Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-10

Урсгал засварын төлөвлөгөөт дэр модыг хугацаанд нь хангах шаардлагатай байна

Энэ удаагийнхаа дугаарт Замын I ангиас сурвалжлага бэлтгэлээ. Тус анги 2020 онд 70 жилийн ойгоо тэмдэглэж, хэдийгээр цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл тулгарсан ч ойн хүрээндээ 70 бүтээлч ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн ажилчдынхаа идэвх санаачлагыг дээшлүүлж, бүтээлийг нь сурталчилах зорилгоор “Түүхт ойгоо өндөр бүтээлээр угтая” аяныг зарлан ойн нэрэмжит тугийг бүтээлч ажлын дэвтрийн хамт бүх хэсэг, цехээр аялуулжээ. Эдгээр ажлыг гүйцэтгэснээр өнгөрсөн онд гологдол гаргалгүй, галт тэрэгний барилт, дутагдлыг тус бүр хоёр нэгжээр бууруулжээ. Мөн үүрэггүй цэгийг өмнөх оноос хоёр, III зэргийн гэмтлийг долоо, баллыг нэг нэгжээр тус тус бууруулсан байна. Урсгал засварын ажлын хүрээнд 16 нэр төрлийн ажил төлөвлөснөөс найм нь материалын хангалтаас шалтгаалаад 52-87 хувийн биелэлттэй /үүнд гол зам өртөөний замд дэр мод, төмөр бетон дэр солих, сумын дүнз, металл эд анги солих, бэхэлгээ нэмэх, щебень нэмэх, хориг хашааны засвар зэрэг ажлууд/ бол,  найман ажлыг нь 100-402 хувиар биелүүлжээ. Хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар тус ангийн орлогч дарга Б.Нанзаддорж “Зам эрүүлжүүлэлтийн их засварын хүрээнд дунд засвар таван км-т, өргөлтийн засвар дөрвөн км-т, Дархан-1 өртөөний 1, 2, 3 дугаар замд 2775 погон метр төмөр бетон дэртэй Р50 зам төмөртэй их засвар, 15 дугаар замын засварын хүрээнд бага радиустай эсрэг чиглэлийн дөрвөн тахиртай байсныг 610 погон метр замыг хуулж шилжүүлэн тавьж хоёр тахиртай болгох, 2406 шоо метр ул шорооны ажил, 580м ус урсгах шуудуу, суман шилжүүлгийн өнцөг тохируулах, суман шилжүүлгийг комоор солих их засвар хийсэн. Түүнчлэн, 16 дугаар замаас Шарынголын чиглэлд зорчигчийн галт тэрэг явуулах нөхцөлийг хангаж Р43 1/9 маркийн суман шилжүүлгүүдийг Р50 1/11 маркийн суман шилжүүлгээр солих, хүлээн авах явуулах 4, 5, 10 дугаар замуудад чигжээс эрүүлжүүлэх их засвар, зам хоорондын шороог тэгшлэн засварлалаа. Шарынгол өртөөний зам, суман шилжүүлгийг цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжаар тоноглох, замуудын дохио байрлах хэсэгт Р43 зам төмрийг Р50 зам төмрөөр солих ажлыг аравдугаар сарын 23-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Зүүнхараа өртөөний Ачааны вагон засварын депогийн ачилт буулгалтын 24 дүгээр замыг хуулж, ул шороог 20-90 см хусалттай засварлан хэвгийг зассан. Мөн Түнх-Шатан хоорондын замын 277/278, 280 дугаар км-ийн 297, 300 метрийн радиустай КД бэхэлгээтэй тахируудад АРС бэхлэгээтэй нийт 1092 ширхэг төмөр бетон дэрээр тууш сольсон. Сүхбаатар-Дулаан хоорондын замын 29 дүгээр км 1-3 дугаар зуутад голын эргийн бэхэлгээний их засвар, Салхит-Эрхэт хоорондын замын 167 км гуравдугаар зуутад, Шарын голын 62 км долдугаар зуутад байрлах гармуудад хавтан сольж, 10 км уулын болон ус урсгах шуудууны их засвар, ЗТХ-ийн хэвийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор 4117 ширхэг давхар тросс тавьсан. Мөн бид Орхон-Энхтал хоорондын замын 80-89 дүгээр км-т замын “Техникийн байдлыг сайжруулах төсөл”-ийн ажлыг дөрвөөс зургадугаар сард гүйцэтгэж, тайлант зөвлөгөөнийг Замын аж ахуйн албаны хэмжээнд зохион байгуулсан” хэмээн танилцуулав. Цар тахлын үед Сүхбаатар, Дархан-1, Дархан-2, Зүүнхараа зэрэг томоохон суурьшлын бүсэд эрсдэл үүссэн. Энэ үед тус ангийнхан Замын ГХШ болон Замын аж ахуйн албаны зүгээс өгсөн чиглэлийн дагуу хөдөлмөр зохион байгуулалт, хяналт шалгалтыг зайнаас буюу цахимаар явуулж, хоорондын замд өдөр тутмын хяналт, үзлэг шалгалтыг хэрхэн гүйцэтгэх талаар ангийн түр журмуудыг боловсруулан мөрдөж ажиллажээ. Хяналт шалгалтыг ангийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд хуваарь гарган өдөр бүр зохион байгуулж ажилласан байна. Тухайн үед Сүхбаатар зангилаанд I хэсгийн 22 замчин ажлын байрандаа 16 хоног тусгаарлагдан Хойт зөрлөг, Сүхбаатар өртөөний зам сумын хэвийн ажиллагааг ханган ажилласан билээ. Замын ангийн хувьд хангайн бүс нутаг тул өвлийн улиралд хүйтний улмаас зам овойж хөлдөх асуудал мэр сэр гардаг. Харин арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхэн үед огцом хүйтэрснийг эс тооцвол өнтэй сайхан өвөл болсон байна. Хүйтний эрч нэмэгдсэн өдрүүдэд анги, хэсгүүдэд хариуцлагатай жижүүрийн хуваарийг батлан мөрдөж замд өдөр тутамд хяналт тавьж ажилласан бөгөөд замчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нэхий бээлий, эсгий гутал зэргийг нэмэлтээр олгожээ. 

Сэтгэгдэл үлдээх