Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-07

“Найрамдлын сар”-ын нээлт болов

Энэ сарын 1-нд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хамт олон уламжлалт “Найрамдлын сар”-ын нээлтээ хийлээ. Эл өдөр Зорчигч үйлчилгээний төв буудлын арын “Найрамдал” хөшөөний хоёр талд хоёр орны төрийн далбааг шинэчлэн байрлуулсныг давхар нээсэн юм. Уг арга хэмжээнд Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа нар болон алба, хэлтэс, Улаанбаатар зангилааны аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ И.В.Милостных Монгол-Оросын найрамдлын сарыг 1952 онд анх зохион байгуулсан бол 2010 оноос хоёр орны “Найрамдлын өдрүүд” нэртэйгээр зохион байгуулах болсныг дурдлаа. Мөн УБТЗ хоёр орны хамтарсан цорын ганц байгууллага болж үлдсэнийг онцолсон билээ. Тиймээс манай хоёр орны ард түмний найрамдалт харилцаатай холбоотой аливаа арга хэмжээ цаашид УБТЗ-ыг түшиглэж явагдаж байх нь гарцаагүй юм. Сүүлийн жилүүдэд УБТЗ тээврийн бүх үзүүлэлтээр дээд амжилтыг тогтоож байна. Энэ ололт амжилтууд нь Монгол, Орос мэргэжилтнүүдийн хамтын үр дүн юм. Мөн энэ өдөр нь Оросын төмөр замын өдөр, ОУ-ын Ахмадын баярын өдөртэй давхцаж буйг ч дурдаж, найрамдлын сарын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд “Ирэх жил Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохионо. Монгол-Оросын хамтарсан нийгэмлэг УБТЗ-ын хамт олны хувьд ирэх жил тохиох түүхт ой угтсан их ажил өнөөдрөөс эхэлж байна. Тиймээс төмөр замчдадаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн нэр хүндийг өндөрт өргөж, ойг угтсан ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. Хоёр орны ард түмний ах дүүгийн найрамдалт харилцаа үеийн үед улам батжин, найрамдалт хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байх болтугай” хэмээн хэллээ.

Сэтгэгдэл үлдээх