Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-30

Төмөр замын тосгонд голомтоо бадраасан гэр бүл

Ахмадын баярын өмнөхөн манай редакциар Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, түүний хань манай сонины ахмад сэтгүүлч Д.Дашзэвэг нар зочилсон юм. Бид ч ховор сонин зочдоо олзуурхан угтаж, ажил, амьдралын нандин дурсамжаас нь хуваалцлаа. 
Д.Дашзэвэг эгч 1978-1996 онд “Найрамдлын зам”, “Өдтэй бичиг”, “Ган зам” сонинд ажиллаж, төмөр замчдын түүхийг сонин хэвлэлийн хуудаснаа мөнхлөн үлдээх үйлсэд 20-иод жил оюун бодол, авьяас билгээ зориулсан хүн. Түүгээр ч барахгүй төмөр замын буйдхан тосгонд төрж, өссөн удам залгасан төмөр замчин. Харин түүний хань Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайг манай уншигчид тайз дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээр нь мэднэ. 

Төмөр зам ахмадаа ирвэл баярладаг байгууллага юм
Д.Дашзэвэг “Би гэрийн ажилтай. Хүүхэд харсан шиг сууна. Өнөөдөр ахмадуудтайгаа уулзангаа төмөр замынхаа хишгийг (Төмөр замаас ахмадуудад жилд дөрвөн удаа олгодог мөнгөн тэтгэмжийг хэлж байгаа бололтой) авч явна. Харин манай хөгшин театртаа ажилласан хэвээр. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг үнэн юм байна” хэмээлээ. Тэр өдөр гэргийнхээ “морин жолооч” хийж яваа гэх Г.Мягмарнаран гуай “Ах нь төмөр замын ахмадуудад битүүхэн атаархаж явдаг. Төмөр зам бол ахмад нь ирвэл баярладаг байгууллага. Цаана чинь ахмад нь ирэхгүй бол баярладаг байгууллага зөндөө” гэхэд нь арай ч үгүй байлгүй дээ гэвэл “Үнээн үнэн. Байгууллага нь татан буугдсан, хувьчлагдсан харьяалалгүй ахмад зөндөө бий. Байгууллага нь байлаа ч дуудах нь байтугай яваад очвол “Та энд ажиллаж байсан юм уу? Яах гэж явна” гэж түвэгшээх маягтай байдгийг ахмадууд гомдонгуй ярьж явахтай олон таарлаа. Гэтэл төмөр зам нийгмийн гурван үеийг мартахгүй авч явна. Төмөр замын энэ туршлагыг улсын хэмжээнд бодлого болгоосой гэж би боддог. Өчигдрийг хэн авч явав, өнөөдрийг хэн бүтээж байна. Маргаашийг хэн залгамжлах вэ гэдэг бодлогыг тун сайн авч яваа газар юм даа. Ахмадын эмнэлэг, сувилал, амралт гээд халамж үйлчилгээ сайтай. Жилдээ нэг удаа үнэгүй төмөр замаараа аялчихна. Арга ч үгүй биз дээ. Төмөр зам Монгол Улсын эдийн засаг, улс ардын аж ахуйд асар өргөн далайцтай үйл ажиллагаа явуулдаг том байгууллага юм даа. Үүнээс гадна соёл, боловсролыг оруулж ирж, түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэгтэй салбар байлаа шүү дээ. Үүгээрээ Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн хөгжлийг хурдасгах нэг том хөшүүрэг болсон гэж би бодож явдаг юм. 
Тиймдээ ч “Төмөр замын вант улс” гэдэг нэр хүртэл авсан байх. Энэ бол бүхий л үйл ажиллагаагаа бие дааж явуулдаг байсныг нь хэлж байгаа хэрэг шүү дээ. 
Би Улсын Драмын эрдмийн театрынхаа Ахмадын зөвлөлийн дарга ухаантай. Манай театрт төмөр зам шиг ахмадууддаа тэтгэмж, тусламж үзүүлэх бэл бэнчин бага л даа. Гэхдээ ахмадуудаа хүлээж авах, шинэ уран бүтээлийн нээлтэд урих, цагаан сарын золголт, Урлагийн ажилчдын баяр, Ахмадын баярыг тэмдэглэх зэргийг үлгэр жишээ хийдэг. Харин татан буугдсан урлагийн бусад байгууллагын ахмадууд маань харьяалах газаргүй хэцүүхэн байх юм. Нэг л салбарынх юм чинь танайх намайг бүртгэж аваач гээд хүрээд ирвэл би театрынхаа ахмадын тоонд бүртгээд авчихдаг юм. 
Бидэнд төмөр зам шиг амралт, сувилалд явуулах боломжгүй ч шинэ уран бүтээлийнхээ нээлтдээ ахмадуудаа урьчихад тэд минь баярладаг. 
Төмөр зам шиг ахмадаа халамжилдаг өөр байгууллага би дуулаагүй. 
Хадам хөгшид минь ахмадаа дээдэлдэг сайхан уламжлалыг бий болгосон хүмүүс бол Н.Цэрэнноров, Р.Раш дарга нар гэж ярьдагсан. Энэ уламжлал нь одоо ч үргэлжилж байгаад өнөөгийн дарга удирдлагуудын ч гавьяа бий байх гэж ахмад хүний хувьд үнэлж, явдаг шүү” гэлээ. 
Д.Дашзэвэг “Үнэхээр төмөр зам минь биднийгээ мартдаггүйд ахмадууд бид баярлаж явдаг. Ээж минь Зорчигч үйлчилгээний төв буудлаас тэтгэвэртээ гарсан. Байсхийгээд л байгууллага дуудсан гээд явдаг сан. Ямар сайндаа манай хамаатнууд “Төмөр зам 80 гарсан ахмадаа дуудаад байдаг. Яасан сайхан юм бэ” гэцгээж байсан даа. Ээж минь өнгөртлөө “Төмөр замын минь буян их” гэж залбирч суудагсан” гэв.

Төмөр зам миний хоёр дахь театр юм шиг...
 Д.Дашзэвэг Аршаант өртөөнд өсжээ. Түүний аав П.Даваадорж, ээж Ц.Гунгаа нар 1955 оны төмөр замын илгээлтийн эзэд гэнэ. Аав нь ЭХУХ-ийн нэгдүгээр ангид насаараа ажилласан бол ээж нь сумчингаар ажлын гараагаа эхлүүлж, сүүлд Зорчигч үйлчилгээний төв буудалд кассираар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Тэрээр уг нь, Монголын радиод ажиллаж байж. Гэхдээ зүрх сэтгэл нь үргэлж төмөр замд уяатай байсан гэнэ. Аав, ээж нь ч охиноо ““Найрамдлын зам” сонинд ор. Төмөр зам дагасан хүний амьдрал ахуй өөдөлдөг. Наад зах нь байртай болно” гэж шавдуулцгаана. Ижий аавын хүсэл, охины мөрөөдөл ч ийнхүү нэгэн цэгт огтлолцож, төрөлх төмөр замдаа 1978 онд иржээ. Тэрбээр, “Би чинь таван настайдаа уншиж сурсан. Аав, ээж минь хамгийн түрүүнд үсэг заахдаа “Найрамдлын зам” сонины толгойг үсэглэж, нүдлүүлж байсан юм шүү” хэмээн инээмсэглэв. Тийнхүү 1978 онд “Найрамдлын зам” сонинд ажилд ороход нь аав, ээж хоёрынх нь хэлснээр тэр жилдээ төмөр замаас байр өгчээ. Энэ үед гэрийн эзэн “Төмөр зам бид хоёрт театраас өмнө байр өгсөн. Г.Мягмарнарангийнх гэдэг айл эцэг эхийн гэрээс өрх тусгаарлаж, төмөр замын тосгонд голомтоо асааж байлаа. Хүний амьдралын хамгийн чухал асуудал орон гэр шүү дээ. Түүнээс өмнө бид арваад жил хадмындаа байсан. Хүүхдүүд минь төмөр замын эмнэлэгт төрсөн. Энэ их айлын хүргэн болсныхоо буяныг чамгүй хүртсэн дээ” хэмээн бахархангуй өгүүллээ. 
Тайз дэлгэцнээ мөнхөрсөн олон сайхан дүрийг бүтээсэн уран бүтээлчийнх зундаа төмөр замчдын “Хүрхрээ” зусланд гарна. Зуслангийнхан оройдоо бөмбөг, шатар, даалуу, даам тоглоцгооно. Тэр бүгдэд Г.Мягмарнаран гуай төмөр замчидтай хамт л бужигнаж хөгжилдөж явжээ. Тэрбээр, “Оройд жүжиг тарангуут Энхтайвны гүүрэн дороос галт тэргэнд суугаад “Хүрхрээ” дээр буучихна. Бидний амьдрал ид сайхан цэцэглэсэн он жилүүд төмөр замтай салшгүй холбоотой шүү. Олон сайхан төмөр замчидтай найзалж, нөхөрлөж явлаа. Одоо харин бидний үеийнхэн цөөрч, уулзаж учрах нь ховор болжээ. Надад төмөр зам миний хоёр дахь театр юм шиг халуун дотно санагддаг” гэж сэтгэл догдлон өгүүллээ. 

Үүрээр үс толгойноос нь хар тугалга үнэртсэн хүн орж ирдэгсэн 
Д.Дашзэвэг гуай “Найрамдлын зам” сонинд анх ирээд захидал харилцаа хариуцаж байгаад дараа нь төмөр зам хариуцсан сурвалжлагчаар ажиллаж байлаа гэв. Түүний ярьснаар тухайн үед идэвхтэн бичигчдийн ирүүлсэн материалыг сонинд түлхүү оруулах бодлого барьж байж. Бүх зангилаа, өртөөдөд идэвхтэн бичигчтэй. Тэднээс ирсэн мэдээ материалыг боловсруулж сонинд оруулна. “Ардын хянан шалгах” буланд сонины нийтлэлийн мөрөөр хийсэн ажлыг шаардах хуудсаар нэхэн авч, заавал мэдээлдэг гэх. Ингэж бодохоор сонин уншигчдын хоорондын амьд харилцаа ёстой бүрэн утгаараа явж байсан бололтой. 
Тэрбээр, “Сонины нийтлэл их хяналттай гардаг байлаа. Материалаа эхлээд Намын хороонд хянуулна. Дараа нь главлитаар орно. Тэгж байж сая хэвлэлтэд шилжүүлдэг. Хэвлэлийн комбинатад хэвлүүлнэ. Салбарын сонин гээд манайхыг хойш тавиад төвийн сонин хэвлэлээ эхэлж хэвлэнэ. Бид ч “Одоо манай сониныг хэвлээд өгөөч” гэсээр үүр цайлгах энүүхэнд л дээ. Сонины сигнал унших одоотой адилгүй байлаа. Нэг л үг алдаатай, үсэг солигдсон байвал нөгөө боосон нүүрээ мөр мөрөөр нь авч дахиж өрүүлдэг байлаа” гэв.
Г.Мягмарнаран “Манай хөгшин чинь өдөр шөнө ялгалгүй, нойр хоолгүй энэ сонины төлөө явж байсан. Шугам замын томилолт, Замын даргын үзлэг, баяр ёслол гээд барааг нь харахгүй өдөр олон. Төмөр замын амжилт, ололт, алдаа дутагдал гээд бүхий л үйл явдлын халуун цэгт хүрч явсан байх.
Заримдаа “Сонины сигнал уншиж, хэвлэлтэд өглөө” гээд үүр цүүрээр үс толгойноосоо хар тугалга үнэртсэн хүн л орж ирнэ шүү дээ. Тэр бүрийд надад “Сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг ч амаргүй ажил юм даа” гэж бодогддог байлаа.
Гэргий нь “Эргээд бодоход залуу байсан тулдаа ажил амьдралын аливаа асуудлыг амжуулдаг байж. Өглөө болгон 07.30-д улс төрийн сонсголтой, Пүрэв гараг бүр лекцтэй. Манай хүн хавар 45, намар 45 хоног урлагийн бригадаар заавал явна. Бидний залуу нас бол бужигнаад л өнгөрч дээ” хэмээн дурсав.

“Зам” сонин, ногоон вагоны буян их
“Сэтгэлдээ үлдсэн хамгийн хөгжилтэй үеэ дурсана уу?” гэхэд “Төмөр зам Үнэгтэд туслах аж ахуйтай. Зоо техникчээр нь орос хүн ажилладаг байв. Нэг удаа сурвалжлагаар очтол малчид маань “Энэ орос зоо техникч их хэцүү зүйл шаардах юм. Адуугаа сойздож угаа гээд... Адуу угаах нь байтугай өөрсдөө ч усанд орж чадахгүй байна. Ямааны бөгс өтчихсөн чинь шарлага хийлгэ гэх юм. Хаана шарлага хийлгэх билээ” гэж байна. Энэ мэт хөгтэй зүйл ярилаа. Тэрийг нь бичээд тавьтал Зөвлөлтийн мэргэжилтэнг шүүмжилсэн гээд том зэмлүүлж билээ. Тухайн үед ямар нэгэн нийтлэл, сурвалжлагынхаа эцэст “Энэ бол Монгол-Зөвлөлтийн найрамдлын ач тус юм” гэж заавал дурдах нь бичигдээгүй хууль байлаа. 
1980-аад оны сүүлчээр манай сонин Намын хороогоо шүүмжлээд тавьчихлаа. Гэтэл Төв хорооны Үзэл суртлын хэлтэс дээр редакц бүрэн бүрэлдэхүүнээрээ дуудагдаж, “Намын хороогоо шүүмжилдэг сонин танайхаас өөр байхгүй” гэж банга хүртэцгээсэн дээ. Сонин гэдэг ч бас амаргүй алба шүү. Гэхдээ “Зам” сонины минь буян их ээ. 
Дээр үед юм ховор байлаа. Цагаан сар болохоор бид цагаан самар, хоргой, халуун сав, цагаан ултай хятад шаахай зэрэг ховор живэр юмыг төмөр замын Худалдааны баазаар цохуулж авдаг. Редакцийнхаа хүний тоог өсгөж, 15 хүнтэй гэж бичиж очоод “Цагаан самраасаа ахиухан өгчих л дөө” гээд л гуйж байгаад авчихдагсан гэхэд Г.Мягмарнаран гуай “Нээрээ социализмын үед юм ховор байсан. Ямар сайндаа, манай жүжигчид Улаан-Үд рүү тоглолтоор яваад буцахдаа вагоныхоо голоор өөрсдөө зөрөх аргагүй болтол нь ачаатай ирдэг байлаа. Монголд байхгүй гэсэн юм бүхнээс л авна. Амьтан ах дүүгийн гар дээр тавих гэж тэр шүү дээ. Тэглээ гээд төмөр замынхан маань уурлаж уцаарлаж, муухай аашлахгүй, хөөрхий минь. Улаан-Үдээс юу авчрах вэ? гэхэд хөхөрч “Юу эсийг авчрах вэ дээ. Манай хүн надаас илүү гэр орондоо нарийн ширийн зүйл авах дуртай. Нэг удаа их хөгтэй. Шалны мод авчирлаа. Алчуураа хавчуулаад дараад түгжчихдэг. Уг нь, их боловсон эд. Догшин хард тоглодог Л.Нямсүрэн бид гэр бүлийн найзууд. Тэгтэл Л.Нямсүрэнгийн эхнэр утсаар “Танай хүн юу авчрав? “ гэнэ “Шалны мод авчирсан” гэхэд учиргүй хөхөрч ямар инээдтэй юм бэ гэв. “Танай хүн юу авчрав?” гэтэл өөдөөс “Ялааны цохиур” гэдэг байгаа. Би тэгэхээр нь наад ялааны цохиур чинь харин хөгтэй юм биш үү гэтэл “Үгүй ээ, хээ мээтэй их гоё ялааны цохиур. Хүний гар дээр тавих юмтай боллоо” гэж байна. Тэгээд бид хэд утсаар ингэж яриад бөөн инээдэм болцгоож байлаа. Нээрээ л тэр үед бид сонин хуйлж байгаад ялаа алдаг. Эсвэл дугуйны дотуур хаймар хайчилж модны үзүүрт боогоод ялааны цохиур хийдэг байсан даа гэвэл гэрийн эзэн “Нэг ялааны цохиур, түүний гэргий боодол бохьтой хүнд өгөхөд ховор бэлэг шүү дээ. Тэр үед тийм л байж. Ногоон вагоны буянаар л тэгж их ачаа бараатай ирж байхгүй юу. Зах зээл, ганзагын наймааны үед энэ хэдэн ногоон вагоны ачаар Монголчууд идэх хоол, өмсөх хувцастай байсан гэдэг үнэн шүү дээ. Одоо бид гадаадын аль ч оронд очсон тэгж их дэлгүүр хэсэж элдэв юм авахаа больчихож. Яагаад гэвэл бүх зүйл Монголд байна шүү дээ гэцгээлээ.
Ийнхүү төмөр замын тосгонд гал голомтоо бадрааснаас хойш 40 гаран жил өнгөрчээ. Түүнээс хойш амьдрал ахуй сайхан явна. Хөвгүүд минь бүгд л ааваасаа “халдварлаж” урлагийн хүн болцгоосон. Урлаг гэдэг чинь мундаг “халдвартай эд” гээд “Харин охин минь багадаа сэтгүүлч болно гэдэг байлаа. Охин минь даанч өнгөрчихсөн” гэж Д.Дашзэвэг эгч амьдралын жаргал зовлон сүлэлдсэн он жилүүдийн дурсамжаа өндөрлөлөө.
Урлагийн тайзнаа домог мэт амьдарч буй нэгэн сод хүмүүний амьдралын ард эгэл жирийн сэтгүүлч эмэгтэй, эхнэр, ээж хүний үүрэг хариуцлагыг хэлтийлгэлгүй үүрсэн бол түмэн олны хайр хүндлэл хүлээсэн энэ эрхэм хүн өдгөө төмөр замчдын, төмөр замын буян хишгийг бахдан магтаж явна. Аливаа юм энгийн байх тусмаа агуу гэдгийг гэрчлэх шиг насны намрын нар ээсэн өдрүүдэдээ бие биедээ түшиг болон яваа энэ айлын хоёр баганыг харахад эрхгүй бахархах, хүндлэх сэтгэл төрнө. 
Д.Дашзэвэг эгч “Төмөр замын сонинд хориод жил ажиллахдаа олон сайхан хүмүүстэй уулзаж, учирч явлаа. Төмөр замчид бол ажилч хөдөлмөрч сайхан хүмүүс. Түүн дотроос сэтгэлд их тод үлдсэн нэг үйл явдал 1981 онд Хоолт-Баян хоорондын замд зорчигчийн галт тэрэг, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн том ослын талаар 10 жилийн дараа нэхэн сурвалжилж “Өдтэй бичиг” сониндоо нийтлэл бичиж байлаа. Тухайн үед дарагдаад өнгөрсөн тэр ослын үнэн мөнийг гарган бичихийг зорьсон юм. Тэр нийтлэлийн дараа машинч “Улаан” Д.Банзрагчийг “Гавьяат тээвэрчин” цолоор нэхэн шагнасан байдаг. Тэгэхэд л миний сэтгүүлч мэргэжил эзэмшиж, төмөр замын сонинд 20-оод жил ажилласны минь хэрэг бүтлээ дээ гэж бодож билээ. 1996 онд өвгөн бид хоёр бизнес хийе гээд Төв аймгийн Лүн суманд нэг зоогийн газар ажиллуулах болоод ажлаасаа гарсан даа. Харин 2003 онд тэтгэврээ тогтоолгоод Хэвлэх үйлдвэр, сониныхоо ахмадуудад “данслуулсан” хүн. Төмөр замчдын минь үйлс бүхэн өөдөө байг. Төмөр замын тухай сайн сайхан мэдээ дуулдах бүрийд баярлаж суух юм. Хааяа хэвлэхээрээ орж ирэхдээ “Ган зам” сониныхоо шинэ дугаарыг олзуурхан авч уншдаг. Сонины маань захиалга ч овоо байдаг бололтой. Та бүхэндээ ажлын амжилт хүсье хэмээн ерөөлийн сайхан үгээр яриагаа өндөрлөн гарч одлоо. 

Сэтгэгдэл үлдээх