Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-10-07

Төрийн сүлдтэй дэд хурандаа

Цагдаагийн алба чанга алба. Аюул эрсдэл дундуур, айдас түгшүүр сөрсөн энэ алба бүсгүй хүн байтугай эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр зоригийг шалгадаг өндөр даваа. Тэгвэл энэ албыг 20 жил хашсан цагдаагийн дэд хурандаа Данзандагвын Шархүүхэнг энэ удаагийн дугаартаа урилаа. Урьсан зочноо хүлээж байтал шавилхан биетэй, гялалзсан эмэгтэй орж ирлээ. Түүний энгэрт өнгөрүүлсэн он жилүүдийнх гавьяаг илтгэх одон медаль гялалзах агаад түүн дотроос “Тэргүүний төмөр замчин” тэмдэг нүднээ содон, сэтгэлд дотно. 
Д.Шархүүхэн дэд хурандааг нэгэн үеийн төмөр замчид андахгүй мэдэх бизээ.
Тэрбээр, юмны учир мэдэхгүй балчир үедээ ааваасаа өнчирч хоцорсон ч ажил мэргэжлийг нь өвлөн нэгэн насны амьдралаа энхийн манаанд зориулжээ. Хэдийгээр гавьяаны амралтдаа гарч хэдэн жилийг ардаа үдсэн ч “Гар газар, хөл хөсөр” суусангүй. Өдгөө өмгөөлөгчөөр ажиллаж явна. 
Түүний аав Дэлгэрийн Данзандагва 1949 оноос Дотоод явдлын яаманд төлөөлөгч, 1957 оноос НАХЯ-ны харьяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байжээ. “Аав хаана томилогдоно ээж, ах бид гурав дагаад л явна. Миний хүүхэд насны хамгийн дурсгалтай үе Сайншанд, Зүүнхараа зангилаанд өнгөрсөн. Нэг зүйл санаанаас гардаггүй юм. Сайншандад байхдаа тоглож яваад жалганаас мөнгө олоод түүнийгээ бариад хар эрчээрээ гүйсээр аавынхаа туслах цагдаад аваачиж өгч билээ. Түүнийг бид “Цэрэн цагдаа” гэнэ. Тэгэхэд Цэрэн цагдаа “Миний хүү шударга, сайн байна” гэхэд нь жигтэйхэн баярлаж, том гавьяа байгуулчихсан шиг ихэд хөөрч байсан минь санаанаас гардаггүй юм. Харин Зүүнхараад очоод жил орчим болж байтал аав минь ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар өнгөрсөн. Би дөрөвдүгээр ангид, ах минь тавдугаар ангид байлаа, ээж ах бид гуравт Төмөр замын цагдаагаас Ж.Дорж хурандаагийн үед байр өгч, манайх хот руу шилжиж ирсэн дээ. Тэр үед төмөр замын 42 дугаар байр шинээр ашиглалтад орж байсан юм билээ. Энд ирээд ээж минь БҮН-д ажиллах болж, ах, бид хоёр 20 дугаар сургуульд орсон. 
Харин би дунд сургуулиа дүүргээд Анагаахын дээд сургуульд шалгалт өгсөн ч хүссэн ангидаа орж чадсангүй. Малын эмчийн ангид орохгүй гээд Төмөр замын Удирдах газарт нэг жил өлгүүрчнээр ажилласан. Тэр болтол би цаашид ямар мэргэжил эзэмшихээ шийдээгүй л явсан. Төмөр замын боловсон хүчин Думаажав эгч надад их сайн. Нэг удаа “Эмэгтэй хүнд хуулийн мэргэжил их зүгээр шүү. Чи хуулийн сургуульд ор” гэж зөвлөсөн. Ингээд их сургуулийн хуулийн ангид элсэхдээ би Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн нэр дээр явж байлаа. Гэвч төгсөхөд минь Дундговь аймгийн Хуулийн зөвлөгөө өгөх газрын эрхлэгчээр томилсон. Их сургуулийн анхны эрх зүйч-аж ахуйн ангийг төгссөн хэрэг л дээ. Тэнд Хуулийн зөвлөгөө өгөх газрын эрхлэгч-ахлах өмгөөлөгчийн албан тушаалд таван жил ажиллаад нөхрийнхөө хамт хот руу шилжиж ирсэн. Энд ирээд Төмрийн заводод хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад “Ер нь, өөрийнхөө мэргэжлээр ажиллая гэж бодоод Мөрдөн байцаах албанд орж, анхны томилолт Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг байв. Тэнд мөрдөн байцаагчаар 1993 оноос 1997 оны тавдугаар сар хүртэл ажиллаад Төмөр замын цагдаагийн хэлтэст ирсэн. Ахлах дэслэгч цолтой ирж байлаа. Цагдаагийн байгууллагад 20 жил ажилласны 15 жилд нь Төмөр замын цагдаагийн хэлтэст байлаа. Энэ хэлтэс надад их ээлтэй байсан даа. Аав минь цагдаагийн хошууч цолтой байсан юм. Энд ирээд би ахмад, дараа нь хошууч цол аваад аавынхаа цолонд хүрлээ гэж их бэлгэшээж байсан даа” хэмээн хуучиллаа.
Түүний ах ч мөн аавынхаа ажил мэргэжлийг өвлөн цагдаа болжээ. Ах нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс тэтгэвэрт гараад байгаа гэнэ.
Магадгүй тэднийг ийнхүү хоёул хоёулаа цагдаагийн ажил мэргэжил сонгоход тэдний өссөн орчин нөлөөлсөн бололтой. Тэрбээр, “Миний багад манай байранд цагдаагийн шилдэг эмэгтэйчүүд байсан. Ц.Итгэл дэд хурандаа, тухайн үед НАХЯ-ны дунд сургуулийн багш гээд цагдаа формтой гоё эгч явдаг байв. Манай сургуулийн Лувсандорж багшийн эхнэр Я.Цагаанчулуун гээд тэргүүний мөрдөн байцаагч эмэгтэй байсан. Хүүхэд байхад дүрэмт хувцастай эгч нар эрхгүй хараа булаана. Ямар гоё юм бэ гэж бодно. Гэхдээ тухайн үедээ хуулийн мэргэжил эзэмшинэ гэж бодож байгаагүй л дээ” гэж ярилаа. Ийнхүү ярихдаа өөрөө ч цагтаа олон охидод үлгэр дууриалал болохуйц гоё эгч явсан байхдаа гэж бодогдлоо. Төрийн сүлдтэй формоо өмсөөд гарахад танд юу бодогддог байв гэхэд “Ээж минь төрийн минь сүлд өршөө гэж залбирдагсан. Би ч гэсэн төрийн минь сүлд өршөөнө гээд шөнө өдөр гэлгүй дуудагдаад л явна. Бидний үед хүмүүс вагоноос нүүрс их буулгана. Зөөнө. Тэгж яваад галт тэргэнд шүргүүлэх, мөргүүлэх, дайрагдах тохиолдол их гардаг. Гар хөлөө тасдуулсан, амь насаа алдсан тохиолдол ч цөөнгүй байлаа. Тийм хэргийн газар очих юун нь таатай байх билээ. Бушуухан л хэргээ бүртгэж, хэргийн газрынхаа үзлэгийг хийж аваад галт тэргээ явуулахыг бодно. Барсын урд вагон шатахад очоод дотор нь байсан бүх барааг тоолоод өвлийн хүйтэнд 4-5 цаг гадаа зогсож байлаа. Хөлдөж үхэтлээ гадаа зогсож байхдаа “За дараа жил дулаахан гуталтай болно доо” гэж бодно. Бодсоор яваад амжилгүй д ахиад л дуудагдсан байдагсан. Залуу ч байж дээ. Эрүүл мэндэдээ анхаардаггүй. Өөрийгөө бараг төмрөөр хийсэн юм шиг хэнэггүй явдаг байж. Төрийн сүлдтэй дүрэмт хувцас бол хариуцлага юм билээ. Үүнийг би их хожуу анзаарсан. Төмөр замын цагдаагийн хэлтэст байхад манайх хэдэн жил наадмын бөхийн хамгаалалтад гарч байсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваа хүн наадмын гоёыг мэдэлгүй өнгөрдөг юм билээ. Сүүлд Өгөөмөр захын цагдаагийн хэлтсийн даргаар томилогдсон хойно наадмын хариуцлагатай жижүүрээ томилчихоод өөрөө хааяа нэг эргүүлээр очиж шалгана. Тэгэхэд завтай болж, анх удаа энгийн хувцас өмсөөд стадион орж, наадам үзсэн. Наадмын гоёыг анх мэдэрч, их сонин санагдаж билээ” гэв.
Түүнээс өмнө Төмөр замын цагдаад дэд хурандаа Ц.Итгэл, хошууч Н.Хандаа зэрэг эмэгтэй мөрдөн байцаагчид ажиллаж байж. Тэрбээр, гурав дахь үеийн эмэгтэй мөрдөн байцаагч аж.
Тухайн үеийн мөрдөн байцаагч нар хэргээ шалгачихаад, ялын төлөвлөгөөг өөрсдөө бичгийн машинаар бичдэг байсан гэх. Энэ тухайгаа “Нэг л уран зохиол шиг л урт юм бичнэ. Ялын төлөвлөгөөг бичээд, яагаад ийм зүйл ангид орж байгаа зэргийг нь тодорхойлно. Ер нь, мөрдөн байцаагч нарын ажил хүнд байсан шүү” 
Төмөр замын цагдаагийн хэлтэст анх ирэхэд М.Ганхүү хурандаа хэлтсийн дарга байлаа. М.Ганхүү хурандаа хүнээр ажил хийлгэж чаддаг хүн байлаа. Ажил хийж байгаа хүнийг маш их урамшуулна. Хөдөлмөрийн аварга болбол бараг сарын цалингаар шагнаад, Эрдэнэтийн ГОК-ийн амралтад амраах зэргээр маш их урамшуулдаг хүн байсан. Би энд ирээд 1997, 1998 онд хөдөлмөрийн аваргаар шалгарч байлаа. 
Түүний дараа Ц.Энхсайхан хурандаа хэлтсийн дарга болсон. Ц.Энхсайхан хурандаагийн үед манай гадаад харилцаа их сайн хөгжсөн санагддаг.
“Нарлаг Монгол” галт тэргэнд хамгаалалтад явдаг. Нэг офицер ахлаад дөрвөн цагдаатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй явна. Ганзагын наймааны оргил үе шүү дээ. Хэзээ хойно гадаад паспортаа үзэхэд 30 гаруй удаа явсан байсан шүү” хэмээв.
Г.Шархүүхэн Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулсан “Салж чадахгүй хайр” кинонд Ц.Энхсайхан хурандаа, Сайнхүү төлөөлөгч нартай хамт хэргийн газрын үзлэг хийж байгаагаар кино хальсанд дүрээ мөнхөлжээ. Түүний дараа хошууч цолтой байхдаа “Чонын алтан шагай” телевизийн олон ангит киноны зургадугаар ангид ч жижүүрийн албанд сууж байгаагаар мөн л туслах дүрд тогложээ. 
Түүнийг ажиллаж байхад Улсын мөрдөн байцаах албаны хэмжээнд эмэгтэй мөрдөн байцаагч ердөө 13 байж. Бүх дүүрэг, хэлтсийн мөрдөн байцаагч нарын нэгдсэн удирдлагатай. Сар бүр ажлаа дүгнүүлнэ. Тэр үед улсын хэмжээнд мөрдөн байцаагч нарын дунд анх удаа тэмцээн зохион байгуулахад оролцож, нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарч байжээ. Тэрбээр, “Тэр тэмцээнд оролцохдоо жолооны курс төгссөн ч УАЗ-469 машин бараг барьж үзээгүй байсан. Тэмцээнд оролцох гэж жижүүрийнхээ машиныг аваад стадион дээр ганц нэг орой очиж бэлтгэл хийсэн минь их хэрэг болсон. Тэмцээний үеэр дром дээр туг тойроод гараад ирэхэд надаас хөдөөний нэг мөрдөн байцаагч “Та хэдэн жил УАЗ-469 барьсан вэ?” гэж асууж билээ. Хуулийн тестэнд 100 оноо авсан минь өмнө нь өмгөөлөгчөөр хэдэн жил ажилласны минь хэрэг гарсан нь тэр. Буудлагад хэлтсээсээ гуравт ордог байлаа. Ер нь, хүн ямар ч үед байнга л өөрийгөө дайчилж суралцаж, чадахгүй ч чадахын төлөө хичээж байх ёстой юм билээ. Хүнд маш их нөөц боломж байдаг. Бид түүнийхээ маш өчүүхэн хувийг ашигладаг гэдэг шүү дээ. Залууст миний захих зүйл энэ” хэмээсэн билээ. 

Сэтгэгдэл үлдээх