Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-26

Ачааны манифестийн зөрчил 37.7 хувиар буурчээ

Гаалийн хэлтсийнхэн өнгөрсөн онд нийт есөн алба, хэлтсийн болон “МТЗ” ТӨХК-аас ирүүлсэн 366 удаагийн гаалийн бүрдүүлэлтийг хийж, 10466246.09 ам.долларын үнийн дүнг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүллээ.
Мөн Сүхбаатар, Замын-Үүд хилийн боомтоор нэвтрүүлж байгаа импортын ачааны манифест нийт 84511, экспорт болон транзит ачааны манифест нийт 99864 бичснээс 4.0 тэрбум гаруй төгрөгийн орлого оруулжээ. Тухайн жилд ачааны манифестийн зөрчил өмнөх оноос 37.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 12-нд Covid-19 цар тахлын хорио цээрийн дэглэм чангарч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Засгийн газраас экспорт ачаа, мөн импортоор ирж буй нефть, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, хүнсний ачаа, эм, эмнэлгийн хэрэгсэлд онцгойлон анхаарч ажиллах үүрэг өгсөн. Үүний дагуу арваннэгдүгээр сарын 27-ноос Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ, ГЕГ болон УБГГ хамтран цахим хэлбэрээр мэдээлэл солилцож, тухай бүр шуурхай арга хэмжээ авч ажиллав.
Ингэснээр гаалийн бүрдүүлэлт хийж олгогддог ачааны хэмжээ жирийн үетэй харьцуулбал, нефть, нефтийн бүтээгдэхүүн 36, хүнс, хүнсний бүтээгдэхүүн 53, бусад ачаа 11 хувиар тус тус өссөн байна. 
Гаалийн хэлтэс нь УБТЗ-ын болон Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан А-327 тушаалын дагуу ажлын уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн давхардлыг арилгах, тээврийн баримтын мэдээллийг цахим хэлбэрээр солилцох, цахим гарын үсгийг хэрэгжүүлэх ажлыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх