Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-05

УБТЗ Хүүхдийн төлөө фондыг дахин байгуулахад зориулж 500 сая төгрөг хандивлалаа

Монголын хүүхэд багачуудын төлөө үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн хөгжүүлэх үйлсэд зориулж УБТЗ 500 сая төгрөгийг хандивлаж, нэг өдрийн цалингаа хандивлахыг нийт 16 мянган төмөр замчдадаа уриаллаа. УБТЗ нь 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг анх байгуулахад чухал хувь нэмрээ оруулж байжээ. УБТЗ-ын хамт олон 1972 оны дөрөвдүгээр сарын 16-нд бүх нийтийн коммунист субботник зохион байгуулах уриалга гаргаж, хуримтлуулсан орлогоо хүүхдийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх үйлсэд хандивлаж байжээ. Улмаар Аршаант өртөөнд хүүхдийн цэцэрлэг барьж байв. Уг цэцэрлэгийн барилгыг төмөр замчид, УБДС-ийн оюутны гавшгай отрядын хүчээр барьж, 1972 оны намар ашиглалтад оруулсныг нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд ирж танилцаад хөдөө орон нутагт ийм цэцэрлэг яслийн барилга олноор барих хөдөлгөөн өрнүүлэхийг холбогдох байгууллагуудад зөвлөжээ. Удалгүй МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1972 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө фонд байгуулах тухай УБТЗ-ын хамт олны уриалгыг сайшаан дэмжих, фонд байгуулах”-аар шийдвэрлэсэн байна. УБТЗ нь өнөөдөр ч хүүхдийн төлөө анхаарч ажилладаг бөгөөд Замын хэмжээнд 27 цэцэрлэгт 5300 шахам хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг билээ. Замын захиргаа хүүхдийн байгууллагынхаа үйл ажиллагаанд зориулан жил бүр 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг нь тэдний эрүүл, тав тухтай орчин нөхцөлд сайн боловсрол, хүмүүжил олгоход зарцуулагддаг юм. 
УБТЗ өнгөрсөн жил Сүхбаатар өртөөнд шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулснаас гадна 2021 оноос Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын Газартай хамтран “Хүүхдийн төмөр зам” төслийг хэрэгжүүлж эхлэх юм.

Сэтгэгдэл үлдээх