Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-08-18

Уурын тэрэгний анхны эмэгтэй машинч Д.Цэндсүрэн агсны мэндэлсний 100 жилийн ойд

Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөн он цагийн түүхэнд өөрийн түүхээ мөнхлөн үлдээсэн түүхэн хүн бол “Хүндэт төмөр замчин” Д.Цэндсүрэн гуай юм. Тэрээр, 1950-1969 онд нарийн төмөр замд туслах машинчаас, машинч хүртэл ажиллаж байгаад Зүүнхараа хотод шилжин суурьшжээ. Түүхэнд гавьяатай тэр хүнийг 1988 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод хүрэлцэн ирэхэд, хүүхэд байсан миний бие цэцэг өргөн, хүндэтгэлтэйгээр угтан авсан дурсамж сэтгэлд минь тодхон байна. Тэр үед Сүхбаатар депогийн дарга, миний аав Д.Дамбийбалжир агсан “Танилц, миний хүү Мөнхбат” гэж хэлж байсан нь саяхан мэт. Энэ үеэс миний бие Сүхбаатар татах хэсгийн /Одоо Д.Дамбийбалжирын нэрэмжит депо/ бүхий л арга хэмжээнд сэтгэл зүрхээрээ, гар бие оролцож эхэлсэн билээ. Аавыгаа дандаа дагаж явдаг байсан маань төмөр зам гэдэг айлтай танилцах эхлэлийг тавьсан юм.
Төмөр замчдын хүүхдүүд бид азтай. Бидний үеийнхэн 1988 онд Монголын төмөр зам үүсгэн байгуулагдсаны  50 жилийн ойн баяр наадмаар уран гимнастикийн үзүүлбэр үзүүлж, 1990 онд УБТЗ-ын дарга А.И.Долгий эх орондоо буцах үед цэцэг өргөн, хүндэтгэлтэйгээр үдэх ажилд оролцож байлаа. Энэ бүх дурсамж дотроос ээж шиг минь хүнд хүчир, нэр хүндтэй ажил мэргэжлийн /Ээж минь төмөр замчин, 10 сайхан хүү төрүүлж өсгөсөн билээ/ эзэн, паравоз буюу уурын тэрэгний машинч Д.Цэндсүрэн гуайд цэцэг өгч, гар барин, үнсүүлж байснаа хамгийн азтайд тооцдог юм. Эгэл даруухан, эршүүд хээгүй, “Монголын анхдагч машинч эмэгтэй” гэсэн тодотголтой эрхэм үйлсийн эзэн Д.Цэндсүрэн гуайг би танина гэхээсээ илүү “Анхдагчийг харсан азтан” гэх нь үнэнд нийцнэ. Энэ бүхэн аавын минь,  ахмадуудын маань буян хишиг юм даа. Уурын тэрэгний машинч гэвэл хүмүүст энгийн сонсогдох боловч “Эмэгтэй машинч” гэхээр өөрийн эрхгүй бахархал төрнө. Ямар их эр зориг, хүсэл эрмэлзэл, сэтгэлийн тэвчээр тээж явсан бол. Энэ бүхний ард агуу их үйл хэрэг, уртаас урт он жилүүд тодрон үлдэх ажгуу. 
Төмөр замын түүхэн он жилүүдэд Д.Цэндсүрэн гуайн “Анхдагч” үүрд дурайж, үр хүүхдүүдэд нь үе дамжин дуурсагдана. Эмэгтэй машинч бэлтгэгдэж байна гэж сонсогддог ч дэлхийн “Анхны эмэгтэй машинч” гэж сонсогдоогүй. Тэгэхээр Монголын анхны эмэгтэй машинч маань дэлхийн анхдагч байх ч юм билүү. 
1988 оны наймдугаар сард Сүхбаатар татах хэсгийн бүтээлч ажил сурталчилах үйл ажиллагаа Сүхбаатар зангилаанд зохион байгуулагдах үеэр, тэр үеийн Сүхбаатар татах хэсгийн боловсон хүчин, Ашиглалт эрхэлсэн орлогч дарга, “Хүндэт төмөр замчин” Д.Батням агсан “Д.Цэндсүрэн бол Монголын төмөр замын машинч. Бид нэг л төмөр замд ажиллаж, нэг зорилгын төлөө зүтгэж байгаа. Д.Цэндсүрэн машинчийг ажиллаж байсан үеийн дараа 1980 онд “Салхит өртөөгөөр эмэгтэй машинч өнгөрлөө” гэсэн үг чих дэлсэж, татах хэсгийн хэмжээнд “Эмэгтэй машинч байна” гэсэн мэдээлэл олонд хүрч цацагдаж билээ. Гэтэл тэр нь ээмэг зүүсэн эрэгтэй хүн байсан юм. Энэ цаг үеийн цор ганц эмэгтэй машинч бол Д.Цэндсүрэн. Өөр эмэгтэй машинчийг би Монголын төмөр замын түүхэнд мэдэхгүй” хэмээн хөгжилтэйгөөр ярьсан удаатай. Ингээд алдарт машинч Д.Цэндсүрэн гуайг индэрт урьж, УБТЗ-ын Зүтгүүрийн албаны дарга Ц.Сандууз /УБТЗ-ын ГТХАБ хариуцсан орлогч дарга, хяналтын албаны дарга, халамжлан хүмүүжүүлэгч, “Алтан гадас” одонт/, Зүтгүүрийн аж ахуйн албаны ерөнхий инженер Д,Байгаль, Сүхбаатар хэсгийн дарга Д.Дамбийбалжир нар угтан авч, УБТЗ-ын дарга А.И.Долгийгийн тушаалыг уншиж танилцуулан, “Анхны эмэгтэй машинч”-ийн энгэрт “Хүндэт төмөр замчин” тэмдэг зүүсэн юм.  Энэ үеэс хойш 32 жилийн дараа миний бие Д.Цэндсүрэн агсны охин Ц.Сүрэн эгчийн урилгаар түүний амьдарч байсан Хэрхэнцэг уулын өвөр дэх гал голомтод нь зочиллоо. Гэрийн эзэн, Ц.Сүрэн эгчийн хань Дэмбэрэл гэгч сайхан буурал биднийг угтан авав. Хэдийгээр анх удаа очиж байгаа ч гэсэн тэдний энгийн, зочломтгой зан, аашинд татагдан, хамаатан садныдаа очсон мэт тухалсан юм. Бид Д.Цэндсүрэн гуайн ажил, алба, амьдралын түүхээс удаан хугацаанд хүүрнэн суухдаа, яг л тэр өдөр их алдартны маань 100 насны ой тохиож буйг сонсоод, маш их баярлаж, бэлгэшээснээ нуух юун. Ц.Сүрэн эгч өвөө, эмээ, аав, ээжийнхээ үе дамжсан түүхийг нямбайлан бичиж, нандигнан хадгалжээ. Түүний бүхий л үйлдэл, хариуцлагатай байдал, хэлж ярьж буй нь нягт нямбай байдлыг илэрхийлэх ажээ. Би дотроо “Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг энэ байх даа” хэмээн бахархан бодсоор суув. Хоёр буурал маань зургаан хүүхэд төрүүлж өсгөжээ. Хашаандаа хүнсний ногоо тарин хэрэгцээгээ хангачихна. Хүүхдүүд нь тэр хоёрын байшинг орчин үеийн загвар, технологиор засварлан шийдэж өгсөн байна. Хүү Д.Эрдэнэсүх, Д.Эрдэнэдорж нар нь Зүүнхараагийн вагон депод засварчин, гагнуурчны ажлыг гэрээгээр хийдэг. “Үүрэгт ажлаа сайн хийгээд, хамт олонтой болчихвол сайхан л байна” хэмээн хоёр хөгшин ярьж байв. 
1980-аад оны үед нэрт сэтгүүлч Ж.Нямдаш агсан тэднийхээр ирж, ээжтэй нь уулзан ярилцлага авч, “Ардын эрх” сонинд нийтлүүлж байжээ. Ц.Сүрэн “Хүүхдүүд маань эмээгээрээ их бахархаж, хүн бүрт л ярьж байдаг юм. Ээж минь нарийн төмөр замын туслах машинчаар ажил, амьдралын гараагаа эхэлсэн нь “Монгол Улсын анхны эмэгтэй машинч, төмөр замын ууган ажилтан” гэсэн сайхан нэр алдарт хүргэсэн. Анхдагч гэдэг анхдагчаараа л үлддэг юм байна. Ээжид минь хүнд, хэцүү үе тохиолдох ч, “Хэцүү байна, хүнд байна” гэж хэлэхийг нь сонсоогүй. Жинхэнэ шантрашгүй, мятрашгүй хүн байлаа. Мэддэг, чаддаг бүхнээ залууст зааж, сургана. Зүүнхараа солилцох тасгийн зааварлагч, машинч Д.Батням агсан уулзалт, ярилцлаганд байнга урьж оролцуулдаг байсан. Олон ч уулзалт, цуглаанд оролцож, ажлын туршлагаа ярьж, танилцуулсан байх. Олон ч сонин, сэтгүүлд нийтлэгдэж, туршлагыг нь түгээж байсан даа. Хэзээ ч мартагдахгүй түүхэн хүн болон үлдэж байгаад нь бид ээжээрээ бахархдаг. Хүү минь, чи “Уурын тэрэгнээс, ухаалаг зүтгүүрт тэмүүлсэн он жилүүд” номондоо ээжийн минь ажил үйлсийг шингээж, түүхэнд давхар мөнхөлж өгсөнд баярлалаа” хэмээн ярьсан юм. 
Тийм ээ! Монголын минь үр хойч, төмөр замын алтан ирээдүй, энэ алдарт сайхан хүнийг сэтгэлдээ шингээн, тархиндаа багтааж, үүрд санан, дурсаж байх ёстой. Ган хаттай, сэтгэлийн тэнхээтэй, агуу үйлст, эгэл нэгэн эмэгтэйн бахдам амжилтыг  бид мөнхлөн дуурсгаж, түүхэнд үлдээх ёстой билээ. 
Өнгөрснөөс суралцаж
Өдгөөгөөс арвижуулж
Шинэ бүхнийг сэтгэлд цогцлоох
Сайн үйлс бүхэн дэлгэрэн, мөнхжиг!

Д.Цэндсүрэн: Галт тэрэгний машинч болсон минь
-Миний бие 1947-1949 онд Нүхтийн аман дахь Сайд нарын Зөвлөлийн дарга нарын амралтад ажиллаж байсан. Нэг орой ажлаас тараад үйлдвзрийн зарлал үзэхээр очтол “Улаанбаатар хотод нарийн төмөр замын паравозын туслах машинчийн зургаан сарын курст суралцах хүмүүсийг элсүүлж авна” гэсэн зар байлаа. Түүнийг уншаад галт тэрэг жолоодоод, төмөр замын ажилтны гоё хувцас өмсөөд явах юмсан гэсэн хүсэл маш их төрлөө. Гэрийнхэндээ энэ тухайгаа хэлтэл тэд маань намайг дэмжиж билээ. Манайхан бүгд л “Вагоны жолооч болчихвол хэчнээн сайхан бэ” гэцгээв. Маргааш нь амралттай байсан тул өглөө эртлэн босоод Нарийн төмөр замын контор руу яаран алхлав. Ажлын цаг арай болоогүй байсан тул хэсэг хүлээж байгаад дотогш орлоо. “Курст суралцах хүмүүсийг энд бүртгэж байна” гэсэн хаягтай өрөөнд ортол бүртгэж авсан нэг сайхан ааштай ах “Эхлээд байгууллагаас чинь зөвшөөрөл авна” гэлээ. Ингээд ажил руугаа явж дарга дээрээ очоод “Би ийм нэг курст суралцмаар байна, болох уу” гэж асуулаа. Даргыг зөвшөөрөхгүй бол яах вэ гэж бодож байтал харин эсрэгээрээ “Залуу хүн сайхан ажил хийж сурч байх хэрэгтэй” гэж зөвлөөд, зөвшөөрөл олгож, тухайн өдөртөө ажлаа хүлээлгэн өглөө. Ингээд 1949 оны аравдугаар сарын 30-ны өглөө хичээлдээ ирэхэд 30 хүн байснаас надаас өөр эмэгтэй хүн байсангүй. Эхлээд ганцаараа эмэгтэй гэж бодоод их эвгүйцэж, больдог ч юмуу гэж бодлоо. Гэвч олон хүний итгэл алдаж болохгүй юм шүү гэсэн бодол минь дийлж, ямар ч байсан сурна, би чадна гэж өөрийгөө зоригжуулаад сурж эхэллээ. 1950 оны тавдугаар сарын эхээр туслах машинчийн онолын зургаан сарын курсыг төгсөөд анх нарийн төмөр замын 467 дугаар паравозоор ахлах машинч Чулуун, туслах машинч Дамдинжамц нарын удирдлаган дор дагалдангаар томилогдон онол практикийн дадлагыг хоёр сар шахам хийлээ. Энэ үедээ бас их бойтоглож, хоёр багшдаа зэмлүүлэхдээ зэмлүүлж, магтуулахдаа магтуулсаар машинчийн шалгалтаа сайн өгч туслах машинч боллоо. Ингээд хоёр жил гаруй туслах машинчаар ажиллаж байгаад 1952 онд жинхэнэ машинч болохоор 454 дугаарын паравозоор шалгалт өгөхөөр явахад ахлах машинч Намжил, замын орлогч дарга Муурай нар байхад нь маш их сандарч билээ. Налайхын нүүрсний уурхайн наадах Баянгийн даваанаас л зүрхшээсэн. Энэ даваа бол нилээн алсуур өгсдөг. Тийм болохоор хүч алдуулах вий гэж санаа зовж байсан юм. Гэвч сайн сургагч багш нарын хичээнгүй зааж зөвлөж байсан бүхэн минь надад тус болж шалгалтаа онцсайн өгсөн юм. Ингэж машинч болоод маш их баярлаж билээ. Тэр дундаа “Монгол Улсын анхны эмэгтэй машинч төрөн гарлаа” гэж дарга нарыг хэлэхэд өөрийн эрхгүй нулимс гарч, маш их баярлаж, өөрөөрөө бахархах шиг болж билээ. Жинхэнэ машинч болоод 466 дугаар паравозыг жолоодон Налайхаас нүүрс ачиж Улаанбаатар хот руу зөөдөг болсон. Энэ хугацаанд нэг ч удаа төлөвлөгөө нормоо биелүүлээгүй үе надад байгаагүй юм. Төлөвлөгөөг дандаа давуулан 120-125 хувиар биелүүлдэг байлаа. Галт тэргээ жолоодоод явж байхад хэчнээн сайхан гэж санана. Тэр тусмаа богино эргэлт тойруугаар явахад вагонууд маань яг л эхийгээ дагаад явж буй амьтад шиг харагддагсан. Ингэж анхны эмэгтэй машинч болж, эх орноо хөгжил дэвшилд хүргэхээр зүтгэж байлаа.

Би Монголын “Анхны эмэгтэй машинч”
Мөнх хөх тэнгэр доорх
Морин хуурын чавхдас мэт
Хос ган зам дээгүүр
Хүчирхэг уурын тэрэг жолоодсон 
Би эмэгтэй машинч 
Хүсэл сэтгэлээ даган
Хүчит галт тэргийг хөдөлгөсөн
Хөгжил дэвшилд тэмүүлэн
Хувь нэмрээ өргөсөн
Би азтай машинч
Аргамаг монгол хүлгээсээ
Аварга зүтгүүрт сууж
Алдар нэрээ таниулан
Алтан  нутгаараа аялсан 
Би анхдагч эмэгтэй
Эцэг, эхээс хайрласан нэрээр
Эрхт олноороо дуудуулж
“Анхны эмэгтэй машинч” алдраа
Эх орныхоо түүхэнд бичигдсэн
Би азтай хүн
Алтан дэлхийд бүүвэйн дуугаар
Аз дагуулан төрсөн би
Аварга зүтгүүрээр овоглон
Ард олондоо танигдсан
Би “Анхны эмэгтэй машинч”
Зохиогч: Д.Мөнхбат


Сэтгэгдэл үлдээх