Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-12

Өмнөх оноосоо үйлдвэрлэлээ 25 хувиар өсгөжээ

Төв засварын үйлдвэрийн хувьд 2020 он амжилт бүтээлээр арвин, технологийн шинэчлэл хийсэн жил болж өнгөрчээ. Тус хамт олон нь өнгөрсөн онд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай бүтээгдэхүүн тоног төхөөрөмжүүдийг цаг тухайд нь зохион бүтээж, үйлдвэрлэн нийлүүлсэн байна. Түүнчлэн, УБТЗ-ын харьяа аж ахуйн нэгжүүдийн захиалгаар доорх ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Замын аж ахуйн албаны харьяа байгууллагуудад 323 нэр төрлийн 662773, Вагоны аж ахуйн албаны харьяа байгууллагуудад 71 нэр төрлийн 32744, Зүтгүүрийн албаны харьяа байгууллагуудад 169 нэр төрлийн 48224, бусад албадын 85 нэр төрлийн 1487, гадны байгууллагад 349 нэр төрлийн 1487 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлжээ.
2020 онд нийтдээ 4.5 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлтийн төлөвлөгөөг 113 хувиар, 4.6 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийж борлуулалтын төлөвлөгөөг 114 хувиар тус тус биелүүлэн ажиллав. Энэ нь, 2019 онтой харьцуулахад үйлдвэрлэл 25 хувь буюу 911 орчим сая төгрөгөөр, борлуулалт 28 хувь буюу 996 сая төгрөгөөр өссөн дүн юм. 2020 онд УБТЗ ХНН-ийн дэвшүүлсэн зорилтын хүрээнд Замын хөрөнгө оруулалтаар CNC удирдлагатай токарийн суурь машин, лист нугалагч суурь машин, индукцийн улайсгагч төхөөрөмж зэргийг авч технологийн шинэчлэл хийсэн нь үйлдвэрлэл, борлуулалтын өсөлтөд тодорхой хувиар нөлөөлжээ. Энэ онд дээрх амжилтаа бататгаж, шинээр оновчтой технологиуд нэвтрүүлэх зорилт тавиад байгаа аж. Мөн 2021 онд Замын захиргааны хөрөнгө оруулалтаар 20 мм хүртэлх зузаантай ган лист зүсэх хүчин чадалтай лазерийн зүсэгч суурь машин, 800 тоннын хүчин чадалтай гидропресс, 0.5 тонн хүчин чадалтай индукцийн хайлах зуух зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд авахаар бэлтгэж байна. Эдгээр тоног төхөөрөмжийг авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр импортоор авдаг төмөр замын сэлбэг материалын тодорхой хувийг дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдэнэ гэж тооцож байгаа аж. Жишээлбэл, АРС бэхэлгээний монорегулятор, зүтгүүр болон вагоны хийн ерөнхий савнууд, вагоны люк зэргийг үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа үйлдвэрийн удирдлага ярилаа. 
УБТЗ-ын хэмжээнд 2021 оныг “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн жил” болгон зарласантай холбогдуулан Төв засварын үйлдвэрийнхэн нэгдсэн жилийн төлөвлөгөөг Замын ерөнхий инженерийн орлогчоор батлуулан шинэ оны ажилдаа ороод байна. 
Мөн өөрийн лабораторийг улсын хэмжээний металл судлалын итгэмжлэгдсэн лаборатори болгох зорилтот ажлын хүрээнд Чанарын гарын авлага, холбогдох 21 журам зэргийг боловсруулж, Стандартчилал хэмжил зүйн газарт хүргүүлжээ. Уг ажил коронавирусийн хөл хорионы улмаас хойшлоод байгаа аж. Тус хамт олон чанарын ISO:9001, ХАБЭА-н ISO:45001 стандартуудыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх