Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-08-26

Хилийн өртөөний агентаас явуулын кассир хүртэл

“Төмөр зам гэх их айлтай хувь заяагаа холбоод өдгөө 35 жил болж байна. Манай төмөр зам сайхан шүү. Эгч нь тийм ч болохоор хоёр охиноо “Төмөр замчин болоорой” гэсээр байгаад ажил мэргэжлээ өвлүүлчихлээ” гээд жаргалтай инээх энэ эмэгтэйг Мажигийн Хандмаа гэдэг. Зорчигч үйлчилгээний төвийн явуулын кассираар олон жил ажилласан түүнийг төмөр замчид төдийгүй зорчигчид андахгүй ээ.
Уг нь, тэрбээр Сүхбаатар аймгийн Дарьганга нутгийн охин. Эцэг эхээс гурвуул, айлын бага. Хөдөөгийн хүүхдүүдийн адилаар хурга ишигний наагуур цаагуур гүйж, эцэг эхдээ тус дэм болж өсжээ. Гэтэл нагац эгч нь “Хандмаагаа хотын хүн болгоно” гэснээр хотод сургуульд сурах болжээ. 
Тэгэхэд нутгаасаа ахтайгаа машинаар гарч Сайншанд орж галт тэргэнд анх удаа сууж үзэв. Шөнө нэг их урт үргэлжилсэн гэрэл хараад охин ихэд сониучирхан “Ахаа энэ юу вэ?” гэхэд ах нь “Энэ чинь бидний суух вагон шүү дээ” гэжээ. Дотор нь суугаад явахад машиныг бодоход хамаагүй тухтай, ширээн дээр тавьсан цай цалгихгүй. Ер нь, “Вагон гоё юм байна” гэсэн анхны сэтгэгдэл нь 13 настай охины хожмын амьдралынх нь унаа болно гэдгийг хэрхэн төсөөлөх билээ. 
Ингээд 1979 онд нийслэлийн 33 дугаар дунд сургуульд орж, 1981 онд дүүргээд төмөр замын техникумд элсэн оржээ. Техникумыг 1985 онд төгсөөд Замын-Үүдэд хилийн агентаар нөхөртэйгөө хамт хуваарилагдаж очжээ. Оюутны ширээнээс ирээдүйн ханиа сонгож, гэрийн эзэгтэйн үүргийг давхар үүрсэн жаахан охин ийнхүү дээрээс нар шарж, дороос элс төөнөсөн говьд анх очиход халуун нь халгамаар санагдаж байж.
М.Хандмаа “Хилийн агент гэдэг улсын хил алхаж ажилладаг хариуцлагатай алба. Заримдаа машингүй үед Хятадын паравозонд суугаад хил гарна. Тэр нь их сонин санагдана. Яг л нөгөө кино хальснаас харсан нүүрс түлж, утаа, уур болон уухилан давхидаг паравоз шүү дээ. Бидний үеийнхнээс Замын-Үүдийн хилийн агентаар ажиллаж байсан бид л паравозонд сууж үзсэн байх даа. 
Тэр үед Эрээн өртөөнд очоод ачаа бараагаа тоолоод Хятадуудаар ачуулна. Дутаачихвий гэж их санаа зовж, аль болохоор нягт чамбай ажиллахыг хичээнэ. Гэхдээ шантарч байгаагүй. Энэ ажлыг л хийж би амьдралаа залгуулна гэж боддог байсан учраас тэгтлээ хэцүү хүнд гэж бодож байгаагүй .
Эрээн одоотой адил олонд нээлттэй байсангүй. Түүнээс “Тухайн үед хилээр гарч ажиллахад сонин байсан байх даа” гэвэл М.Хандмаа эгч тас тас хөхрөөд “Хилийн дээс алхаж ажиллана гэдэг их хариуцлагатай ажил шүү дээ. Гэхдээ хүүхэд л байж дээ. Эрээнд ажиллахад өдрийн хоолны мөнгө гэж бидэнд хоёр юань 50 мо өгнө. Би чихрэнд дуртай болохоор хоолны мөнгөөрөө чихэр авч иднэ. Тэр үед Замын-Үүд өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Норолхоосүрэн гэж хүн байлаа. Нэг өдөр дарга “Хандмаа чихэр идээд л явна уу. Чихэр идээд байлгүй ажлаа сайн хийгээрэй” гэж билээ. Дарга хэдийнээ намайг анзаарчихсан байж. Эмэгтэй л хүн болсон хойно Эрээн гарахаараа гялгар цалгар юманд нүд унагана. Ээлжиндээ зургуулаа гарна. Заримдаа бид мөнгөө нийлүүлж байгаад будаатай шаазан, хүүхний зурагтай нусны алчуур гээд манайдаа ховор живэр юм авчирна. 1987-1988 оны үед өвгөнт архи манайд орж ирээгүй байлаа. Бид чинь тийм өвгөнт архи авчираад бурхан дээрээ тавьдаг байлаа. Хүнд нэг өвгөнт архи, нэг нусны алчуур өгвөл ховор сонин бэлэг болно. Өвгөнт харин зах зээлээс хойш л ихээр орж ирсэн дээ” хэмээлээ”. Тэр үед хааяа үнэ зохиогч дээр хуваарилагдана. Тэр нь одоогийн тээврийн бичиг баримтыг бичгийн машинаар нэг бүрчлэн бичдэг ажил. Түүнээс би их төвөгшөөнө. Бичгийн машины үсгийг нэг нэгээр нь хайж бичих их хэцүү санагддаг сан. Алдчихвал ахиад эхнээс нь бичих хэрэг гарна.
Тэгээд 1990 онд хот руу шилжиж ирсэн дээ. Эхний хоёр жил Налайхын суудалд кассираар ажилласан. Хоёр вагон л явдаг байсан даа. Дараа нь уртын замд гарах болсон. Ид зах зээлийн үед кассир хийх ч амаргүй байсан даа. Туулай ихтэй. Хүмүүсийн амьдрал ч сайнгүй. Хүнээс мөнгө авна гэдэг амаргүй. Зарим нь мөнгөтэй мөртлөө өгөхгүй гэнэ. Үнэхээр өгье гэвч өгөх мөнгөгүй ядарсан нь ч таарна. Нэг удаа мөнгөгүй явууллаа гэхэд дараагийн удаа давардаг ч байна. Зарим нь энэ эгч өмнө нь мөнгөгүй үед минь ойлгосон шүү. Одоо өгөхгүй бол болохгүй гэх хүн ч таарна. 
Тэр үед вагоноор тэнэмэл хүүхдүүд хэснэ. Харин өртөө зөрлөгөөс сургуульдаа явдаг хүүхдүүд их хөөрхөн. Мөнгө атгачихсан хэрнээ энэ эгч надаас мөнгө авахгүй явуулчихгүй юм болов уу даа гэсэн харцаар харна. Зарим нь нуугдана. Магадгүй, мөнгө авахгүй бол буугаад нэг зайрмаг авна даа ч гэж боддог байх. Би хүүхдүүдэд тэр болгон хатуурхаад байж чаддаггүй. Хүүхэд яг үнэнээ л хэлнэ. Авч яваа томчууд нь хүүхдээ үнэгүй авч явах санаатай “4 настай” гэвэл “Үгүй ш дээ, эмээ би зургаан настай” гэнэ. Вагон дотор амьдрал өнгө өнгөөр “буцалж” явдаг их халуун дотно уур амьсгалтай орчин шүү. Тиймдээ ч би энэ ажилдаа жигтэйхэн дуртай. Ерээд онтой харьцуулахад одоо харьцангуй сайхан болж дээ. Үндсэн өртөөдөөс тасалбаргүй хүн бараг суухгүй. Завсарын өртөө, зөрлөгөөс суусан хүмүүс хэл ам татлахгүй тасалбараа авчихна. 
Дээр нь, манай хамт олон үнэхээр сайхан хүмүүс. Ажилдаа гарахдаа бөөн аз жаргал ирнэ шүү дээ. Гэрт дэх бүх асуудал мартагдана. 
Одоо ч эгч нь тэтгэвэрт гарах маань дөхөөд л байна. 35 жил ээлжийн ажил хийсэн хүнд бүтэн нойртой хоносон шөнө цөөн гэсэн үг. Ингэж бодохоор тэтгэвэрт гарах хугацаа ойртож байгаа нь сайхан ч насаараа олонтой бужигнаж явсан хүн чинь заримдаа энэ ажилдаа сэтгэл хоргодмоор санагдана шүү. 
Залуу байхад хоёулаа ээлжийн ажилтай болохоор хүүхдүүдээ 24-ийн цэцэрлэгээр хүмүүжүүлсэн. Харин хүүхдүүд том болоод сургуульд ороод ирэхээрээ том нь багыгаа хараад ар гэрээ аваад явчихна. Гурван хүүхэд маань багаасаа бие даасан даа. Охид маань одоо Толгойт өртөө, АБТЭМА-д ажилладаг. Тэд маань миний залуу нас шиг бас л ид завгүй насандаа явна. Заримдаа “Ээж гэрт очоод хоол хийгээдэхээрэй. Хүүхэд цэцэрлэг, сургуулиас аваадахаарай” гэнэ. Нэгнийд нь очиж хоол хийгээд нөгөөгийнх нь хүүхдийг цэцэрлэг сургуулиас нь аваад л... Эмээгийн үүргийг гүйцэтгэхдээ бас дуртай. Зургаан зээтэй “архаг” эмээ болсон. Одоо зав л гарвал зээ нартаа цагаа зарцуулна. Манайх Түнхээс наахна зуслантай. Зундаа ажлаасаа буугаад “Барс” орж хоол хүнс цуглуулж аваад зуслан руугаа вагонд суугаад л явна. Тэндээ жаахан жимс ногоо тарьчихна. Ажилдаа гарахдаа вагондоо суугаад хүрээд ирнэ. Энэ хэдэн ногоон вагон миний амьдралын салшгүй нэг хэсэг юм даа” гэв. 
“Та ер нь их хөнгөн шингэн гялалзуур хүн юм аа” гэхэд “Би эцэг эхээс гурвуулаа миний аав, ээж хоёр малчин улс. Аав, ээж минь маш хөдөлмөрч, биднийг зүгээр суулгаж сургаагүй. Багад аав ээж биднийг өглөө эрт босгоно, өдөр унтуулахгүй. Багаас тогтсон ийм хүмүүжил гээгддэггүй юм байна. Одоо 06.00 цаг гээд л өөрөө сэрүүлэгтэй юм шиг сэрчихнэ. Ээлжтэй үедээ заримдаа жаахан ядарвал өртөө, зөрлөг хооронд 10 минут нүдний “хор” гаргая гэхэд яг л тэр хугацаандаа дугхийгээд л сэргэчихнэ. Манайхан хэдхэн минут хурхирч унтаад дороо босоод ирэх юм гээд байдаг юм. Олон жил ээлжийн ажилдаа бүр дасан зохицчихсон юм хэмээгээд инээмсэглэлээ.
“Та олон шавьтай болсон байх. Залууст юу гэж захьдаг вэ?” гэвэл “Зөв л яв. Зөв яваа хүний ажил амьдрал аандаа тэгширдэг гэж хэлэх дуртай” гэв.
 Настайчууд “Ширмэн тогоо хан хийтэл инээдэг” гэж ярьдаг сан. Хандмаа эгч цангинатал тас тас инээнэ. Хаана ч инээд цалгиаж, шулуун гүдэсхэн, ясны хөдөлмөрч зан нь цухасхан яриан дундаас илэрхий харагдах. Бидний богино, боловч “амттай” яриа дуусав уу, үгүй юу л “Эгч нь яарч яваа ” гэсээр гарч одсон . Тиймээ, тэд завгүй ч ажил, амьдралын өндөр хариуцлагыг нуруундаа “үүрч” сурсан хүмүүс. Ажлаа хийсэн шиг хийж, амьдралаа ч ян тан төвхнүүлээд “гялалзаж” явдаг ийм л хүмүүсээрээ бид бахархдаг билээ.

Сэтгэгдэл үлдээх