Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-08-25

Мэндчилгээ

Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан УБТЗ-ын ХЗЭ-ийн ахмад ажилтнууд, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжлан авч яваа Залуучуудын төв байгууллагын идэвхтэн сонгуультан Та бүхэнд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ой, Монголын залуучуудын өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд УБТЗ-ын залуучуудын байгууллага асар их хувь нэмэр оруулсан бөгөөд УБТЗ-ын ХЗЭ-ийн байгууллага нь бүтээлч санал санаачилга, ажил үйлсээрээ улс орон даяар үлгэр дууриал болж, Монголын залуучуудыг амжилт ололт өөд уриалан дуудаж, манлайлж ирсэн бахархам түүхтэй, мөнхөд дуурсах гавьяатай юм. Энэхүү бахархам түүхийг өнөөдөр УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага нэр төртэй залгамжлан авч явахын төлөө хичээн зүтгэж байна.
Өнөөдөр УБТЗ-ын нийт ажилтнуудын 50 шахам хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа нь тус нийгэмлэгийн өмнөө тавьсан зорилтыг ханган биелүүлэхэд залуучуудын оролцоо, идэвх зүтгэл чухал болохыг илтгэн харуулж байгаа бөгөөд тэдний хүчийг нэгтгэж, бодлогоор зангидаж, идэвх зүтгэлийг нь өрнүүлэхэд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн нь төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн залуучууд хамтдаа хөгжиж, бие биенээсээ суралцах, нэг нэгэндээ үлгэр дууриал болох, нэгэн цул хамт олон болон хамтран ажиллахын давуутайг харуулахыг зорин ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд төмөр замын тээврийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, тээврийн хэмжээ тасралтгүй өсөж байгаа үед УБТЗ-ын өмнөө тавьсан зорилтыг биелүүлэхэд Залуучуудын байгууллагын үүрэг хариуцлага чухал тул бодлого, үйл ажиллагаагаа улам бүр чиглүүлэн ажиллана гэдэгт итгэж байна. 
УБТЗ-ын удирдлага Залуучуудын байгууллагаа дэмжиж, залуучуудынхаа хөгжил, нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллах болно. 
УБТЗ-ын амжилт ололт, хөгжил цэцэглэлтийн нэгэн даль жигүүр болж ирсэн ХЗЭ-ийн үе үеийн ахмад ажилтнууд, тэдний залгамж халаа- Залуучуудын төв байгууллагын хамт олон, нийт залуучууддаа амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл үлдээх