Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-23

Н.Батхүрэл: Ачааллаа даахгүй болсон Р50 зам төмрийг нэн даруй Р65 зам төмрөөр солих хэрэгтэй байна

-Хүйтний улиралд танай хамт олон илүү их ачаалалтай ажиллаж байна уу?
-Тиймээ, өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ өвөл эрс хүйтэн байна. Замын оношилгоо, сэв шалгуурын техник хэрэгслүүдийн өвлийн бэлтгэл ажлыг боломжийнхоо хэрээр бэлтгэсэн. Үүний үр дүнд зам шалгалтын графикийг тасалдалгүй гүйцэтгэлээ. Техник, тоног төхөөрөмжид гарсан техникийн гэмтэл, саатлыг Замын захиргаа, Замын аж ахуйн алба, Замын ангиудтай хамтран зохион байгуулж ГТХАБ-ыг хангаж ажиллаж байна.
2020 оны хоёрдугаар сараас дэгдсэн цар тахал замын оношилгоо, сэв шалгуурын үйл ажиллагаанд багагүй саад бэрхшээл учрууллаа. Одоо ч мөн үргэлжилж байна. Замын оношилгооны галт тэрэг, зам төмрийн тосолгооны вагонууд нь хойд хилээс урд хил хүртэлх нийт замд ажилладаг онцлогтой. Тиймээс бид халдвар хамгааллын дэглэмийг маш өндөр түвшинд сахих, инженер, техникийн ажилтнуудаа халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч байна.
Цар тахал Замын ангиудад ажилладаг сэв шалгуурын тэргэнцрийн сэв шалгуурчдын ажилд илүүтэй хүндрэл учруулсныг энд дурдах нь зүйтэй байх. Манай ихэнх сэв шалгуурчдын ажил амралтын дэглэм зөрчигдөн, ажиллах нөхцөл байдал хүндэрч гэр орондоо харилгүй бүтэн сар гаруй хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байлаа. Хүндрэл, бэрхшээл тулгарсан хэдий ч манай сэв шалгуурчид шантарч няцалгүй хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж 2020 онд гологдол, дутагдалгүй ажиллан ГТХАБ-ыг хангаж ажилласан маань бахархалтай.
-2020 онд Замын хэмжээнд ямар төрлийн гэмтэл зонхилов. Өмнөх оноосоо нэмэгдсэн үү, буурав уу?
-УБТЗ-ын хэмжээнд 2018 онд 369, 2019 онд 386, 2020 онд 322 ширхэг зам төмөр хурц гэмтлээр солигдсон. Энэ нь, өмнөх оноос 64 нэгжээр буурсан үзүүлэлт. 2020 онд солигдсон зам төмрийн 49 хувийг 53 зургийн, 10 хувийг 55 зургийн, 8 хувийг 30Г зургийн хурц гэмтлүүд, үлдсэн хувийг бусад төрлийн гэмтлүүдээр солигдсон.
2020 онд хурц гэмтлээр солигдсон зам төмрийн тоо буурсан нь 62 км Р50 зам төмөртэй, модон дэртэй, их засварын хугацаа хэтэрсэн замд их засвар хийж Р65 зам төмөртэй, төмөр бетон дэртэй болгон хүчжүүлсний үр дүн юм.
-Зам төмрийн гэмтэл гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу байна вэ?
-Сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ачаа тээврийн эрчимжилт, галт тэрэгний жин, нэг гол дээрх даралт зэрэг нөлөөлж бана. Үүнээс гадна мөн замын их засварын хугацаа хэтрэлт, замын дээд цогцосын элэгдэл, зам төмрийн металлын ядрал, цуцалт зам төмрийн хурц үүсэх гол хүчин зүйлүүд болоод байна. Энд нэг тоог онцлон дурдахад 2020 онд хурц гэмтлээр солигдсон 322 ширхэг зам төмрийн 84 хувийг Р50 маягийн зам төмөр эзэлж байгаа юм. Үүнээс дүгнэхэд манай замд ашиглагдаж байгаа Р50 маягийн зам төмрүүд нь ачааллаа даахаа байжээ гэдгийг харуулж байна.
-Цаашид гэмтлийн тоог бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллавал зохилтой вэ?
-Тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ачаа эрчимжилт, галт тэрэгний жин, нэг гол дээрх даралтын техникийн шаардлагад нийцүүлэн Р50 маягийн зам төмөр, суман шилжүүлгүүдийг нэн даруй Р65 маягийн зам төмөр, суман шилжүүлгээр хүчжүүлэн солих шаардлагатай гэж үзэж байна.
-Танай төвийн хувьд тулгарч буй хүндрэл бэрхшээл юу байна вэ?
-Манай төвийн үндсэн үүрэг, үйл ажиллагааны чиглэл бол замын оношилгоо, үл эвдэх сорилтын үйл ажиллагааг тасралтгүй, чанартай гүйцэтгэж ГТХАБ-ыг хангах явдал юм. Дээрх үүрэг, техникийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахад хоёр л хүндрэл тулгарч байна. Үүнд:
Нэгдүгээрт, Замын аж ахуйн албаны хэмжээнд ашиглагдаж байгаа 20 нэгж сэв шалгуурын тэргэнцэрийн сэлбэгийн нөөцгүй болсон. Хоёрдугаарт, 2014 онд ашиглалтад авсан зам хэмжигч-лаборатори “Декарт”, хэт авиа-цахилгаан соронзонт “ВД-УМТ-1” вагонуудын тусгай тоног төхөөрөмжүүдэд төлөвлөгөөт засварууд хийгээгүйгээс техникийн саатал удаа дараа гарах болсон. Зам шалгалтын мэдээллийг боловсруулдаг сервер, компьютерийн иж бүрдэл, програм хангамжууд техникийн шаардлага хагахгүйд хүрч доголдож байгаа зэрэг орно.
Тиймээс энэхүү тулгарч буй эрсдлийг арилгахын тулд нэн яаралтай сэв шалгуурын тэргэнцэрт шаардлагатай сэлбэгийн нөөцийг бүрдүүлэх, зам хэмжигч, сэв шалгагч вагонуудын тусгай тоног төхөөрөмжүүдэд “их засвар” хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Эдгээр хүндрэлийг шийдвэрлэхээр Замын аж ахуйн албатай хамтран шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх