Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-17

Эхний хоёр сард төмөр замаар 5.2 сая тонн ачаа тээвэрлэв

Энэ оны эхний хоёр сард төмөр замаар 5.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 436.6 (9.2 хувиар) мянган тонноор өсжээ. Төмөр замын тээврийн өсөлтөд дотоодод тээсэн ачаа 399.0 (23.8 хувь) мянган тонн, импортын ачаа 212.2 (49.8 хувь) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин хоёрдугаар сард 2.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сараас 118.5 (4.5 хувиар) мянган тонноор буурсан дүн аж. Хоёрдугаар сард тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 88.3, барилгын материал 6.7, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 0.3, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 1.0, хар төмөр 0.5, мод модон материал 0.3 хувь болон бусад бүтээгдэхүүн 1.9 хувийг тус тус эзэлж байна. Төмөр замын тээврээр 2021 оны хоёрдугаар сард ковид-19 өвчнөөс үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон зорчигч тээвэрлээгүй байна. Төмөр замын тээврийн орлого оны эхний хоёр сард 120.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  5.3 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, нүүрс, жонш, жоншны баяжмал болон барилгын материалын тээвэрлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Төмөр замын тээврийн орлого 2021 оны хоёрдугаар сард 56.9 тэрбум болж, өмнөх сараас 6.5 (10.2 хувиар) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Сэтгэгдэл үлдээх