Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-17

Ц.Сүхбаатар: Хэмнэсэн цахилгааных нь 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно

-Монгол Улсын Засгийн газраас ирэх долдугаар сарын 1 хүртэл цахилгааны тарифийг тэглэх шийдвэр гаргаад гурван сарын хугацаа өнгөрлөө. Энэ шийдвэр УБТЗ-д хэрхэн хэрэгжиж байна вэ?
-2020 оны арванхоёрдугаар сард дээрх шийдвэр гарснаас хойш айл өрх, албан байгууллагын цахилгаан, дулаан, усны тарифийг Засгийн газраас төлөөд явж байгаа. Үүний хүрээнд одоогийн байдлаар дөрвөн тэрбум 150 сая төгрөгийн цахилгааны үнийг төрөөс төлөөд байна. Энэ нь цар тахлын хөл хориотой холбоотойгоор албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, улмаар эдийн засгийн хямрал үүссэн өнөөгийн нөхцөлд айл өрх, албан байгууллагад маш их дэмжлэг болж байгаа. Долдугаар сар хүртэл энэ хэлбэрээрээ долоон тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлтийг Засгийн газраас үзүүлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Тус хуулийн дагуу УБТЗ-д тодорхой ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, Замын Ерөнхий инженерээр ахлуулсан Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл байгуулсан.
-УБТЗ-ын Эрчим хүчний зөвлөл чухам ямар бодлого хэрэгжүүлж байгаа талаар тодруулна уу?
-Тус зөвлөлийн эрхэлсэн үйл ажиллагааны хүрээнд УБТЗ-ын алба, хэлтэс, аж ахуйн нэгж бүрт тухайн байгууллагын инженер, эдийн засагчаар ахлуулсан салбар зөвлөлүүдийг мөн байгуулсан. Тухайн зөвлөлүүдийг байгуулснаар УБТЗ-ын цахилгаан эрчим хүчний чиглэлээр мэдэгдэхүйц үр дүнгүүд ч эхнээсээ гарч байна. Тухайлбал, 2020 онд УБТЗ 30 сая 10 мянган тонн ачааг тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ амжилтыг гаргахдаа нэг тонн ачаа тээвэрлэхэд 1.2кВт/цаг цахилгаан зарцуулсан байна. Гэтэл 2015 онд 19 сая тонн ачаа зөөхдөө тонн тутамд 1.7 кВт/цаг цахилгаан зарцуулж байсан гээд бодохоор Эрчим хүчний зөвлөл байгуулагдснаар цахилгаан эрчим хүчинд өндөр хэмнэлт гарсан нь илэрхий байгаа юм. Товчхондоо, төмөр замчид бид үр дүнгүй цахилгаан зарцуулалтаа хумьж, зохистой хэрэглээнд шилжиж чадсан гэсэн үг. Энэ бол хамгийн бодит хэмнэлт.
-Хэдийгээр эрчим хүчний хэмнэлт гаргахын төлөө хичээж ажиллаж байгаа ч цар тахлын хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор үргүй зардал нөгөө талдаа гарсан байх?
-Тийм шүү. Жишээ нь, Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд 2019-2020 онд цахилгаан эрчим хүчнийх нь зарцуулалт өмнөх оноос буурсан. Мөн Тээвэр зохион байгуулалтын албаны хувьд 0.2, Вагоны аж ахуйн албаны цахилгаан зарцуулалт 3.1 хувиар буурсан. Түүнчлэн, зорчигчийн галт тэрэг аялалд гарахгүй болсонтой холбоотойгоор Зорчигч тээврийн албаны хэмжээнд 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нөгөө талдаа Замын аж ахуйн алба болон ЦХОБ-ын албаны хэмжээнд цахилгаан эрчим хүчний зарцуулалт өссөн. Учир нь, өнгөрсөн онд 50 км замд их засвар хийсэн. Зүүнбаян-Тавантолгойн бүтээн байгуулалтад УБТЗ оролцож, шинээр Үе угсрах бааз байгуулагдсан, бетон дэр бэлтгэж явуулсан гэхчлэнгээр ажлын технологио дагаад цахилгааны хэрэглээ өссөн. ЦХОБ-ын албаны хувьд техник технологийн шинэчлэлт өөрчлөлт хийгдсэн. Тухайлбал, утаат яндангийн тоог бууруулж, агаарын бохирдолтой тэмцэх үүднээс Зүүнхараа, Улаанбаатар, Сайншандад байдаг галын галт тэргүүдийг цахилгаан халаалтад шилжүүлсэн. Онцгой нөхцөлтэй холбоотойгоор гурван вагоныг 24 цагийн хугацаанд бэлэн байлгахаас гадна 60 тонн устай цистерн вагоны усыг нь тодорхой хэмжээний дулаантай байлгахгүй бол өвлийн улиралд хөлдөх аюултай учраас ийнхүү цахилгааны зардал өссөн. 
-Замын хэмжээнд нийт дүнгээрээ эрчим хүчний хэрэглээ буурсан гэсэн үг үү?
-Энэ нь Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлүүд хичээж ажилласны үр дүн. Бид тэдэнд жил бүр тодорхой хязгаар тогтоож, өмнөх жилээс нь бууруул гэсэн үүрэг даалгаврыг өгдөг. Ер нь, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд “Жилд нэг сая кВт-аас илүү хэмжээний цахилгаан зарцуулдаг хэрэглэгчийг “Үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж нэрлэдэг. УБТЗ-ын хувьд 1300 км шахам төмөр зам дагуу үйл ажиллагаа явуулдаг 16.000 ажилтантай байгууллага учраас эрчим хүчний өндөр хэрэглээтэй байгууллага. Жилд дунджаар 120 сая кВт цахилгаан зарцуулдаг учраас цахилгаан эрчим хүчний хувьд ч, ус дулааны хувьд ч “Үүрэг хүлээсэн хэрэглэгч”-д тооцогдоно. Энэ ч утгаараа хэмнэлтийн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулсан. Үр дүнд ч хүрч чадсан гэж хэлэх байна.
-2021 он гарснаас хойш төмөр замчид хэдий хэмжээний цахилгааны хөнгөлөлт эдлэв?
-Оны эхний гурван сарын байдлаар 77 сая төгрөгийн төлбөрийн Монгол Улсын Засгийн газраас төлөөд байна. Энэ бол зөвхөн УБТЗ-ын хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр шүү дээ. УБТЗ өөрөө өөрийгөө санхүүжүүлж явдаг байгууллага учраас энэ хөнгөлөлтийг эдэлснээр багагүй хэмжээний зардлыг хэмнэж байна. Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд ч том дэмжлэг болж байна.
-Долдугаар сар хүртэлх хугацаанд төмөр замчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ илүү хэмнэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та харж байна вэ?
-Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлаа сар, жил, улирлаар нь төлөвлөн гаргадаг. Мөн цахилгааны хэмнэлтээс гадна дулааны хэмнэлт гэх ойлголт бас бий. Нэг үгээр хэлбэл, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийнхээ байшин барилгуудад дулаан алдагдлыг нь шал, тааз, хана, цонх гэхчлэнгээр багасгаад байвал тэр хэмжээнд нь дулаан хэмнэгдэнэ шүү дээ. Улмаар, хэмнэсэн дулаанаараа шинээр ашиглалтад орсон байшин барилгуудаа хангах зарчмыг баримтална. Монгол Улсын хэмжээнд шинээр ДЦС баригдахгүй байгаа энэ үед ийм л аргачлалаар зохион байгуулалт хийхээс өөр аргагүй.
-УБТЗ зарим объектоо хувиараа аж ахуй эрхлэгч нарт түрээсэлдэг шүү дээ. Тэдний зүгээс цахилгаан эрчим хүчний хэмнэлтэд хамрагдмаар байна гэсэн хүсэлт гарав уу?
-Худалдаа эрхэлдэг хэрэглэгчдийн зүгээс “Төрөөс цахилгааны төлбөрийг хөнгөлж байхад танайх хөнгөлсөнгүй” гэдэг гомдол бидэнд ирүүлсэн. Үүний дагуу бид Худалдааны албатайгаа хамтарсан комисс гарган ажиллаж нэгдсэн шийдэлд хүрсэн. Дээр нь, хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор Худалдааны албаны хэмжээнд цахилгааны хэрэглээ буурсан дүнтэй гарсан. 
-Цаашид эрчим хүчний үнийг нэмэх тухай шийдвэр гаргах түвшинд олон жил ярьж байна?
-Ер нь, Монгол Улсын Засгийн газраас цахилгаан эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулах бодлого баримталж байгаа. Эрчим хүчний салбарын хэмжээнд өнгөрсөн онд 51 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан шүү. Энэ нь, манай улсад цахилгааны төлбөрийг өөрийн өртгөөс нь хямд үнээр түгээж байгаатай холбоотой. Дээр нь цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөт байдалд шилжүүлээгүй. Үйлдвэрлэсэн цахилгаанаа ард түмэнд өөрийн өртгөөс нь хямд үнээр түгээдэг учраас салбарын хэмжээнд алдагдалтай ажиллаж байгаа. Тиймээс цаашид зах зээлийн зарчим руу шилждэггүй юм гэхэд үнэ тарифт нь тодорхой хэмжээний өөрчлөлт орно. Өнгөрсөн онд л гэхэд бид 1 кВт/цаг цахилгаан эрчим хүчийг 107.4 төгрөгөөр авч байсан. Энэ жилийн тухайд бид нүүрсний тээвэр, зорчигч тээвэр гээд нийгмийн чанартай ачаа бараанаасаа алдагдал үүрч байгаа учраас тодорхой хэмжээгээр дээрх үнээсээ бууруулж өгөөч гэсэн хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тавьсан. Үүний үр дүнд 105.44 төгрөг буюу өмнөх оноосоо 1.70 төгрөгөөр бууруулж авсан. Жилийн дүнгээрээ энэ нь 200 сая орчим төгрөгийг хэмнэлт авчирна. Гэхдээ долдугаар сарын 1-нээс хойш яалт ч үгүй цахилгааны үнэд өөрчлөлт орж таарна байх.
-Эрчим хүчээ сайн хэмнэсэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах журам бас гарсан юм билээ. Энэ тухайд тодруулна уу?
-Саяхан Замын даргын А-149 дугаар тушаал гарч, Эрчим хүчний хэмнэлтээс урамшуулал олгох тухай журам баталсан. “Хэмнэсэн цахилгааных нь 50 хүртэлх хувийн мөнгөн дүнгээр шагнана” гэсэн заалттай. Энэ тушаал өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд гарсан учраас одоогоор урамшуулал олгож эхлээгүй байна. 
-Цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хамгийн оновчтой арга юу байна вэ?
-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-т зааснаар Эрчим хүчний үндэсний хөтөлбөр, Замын түлш эрчим хүчний зөвлөлийн журам гэж бий. Үүний дагуу албаны машины гүйлтийг нь хэмждэг ухаалаг төхөөрөмжүүд суурилуулж байгаа. Маршрутын бус газраар явбал шууд мэдээлэх жишээтэй. Дээр нь, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг өргөнөөр нэвтрүүлэх. Байгалийн гэрлийг аль болох ахиухан ашиглах. Жишээ нь, зүтгүүрийн депо, вагон депо гэхчлэнгээр томоохон үйлдвэрлэлийн газруудын гэгээвчийг угааж, цэвэрлэн нарны тусгалыг сайжруулах, мөн том хаалгаар дулаан их алддаг учраас зүтгүүр ирж байгааг харах том цонхтой хийх, зүтгүүр ойртох үед автоматаар онгойдог болгох, том тасалгааны дулаан алдагдлыг бууруулахын тулд автомат мэдрэгчтэй халуун хөшиг суурилуулах гэрэг олон ажлыг хэрэгжүүлж байна. Мөн оффисын газруудад цагийн хуваариар ажилладаг цахилгаан халаалттай болгох зэргээр ухаалаг шийдлийг эрэлхийлж байна.
-Таны дурдснаар дулааны зардал Замын хэмжээнд хэр байна вэ. Дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийх шаардлагатай байна вэ?
-Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн дагуу Аудиторын үзлэг гэж хийдэг. Санхүүгийн аудиттай адил эрчим хүчний аудит хийж байна гэсэн үг шүү дээ. Саяхан бид хөдөлгөөнтэй холбоотой аж ахуйн нэгжүүдээс Улаанбаатар татах хэсэг, технологийн зориулалттай аж ахуйн нэгжээс Дохиолол холбооны II анги, нийгмийн хангамжийн чиглэлийн байгууллагаас БАҮ-ний I анги гэсэн гурван байгууллагад аудит хийлгэлээ. Тухайн аудитын дүнгээс харахад зарим барилгад дулаан алдагдал их байна. Тоолууртай болговол бас их хэмжээний зарлага гарна гэсэн үг шүү дээ. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүдийн дулаан алдагдлыг бууруулах нь чухал юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 
-Цахилгааны төлбөрийг хэдийгээр тэглэсэн ч хэмнэлттэй хэрэглэх нь чухал гэдгийг иргэд ойлгомоор байх шиг?
-Албан байгууллага бол өглөө, өдөр, орой гэсэн гурван хэлбэрээр цахилгааны төлбөрөө тооцуулдаг шүү дээ. Харин айл өрхийн шөнийн хэрэглээг бүхэлд нь тэглэсэн. Гэсэн хэдий ч хувь хүмүүс энэ цаг үед өөрсдөө үүргээ ухамсарлах хэрэгтэй. Наад зах нь цахилгааны хүчдэл хэтрэхгүй байх, цаад өргөн утгаараа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад иргэний хувь нэмрээ оруулж байна гэдгийг ухамсарлах ёстой. Тийм ч учраас бид иргэдэд видео шторк, тараах хуудас түгээх гэхчлэнгээр ухуулга сурталчилгааны ажлил олон арга хэлбэрээр зохион байгуулж байна. Түүнээс гадна иргэд маань үнэ хямдыг нь бодоод хуучны ламп авч ашигладаг. Гэтэл тухайн гэрлийн тусгал муу, асалтын хугацаа нь бага, тог зарцуулалт их байдаг. Тиймээс лед гэрлийг ашиглах нь илүү хэмнэлттэй юм. Бид өртөө, зөрлөгийн зам талбайн гэрэлтүүлгийг ч лед гэрлээр сольж байгаа. 2019 онд нийгэмлэгийн 70 жилийн ойгоор Улаанбаатар өртөөний гэрэлтүүлгийг бүрэн шинэчилснээс хойш нэг ч гэмтэл саатал гараагүй. Өмнө нь, сар бүр солих шаардлага гардаг байлаа. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд “Нарны зам” дагуу тавьсан лед гэрлүүд одоо хүртэл солигдоогүй хэвийн ажиллаж байна шүү дээ.
-Цахилгааныг хэмнэх чиглэлээр Замын хэмжээнд ямар ажил төлөвлөж байна вэ?
-Агааржуулалтын системээ байгалийн салхийг ашиглан ажиллуулдаг болгохоос эхлээд маш олон арга хэлбэр байж болно. Аж ахуйн нэгжүүд дээр чухам ямар санал санаачлага хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг одоогоор тодорхой мэдэхгүй байна. Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлүүдээр дамжуулан тухайн байгууллагуудын саналыг авч байгаа. Өнгөрсөн онд Зам хөрөнгө оруулалтын чиглэлээр бол Чулуун завод, Мод боловсруулах үйлдвэр, уурын зуухнууд зэрэг томоохон үйлдвэрлэлийн газруудад инвертер буюу цахилгаан хөдөлгүүрүүдийн эргэлтийг нь тохируулж, хуурмаг чадлыг нь багасган ашигт үйлийн коэффициентийг нь нэмэгдүүлэх зориулалттай төхөөрөмж суурилуулах зэрэг ихээхэн хөрөнгө оруулалт шаардах ажлуудыг төлөвлөсөн. Өнгөрсөн онд нийт 26-г хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 23 нь хэрэгжиж 84.4 хувийн биелэлттэй гарсан. 

Сэтгэгдэл үлдээх