “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж байна. УБТЗ-д “Дижитал шилжилт ба залуучууд” хэмээх арга хэмжээ зохион байгуулагдаж, таныг оролцож байсныг саналаа. Тэнд тавьсан илтгэлдээ та УБТЗ цахим шилжилтэд цаг алдалгүй шилжих шаардлагатай тухай хэлж байв. Өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг харахад ч цар тахал бидний ажил, үйлчилгээг зарим талаар амарчлах, илүү хүртээмжтэй, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан байдал руу шилжих боломж олгожээ гэж бодохоор. Хоёулаа УБТЗ-ын үндсэн үйл ажиллагаа гэхээсээ илүү таны хариуцсан салбарт цахим шилжилт ямар түвшинд яваа тухай сонирхож болох уу? 
-Шинэ Засгийн газрын дэвшүүлж буй цахим шилжилттэй холбоотой асуудлыг бид 100 хувь дэмжинэ. Нэн тэргүүнд хийх ажлын ч нэг. Яагаад гэхээр цахим шилжилттэй холбоотойгоор урд нь хийгддэг байсан маш олон үр өгөөж муутай давхардсан үйл ажиллагаа алга болно. Ашиг сонирхлын зөрчил ч багасна. Тийм учраас Монгол Улсын иргэн, төмөр замчин хүн төрийн үйлчилгээ түүн дотроо төмөр замын үйлчилгээг саадгүй эрх тэгш авах боломжийг бүрдүүлэх ёстой юм. Үүний нэг тод жишээ манай Төв эмнэлэг. 16000 төмөр замчнаас гадна 7300 ахмад, тэдний гэр бүл гээд бараг 80 мянган хүний эрүүл мэндийн асуудлыг шийддэг. Ингэхийн тулд тэдний нэгдсэн мэдээлийн санг бүрдүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Ажил нь эхэлсэн. Медсофт-6 гэсэн зургадугаар үеийн програм хангамжийг нэвтрүүлж байна. Ямар ач холбогдолтой вэ гэхээр шугам зам дахь найман их эмч, мөн найман бага эмчийн нэгжээр дамжуулан өвчтнүүд орон нутагт хийлгэсэн шинжилгээгээ цахимаар ирүүлээд хэвтэж эмчлүүлэх захиалгаа өгснөөр шууд хэвтэх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Яваандаа програм хангамжаа хөрвүүлээд мэдээллийн сангаа бусад эмнэлгүүдтэй хуваалцах боломжтой. Нэг дата баазаас тухайн өвчтний мэдээллийг бүх шатны эмнэлэгт өгөхөөс гадна өөрсдөө бас авна. Гэхдээ төр засгийн тууштай бодлого чухал. Эрүүл мэндийн яамны програм хангамжуудыг нэгдсэн форматад оруулах асуудал хийгдэх байх. Хоёр дахь асуудал цэцэрлэг. УБТЗ-ын 27 цэцэрлэгт 4300 гаруй хүүхэд сурч хүмүүждэг. Бид хоёр дахь жилдээ шинээр элсэж буй хүүхдийн бүртгэлийг цахимаар авсан. Бүртгэлийн энэхүү системээ Боловсролын яам, эйбл програмтайгаа холбочихсон. Эйбл програмд холбогдсон мэргэжилтний бүртгэлийг хаанаас ч бол хаанаас гаргаад ирэх учраас “Тэрний хүүхдийг авчихлаа”, “Ашиг сонирхлын холбоо үүсгэлээ” гэх мэт хардлага сэрдлэгэ дагуулсан асуудал арилна. Цар тахал бидэнд сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ эерэг тал ч байна. Сүүлийн үед зохион байгуулсан урлаг, соёлын уралдаан тэмцээнийг дан цахимаар хийлээ. Шүлэг, дуу гээд л. Хэрэв санаж байгаа бол 2020 оны төгсгөлд бид төмөр замчдадаа зориулаад онлайн “live concert” толилуулсан. Хамгийн гол нь, цар тахлын хүнд үед төмөр замчдынхаа сэтгэл санааг өргөх, урам зориг өгөхөд зориулсан юм. Төмөр замчид маань маш таатай, эерэгээр хүлээж авсан шүү. 
-Та ярианыхаа эхэнд ч цухас дурдаад өнгөрлөө. Цаг үе ийм байгаа учраас ярихгүй байж болохгүй нь. Цар тахлын улмаас аялал жуулчлал, урлаг, спорт, сургалтын арга хэмжээ бүрэн хаагдсан. Гэхдээ сайн цаг ирэх нь ойлгомжтой. Таны эрхэлсэн салбарт яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага бий. Нийгмийн хариуцлага гэдэг бол ажиллагсдын нийгмийн баталгааг хангах явдал шүү дээ. Эдгээрийн тогтвортой хөгжлийн чиг хандлага, тогтвортой ажлын байр гээд харвал цаашдаа хэрхэн хөгжих ёстой юм бэ? 
-УБТЗ-ын хэмжээнд урлаг, спортын салбарын бодлогын хоёр бичиг баримтыг боловсруулж гаргана.Үр дүнд хүрэхийн тулд ямар бүтэцтэй ажиллах нь их чухал. Бид урлагийн салбараа ямар хэмжээнд авч явах юм бэ. Чуулга гээд аваад үзье. Монгол Улсад тоотой хэдэн чуулга бий. Хуучин төмөр замын Дуу бүжгийн чуулга гээд 80-90 хүнтэй том бүтэц байлаа. Одоо бүжигчин л гэхэд дөрөвхөн хүнтэй. Энэ хүмүүс хамтлаг болж чадах уу. Тэгэхээр энэ бүтцийг эргэн авч үзнэ. Бодлогын бичиг баримтад ч тусгана. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байдаг манай Соёлын ордон шиг газар ховор. Менежментийг нь сайжруулах талаар төлөвлөсөн ажлууд бий. Өнгөрсөн жил багагүй хөрөнгө гаргаад өнгө үзэмжийг нь сэргээхийг оролдсон. Энэ жил ч бас чамлахааргүй их засварын зардал тавьж өгсөн. Ямартаа ч энэ 2021 ондоо багтаад сайхан концертийн танхимтай болчихно.Хөгжим, аппаратуруудаа ч сайжруулна. Бизнес уулзалт, сургалтын зориулалттай өрөө, танхим тохижуулах гэхчлэнгээр төлөвлөгөөнд тусгасан зүйлс бий. Спортын салбар бол онцлогтой. УБТЗ-д 14 товчоо спортын төрлөөр ангилан ажиллаж байна. Товчоодынхоо ажлыг дүгнээд сүүлийн хоёр жил “Ган зам” цом гэж гардуулж эхэлснийг уншигчид маань мэдэх байх. Спортод элэгтэй өөрийгөө хөгжүүлдэг олон төмөр замчин байгаа шүү дээ. Дээр нь, төмөр замчдын маань үр хүүхэд гээд тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн ирээдүйтэй залуус нэмэгдэнэ. Гэтэл бид яг алийг нь дэмжих вэ. Яаж дэмжих вэ гэдэг бодлого байхгүй. Нэг дэмжээд орхичихдог нөгөөх нь алга болчихдог байж болохгүй. Дэмжвэл тууштай дэмжээд амжилтад хүрэх нөхцөлийг нь хангая гэсэн зорилго байна. Улаанбаатар зангилааны даргаар ажиллаж байсан М.Цогт бадминтоны спортыг төмөр замд хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Тамирчид нь сонирхогчдын Улсын аварга авах хэмжээнд хүрлээ. Волейбол, үндэсний шагай гээд бас ялгаагүй өндөр түвшинд хүрсэн. Энэ бидэнд юу хэлээд байна вэ гэхээр зөв зохион байгуулалтад оруулаад дэмжээд явбал төмөр замчдад амжилтад хүрэх боломж байна гэдгийг харууллаа. Харин урлагийн салбарыг аялал жуулчлалын салбартай уях хэрэгтэй. 2020 онд бидний хийсэн нэг том ажил бол Аялал жуучлалын товчоог Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд урлагийг аялал жуулчлалтай холбоно. Бид эндээс тогтмол орлого төвлөрүүлэх боломжтой. Яагаад аялал жуулчлалын компаниудад үйлчилгээ үзүүлж болохгүй гэж. Бүхэл бүтэн соёлын ордон, уран бүтээлчид байна. Яг үүнтэй холбоотойгоор хоёр хөтөлбөр боловсруулсан. Нэг нь богино. Нөгөө нь арай урт. Энэ хөтөлбөрөө заръя гээд байгаа юм. Аялал жуулчлалын холбооноос ч “Хэрвээ та бүхэнд бэлэн хөтөлбөр байгаа бол бид худалдаж авья” гэдгээ хэлсэн. Дараа нь аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээ сурталчлах, хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг ганцхан Аялал жуулчлалын товчоо хийчихгүй. Томоохон зангилаадтай ойролцоо байх байгалийн дурсгалт газруудаар дамжуулаад хөгжүүлье гэсэн үндсэн концепцтой. Нэг чухал санаачлага нь төмөр замчдаа аялал жуучлалын хөтөлбөрт хамруулах. Гэхдээ энд санхүүгийн төлбөр тооцооны механизм их оновчтой байх хэрэгтэй. Маркетингийн алба маш зөв бүтээгдэхүүн бидэнд санал болгосон. Тэр нь, аялал жуулчлалын зээлийн хөтөлбөр. Хүн заавал мөнгөө хурааж байгаад аялалд явах биш зээлээр аялаж ирээд цалингаасаа бага багаар төлөх боломж нээлттэй. Дөрөв дэх урсгал нь төмөр замын ажил үйлчилгээгээр дамжуулах. Жишээ нь, “Баянбуурал амралт, “Монголд үйлдвэрлэв” төвийг аялал жуулчлалынхаа маршрутад оруулж өгөөч” гэсэн хүсэлтийг Монголын Аялал жуучлалын холбоонд бид тавьсан. Нэг ёсондоо, манай үйлчилгээний салбаруудыг аялал жуулчлалын компаниуд маршрутдаа оруулна. Дагаад манай үйлчилгээний төвүүдийн орлого өсөх нь. Тав дахь чиглэл нь спорт аялал жуулчлал. Баянбуурал амралтад каток, спорт заал барьчихлаа. Энэ болгоныг сурталчлахын тулд “Цасны галт тэрэг” гэж аялуулж эхэлсэн. Сүүлд бидний мэдэж байгаагаар УБТЗ-ын төвийн хэсгийн 1000 гаруй төмөр замчин Баянбуурал амралтад нэг өдөрт амарлаа. Гэтэл тухайн байгууллагын нэг сард олох орлогыг өдрийн хугаст л хийчихэж байна шүү дээ. 
-УБТЗ бол ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэхэд маш сайн анхаардаг. Тэдний энэ харилцааг хөгжүүлснээр эргээд төмөр замын тээврийн тасралтгүй аюулгүй байдлыг хангахад туршлага судлах, хувь хүний хариуцлага, ажилдаа хандах хандлагыг сайжруулдаг гээд олон сайн талтай. Таны хувьд УБТЗ-ын Ахмадын холбоо, Залуучуудын төв байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 
-Манай Залуучуудын төв байгууллагын гаргасан санаачлага л даа. Залуус маань ахмадуудтайгаа жил бүр шугам замд явж гурван үеийн уулзалт зохион байгуулдаг. Бидний бахархал болсон Хөдөлмөрийн баатар, гавьяатууд гээд төмөр замын түүхийг бүтээж явсан ахмадууд маань залуу, дунд үеийнхэндээ өөрсдийн туршлага, үнэтэй заавар зөвлөгөөгөө хуваалцдаг. Учир нь, хувь хүний хариуцлага, ажлын хандлага нь тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэйг бид мэднэ. Хэр сайн уламжлал, хандлага байна, тэр цаашаа хөгжиж, тогтож үлдэх ёстой. Өнөөдөр бид өөрсдийгөө харахад манай ахмад үе маш сайхан түүхийг бичиж үлдээгээд сайн уламжлалаа хадгалуулжээ гэсэн ийм л энгийн философи харагдана. Соёл, урлагийн IV их наадмыг санаж байгаа байх. Энд манай ахмад үе маш том орон зай эзэлж оролцсон. Залуус маань урлаг, спортоор оролцох нь тодорхой. Эд чинь урлаг, спортоор бие биетэйгээ холбогдож, нэгэн цул хамт олон болж байгаа юм. 
-Нэгэнт хоёулаа залуу үе гээд ярьсных би таниас залуучуудын дунд түгээмэл тулгардаг хүндрэлтэй зүйлийг асуулгүй орхиж болохгүй нь. Ахиад л Засгийн газраас жишээ татах боллоо. Шинэ засаг “Залуусын хороолол 1,2,3” гээд томоохон орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энд УБТЗ-ын ажиллах хүчний талаас илүү нь залуус гэдгийг тодотгох нь зөв байх. Яах вэ, Замын захиргаа орон нутагт технологийн орон сууц бариад ашиглалтад оруулдаг. Харин УБТЗ-ын ажиллах хүчний тал нь оршин сууж буй Улаанбаатар хотод орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй шиг санагдах юм? 
-Бид 2030 он гэхэд 1130 технологийн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ нь, шугам замд ажиллаж буй нийт төмөр замчдын 90 хувьд хүрнэ. Товчхондоо, шугам замд ажиллаж, амьдарч буй төмөр замчид маань шинэ тохилог орон сууцаар хангагдана. Ипотекийн хөтөлбөрийн хувьд шугам замд ч зарим нэг орон сууцыг ашиглалтад оруулсныг төмөр замчид мэдэх байх. Сүхбаатарт 32, Зүүнхараад 40 айлын орон сууц бий. Энэ бол тухайн орон нутагт байгаа өртгөөс бага үнээр буюу бүр зарим зардлыг нь төмөр зам өөрөө хөтөлбөрийн дагуу гаргаад яг бодит иргэн хүнд ногдох зардлыг харьцангуй буулгасан. Харин Улаанбаатарт орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд тулгараад байсан хүндрэлтэй зарим асуудлыг сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд шийдсэн гэж болно. Юу вэ гэхээр, манай зарим барилга байгууламжууд газрын гэрчилгээгүй байлаа. Дээр нь юм барья гэхээр болдоггүй. Эдгээр газрыг гэрчилгээжүүлэхээр ЗТХЯ болон Нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүд маш шуурхай ажиллаж бидэнд том дэмжлэг болсон. Замын захиргаа ч шаргуу хөөцөлдсөн. Түүний хүчинд зарим газраа гэрчилгээтэй болгочихлоо. Төмөр замтай ойролцоо барьж буй хувийн хэвшлийн компанийн орон сууцуудад төмөр замчдыг хөнгөлөлттэй үнээр хамруулах санал нэлээд ирдэг л дээ. Заримтай нь санамж бичиг байгуулаад төмөр замчдаа хөнгөлөлттэй орон сууцаар хангаж байна. Олон талын боломжийг эрэлхийлж байгаа. Гэхдээ бидний хувьд хамгийн боломжит хувилбар бол өөрсдийн газар дээр орон сууц бариад ашиглалтад оруулах. Өмнө нь, бидэнд ийм туршлага бий. Одоо бол хуучин барилга байгууламжаа дахин төлөвлөлтөд оруулаад шинээр орон сууц барих нь хамгийн боломжтой хувилбар. Эхний ээлжинд хэрэгжүүлэх төсөл нь “Сурагчийн-12”. Оршин суугчид нь ч ирж уулздаг. Төслийн баримт бичгийг боловсруулаад дууссан. Ерөнхий хороонд танилцуулах асуудал л үлдсэн. Хэрэв дэмжигдвэл төмөр замчдадаа боломжийн үнээр хажууд нь барьсан байшингуудаас дутахааргүй чанартай орон сууц барина. Энэ төслийн нээлтийг хийж байж, дараа дараагийн төслүүд рүү орох өргөн боломж нээгдэх юм. Нэг төслөө хэрэгжүүлсний хойно дараагийн ажил руу орохгүй бол зүгээр яриа болоод үлдэх нь тийм ч зохимжтой биш. 
-Та бид хоёрын ярилцах сэдэв гинжин холбоотой л үргэлжээд байна. Юу вэ гэхээр миний дараагийн асуулт төмөр замчдын хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэхтэй холбоотой. Төмөр замчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нэг хөшүүрэг нь хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал. Ярианы эхэнд та цухас дурдаад өнгөрлөө. Цаашид хүүхдийн байгууллага, хүүхэд хамгаалалын бодлогод ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хардаг вэ? 
-Хүүхэд хамгааллын хүрээнд төмөр замчдын хүүхдүүдийн асуудал эхний ээлжинд яригдана. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ойд зориулаад сүүлийн 13 жилд хийгээгүй бүтээн байгуулалт хийсэн. Энэ бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод гурван тусдаа байсан байгууламжийг буулгаад нэг дор шинэ цэцэрлэг барьсан бүтээн байгуулалт. Үлгэр жишээ болохуйц орчин үеийн тохилог цэцэрлэг шүү. Хүүхэд хамгаалалтай холбоотой хамгийн түгээмэл тохиолддог асуудал нь хоолны чанар.Тиймээс ч бид 2019 онд цэцэрлэгийн байгууллага дээрээ хоол зүйчтэй болсон. Манай цэцэрлэгүүдийн хүүхдэд өгч буй хоолны илчлэг чанар Монгол Улсад мөрдөгддөг норм дүрэмд нийцэж үү, авах ёстой илчлэгээ авч чадаж байна уу гэдэг асуудал тавигдсан. Одоо бол бүрэн хяналттай болж чадсан гэж хэлнэ. Эцэг, эхчүүдийн маань туслалцаа ч их байгааг хэлэх нь зүйтэй биз. Дээр нь, нэг ангид сурч буй хүүхдийн тоо, багшийн хүртээмж хэр байна вэ гэдэг тулгамдсан асуудал. Нэг ангид 60 хүүхэд байхад багшийн хүртээмж, сургалтын чанар эрс муудна. Стандартаас даваад байдаг газар нь Замын-Үүд, Улаанбаатар. Улаанбаатарт зарим нэг цэцэрлэгт ачааллыг бууруулж эхэлсэн. Амгалан дахь “Бамбарууш” цэцэрлэгт өргөтгөл хийгээд нэг анги нэмлээ. Үр дүнд нь цэцэрлэгийн даац 15-18 хувиар буурч, нэг багшид ногдох ажлын ачаалал дагаад буурав. Улаанбаатарт төмөр замчдын хүүхдүүд СӨБ-ын байгууллагад хамрагдаж чадахгүй үлдээд байдаг зовлон байлаа шүү дээ. Өнөөдөр ийм асуудал харьцангуй багассан. Шугам замд 2019 онд нэг “Гэр цэцэрлэг” туршиж үзсэн. Өнгөрсөн жил гурван цэцэрлэгтэй боллоо. Хүүхэд хөгжлийн хувьд “Найрамдал” цэцэрлэгт “Орос бүлэг” нээсэн. Тухайн хүүхдийг дараагийн шатны боловсролын сургуульд сурахад нь тусалж буй хэрэг. Хэрэв эцэг эх нь хүүхдээ Орос сургуульд сургая гэж байгаа бол энэ бүлгийг сонгоорой гэж зөвлөе. Эцэг, эхчүүд маань ч ам сайтай байгаа юм билээ. Орос гуравдугаар сургуульд шалгалт өгөхөд манай хүүхдүүдийн ихэнх нь ордог гэсэн сайн мэдээ байна. Энэ нь манай сургалт зөв, ирээдүйтэйг харуулж байгаа юм. 
-Ярилцлагын төгсгөлд, тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хөндөх нь зүйтэй байх. Улс орон даяар тэтгэврийн системийн шинэчлэлийн тухай ярих болж. УБТЗ-д хувийн, байгууллагын дэргэдэх тэтгэврийн сан байгуулахаар судлагаа хийж, шат шатанд нь танилцуулаад ажиллаж байсан туршлага бий. Та энэ ажлыг хэрхэн үргэлжлүүлж байна вэ? 
-Энэ ажил ерөөсөө зогсоогүй. Замын даргын ажлын албаны мэргэжилтэн Ц.Ариунаа бид хоёр Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж буй хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн бичиг баримт, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт багтсан. Эндээс гарсан дүгнэлт ХНХЯ-д аль хэдийн танилцуулагдсан. Өмнө нь, УБТЗ-ын боловсруулсан төслийг үлгэр жишээ гэж үздэг юм билээ. Улсын өмч дээр суурилсан аж ахуйн байгууллагад хэрэгжүүлэхэд үлгэр болохоор гэж. Л.Халтар сайд ч тухайн үедээ Ерөнхий хороонд танилцуулж байсан. Тэтгэврийн сан гэдэг маш сайн сэдэв. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд бид хууль эрхзүйн хамгаалалттай байх ёстой. Төсөл бэлэн. Хууль эрх зүйн орчин бүрдээд ирвэл цаашид орчиндоо тааруулж, хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Оросын талын хувь нийлүүлэгчид маань ч гэсэн ийм л шаардлага тавьдаг. Яагаад гэхээр РЖД-ийн “Благосостояние” бол сайн муу, алдаа оноо бүгдийг туулсан. Тэгэхлээр энэ алдаа, оноог аль болох давтахгүй байх үүднээс хуулийн хамгаалалт чухал шүү хэмээн бидэнд зөвлөдөг. Үнэхээр ч тийм. Маш олон хүмүүсийн ирээдүйн амьдрал энэ сангаас шалтгаалах учраас бид хөнгөн хуумгай хандаж болохгүй. Ойрын ирээдүйд бид үүнийг хийнэ. Мэдээж, бид Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа болохоор Монгол Улсад мөрдөгдөж буй хууль эрх зүйн түвшинд л нийцүүлж ажиллаж таарна. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье! 

Сэтгэгдэл үлдээх