Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-08-18

“Ган үзэг-2020” наадамд замчид өнгөллөө

Төмөр замын салбарыг үгийн ур, найргийн онгодоор хөглөдөг “Ган үзэг-2020” яруу найргийн наадмыг өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн наадмыг зөвхөн төмөр замчин яруу найрагчдын хэмжээнд зарласан бөгөөд цар тахлын онцгой дэглэм тогтоосон цаг үеийн байдлаас шалтгаалж уралдаанд оролцогчдын бүтээлийг цахим хэлбэрээр авч, шүүснээрээ онцлогтой байлаа. Энэ удаагийн наадамд нийт 26 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 13 яруу найрагчийн бүтээл шалгаран шагналт байрны төлөө өрсөлдсөн юм. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг шууд дамжуулалт буюу цахим сүлжээний “Live” хэлбэрээр үзэгч сонсогчдод хүргэлээ. Тус наадмын ерөнхий шүүгчээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч, түүхийн ухааны доктор Д.Болдхуяг, шүүгчээр МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, Утга зохиол судлаач, докторант, “Ган зам пресс” төвийн дарга Ө.Батзориг нар ажилласан юм. Ингээд “Ган үзэг-2020” яруу найргийн наадмын тэргүүн байрт Замын I ангийн замчин М.Мөнхбаатар, дэд байрт Замын IV ангийн V хэсгийн бригадын дарга, яруу найрагч Б.Нацаг, гутгаар байрт МУГТ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ю.Идэрчулуун, шагналт байранд ахмад төмөр замчин Г.Равдан, “Ган зам” сонины сэтгүүлч Б.Дэлгэрхишиг нар шалгарлаа. Дашрамд дурдахад, “Ган үзэг-2018” наадмын тэргүүн байрын эзэнд Вагон ашиглалтын депогийн хамт олон дурсгалын алх дагалдуулсан бол 2019 онд дээрх уламжлалыг Улаанбаатар зүтгүүрийн депогийн хамт олон үргэлжлүүлж, “Ган үзэг-2020” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэд Замын II ангийн хамт олон дурсгалын алхаа хадгалууллаа.
Энэ үеэр наадмын ерөнхий шүүгч “Болор цом”-ын эзэн яруу найрагч, түүхийн ухааны доктор Д.Болдхуяг “Юуны өмнө ямар ч хэцүү бэрх цаг үед салбарынхаа түүх, төмөр замчдынхаа оюуны бүтээлийг тасралтгүй дэмжиж ирсэн УБТЗ-ын удирдлагуудад талархал илэрхийлье. Энэ наадмыг шүүн тунгаах явцдаа би хэдий өөр салбарын хүн боловч төмөр замчдаараа үнэхээр их бахархлаа. Энэ эгэл жирийн төмөр замчид дунд ямар гайхалтай авьяаслаг яруу найрагчид байдгийг биширлээ. Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн энэ үед техник технологийн дэвшлийг ашиглан түүхэн уламжлалаа алдахгүй “Ган үзэг-2020” наадмыг амжилттай зохион байгуулсан МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын хамт олонд ч мөн халуун талархал илэрхийлэх нь зүйтэй. Энэ наадмыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэхийн хэрээр төмөр замын сэдэвт шүлэг зохиолын сан улам бүр арвижиж, тэр хэрээрээ олон чадварлаг яруу найрагчид төрөн гарах нь хамгийн том хөрөнгө оруулалт юм” гэв.
Мөн энэ үеэр МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын эрхлэгч М.Наранболд “Ган үзэг-2020” наадамд бүтээлээ ирүүлсэн нийт төмөр замчин яруу найрагчдад баяр хүргээд тэдний оюуны бүтээлийг дэмжиж “Ган үзэг” яруу найргийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр тасралтгүй ажиллаж ирсэн УБТЗ-ын Захиргаа болон Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Хүрэлбаатарт нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье” гэв.
Ингээд эхний таван байрт шалгарсан яруу найрагчдын бүтээлээс төмөр замын сэдэвт шүлгүүдийг уншигч та бүхэнд хүргэе.

“Ган үзэг-2020” наадмын тэргүүн байрын эзэн Замын I ангийн замчин, яруу найрагч М.Мөнхбаатар 
“Дэмчигийн долоо”
Дэмчигийн долоо гээд
Долоон тэрсхэн хөвгүүн
Төмөр замын жижигхээн зөрлөгт
Тараг идэж, боорцог халааслаж өсжээ
Усанд явсан ч
“Дэмчигийн долоо” гээд
Уулзсан хүмүүс живэр живэр гэлцэнэ
Модонд явсан ч 
“Дэмчигийн долоо” гээд
Морьтон хүмүүс жуг жуг гэлцэнэ
Тараад гүйхээрээ тэд хөл бөмбөгийн баг
Тэврэлдээд наадахаараа тэд наадмын бөхчүүд шигээ
Босож, суухдаа ч 
Өндөр намын эгнээ ер алдахгүй
Бие биеэ хайрлан хүндлэх ах дүү долоо
Би, чи дээ тулж ер үзээгүй журамт эрс
Дэмчиг гэхээр л бүгд андахгүй ээ замчид
Долоон сайхан хүүгээрээ алдаршсан юм
Дэмчиг гэхээр л бүгд андахгүй ээ бүсгүйчүүд
Долоон сайхан хүүд нь уягдсан юм
Гэвч
“Дэмчигийнх хэцүү еэ” гэж толгой сэгсрэгсэд
Худлаа өрөвдөж хаалгаа түгжигсэд
“Алив” гэдэг ч 
“Араас дагах вий” гээд зугатагсад
Амиа бодоод сүүдэрт суугаад зарагсад
Нэр зүүсэн ямх мэт тэднийг
Нэг л өглөө сэрэхэд нь
Дэмчигийн долоо бүгдээрээ
Төмөр замчин болчихжээ
Мөрөн дээрээ алтан тэмдэгтэй
Долоон хүүг галт тэрэгнээс буухад нь
Мөнөөх Дэмчигийн 
Асгардаг хөлс
Алтаар урссан даа
Ай, хөөрхий

Дэд байрын эзэн Замын IV ангийн V хэсгийн бригадын дарга, яруу найрагч Б.Нацаг
“Мөнгөн зам”
Дээрээс нь харахад морин хуурын чавхдас шиг хос зам
Дэргэдээс нь ажиглахад дархан хүний дөш шиг зам
Дэр мод нь зам төмрөө бөхөлсөн уулзварт зам
Дээгүүр нь галт тэрэг хурдлуулсан ган зам
Дэлхийн тэнхлэг дундуур зурайсан гол зам
Дээдсийн өгсөн газар шороог тамгалсан зам
Дээлийн минь энгэр шиг тахир зам
Дэнхэл донхолгүй шулуун зам
Ахан дүүсийн барилдлагатай найрамдлын зам
Ариун мөрөн шиг долгионтсон мөнгөн зам
Амраг хосууд шиг хөтлөлцсөн учралын зам
Аяа замчин бидний хүлцэлд нь арчилдаг зам
Өрнө зүгээс гэрэл гийгүүлсэн зам
Өргөн говьд салхи исгэрүүлсэн зам
Өтгөн ойд сар аргамжсан зам
Өртөө зөрлөгт галт тэрэг амраасан зам
Нарны цацрагнаас уяатай юм шиг зам
Нарийхан хоёр гол урсаж байгаа юм шиг зам
Бух тэрэгний хүрдийг нар зөв эргэлдүүлсэн зам
Бугын эвэр шиг салбарласан хөгжлийн зам
Хүн ардынхаа хүслийг биелүүлж яваа зам
Хөх Монголынхоо жаргал, зовлонг даасан зам
Хүүхдийн зулай шиг эмзэг зам
Хүн бүхэн гар хүрдэггүй хэцүү зам

Гутгаар байрын эзэн МУГТ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ю.Идэрчулуун 
“Галт тэрэг чи миний хүүхэд”
Баяртай гэж чамайгаа үдэж зогсоход
Би яваагүй хэр нь
Яваад байгаа юм шиг
Бахим цул ган хүрдүүд
Байрнаасаа хөдлөөгүй гэмээр хөдөлж
Хөл дор дэр мод тоолон
Холын холдоо галт тэрэг шуударлаа
Намайг хүлээнэ гэж үгүй галт тэрэг
Миний үгээр зогсоно гэж үгүй галт тэрэг
Хүн төрөлхтөн чамайг
Хүүхдийн тоглоом шиг
Цаасан дээр эхлээд зурсан
Цагийн баадуу шиг түлхэж үзсэн
Газар дурандах 
Ганц эрээн шонгоос
Галт тэрэг чиний өлгийг эсгэсэн
Дотоод шаталтын хүчийг чинь
Данхтай цай дэвэрч 
Тагаан чулуудах шидээс мэдсэн
Тогоотой өрөм ханзлахгүй
Тогтсон хурдыг чинь
Тоон гаргалгааны 
Тоосноос олсон
Галт тэрэг чамайг бид
Хүүхэд шиг хөтөлсөн хэр нь
Өөрсдөө дотор нь
Үлгэр шиг жаргаж
Хүүхэд шиг эрхэлдэг
Төмөр замаа морины нуруу шиг хотолзуулан
Тэнхээлэн шуурах галт тэрэг чиний
Төмөр давтсан салхины амт
Түлш тос арсалдаж ассан нь
Хэт цахиур уул л гэлтэй
Хачин дотно ойрхон байдаг
Өсөж төрсөн галын амьсгаатай
Өөрийн минь гэртэй ижил бодогддог
Гараас нь хөтөлж “хүн” болгосон
Галт тэрэг чи миний хүүхэд ээ

Тусгай байрын эзэн “Ган зам” сонины сэтгүүлч Б.Дэлгэрхишиг
“Армаг хүлгийн нуруунаа”
Харлаг морь минь зүүдэн дунд үүрсэнэ
Хазаарын амгай нь зүрх догдлуулан шаргина
Дэл сүүл нь үлгэрийн мэт намилзаад
Дэрсний үзүүрийг нахилзтал тургилна
Хөрстийн амьдралд жигүүр болсон хүлгийн минь
Хөлсний нь үнэр самсай шархиртал ханхийнэ
Хөл толгой нь тэнгэрийн салхитай ижилсээд
Хөөрсөн сэтгэлийг минь хурайланхан янцгаана
Найман ганзага сугсарсан арван цагаантай эмээлд нь
Нарны цацраг гялбаад хараа булаан үзэгдэнэ
Настан буурлын минь өвлүүлсэн яргай зандан ташуур 
Намайг даллан дуудах шиг жийжүү дөрөөнд харшина
Үүр шөнийн заагаар гүн нойрноос сэрлээ 
Үүлэн харыгаа зураглахаар үзгээ би шүүрлээ
Ган төмөр дугуйнууд нэгэн хэмээр товшилж
Галт тэрэгний явдал бүүвэйлэнхэн довтолгоно
Гаднах байгаль цонхоор он цаг шиг урсаж
Газрын холд алжаасан аянчин гийчид нойрсоно
Яруу уянгалаг дуут дохио
Янцгаах хүлэг шиг жавхаатай
Ялдам бүсгүйн дотно ааль
Ятгын эгшиг шиг намжиртай
Тэртээ холыг зорьсон сүүн замын энгэрт
Тэнгэрийн одод чуулаад гялтагнанхан наадна
Тэнгис далайг гаталсан хос загалын магнайд
Тэнгэрлэг Монголын минь сүлд омог бардам тодорно
Үүлэн харын дүртэй ган хүлгийн хатираанд
Үйтэнхуар шиг найргийн онгод хийморийг шившлээ

Тусгай байрын эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Равдан 
“Эр хоёр Загалын дуулал”
Зүтгэж яваа зүтгүүр нь 
Зүү шиг ч юм шиг
Зүүгдэж яваа цуваа нь
Утас шиг ч юм шиг
Утас зүү шиг илчит тэрэг
Уул давааг сүвэлнэ
Урагшлан одох аян
Уудам алсыг шаглана
Тэмээн жингийн цувааг
Тэргэн хотхоноор сольсон
Үхэр тэргийн жимийг 
Үлгэрийн замаар халсан
Түмэн тэмээний ачаатай
Мянган бээрийн аянтай
Нарлаг Монголын ган зам
Найрамдал энхийн ган тууз
Энэ замыг эмжиж
Эх орон минь цэцэглэсэн юм
Энэ замыг эзэмшиж
Эгэл замчин цэнгэсэн юм
Хоёр хөршийг холбосон
Хос ган чавхдас
Хойшоо, урагшаа аялсан
Эр хоёр загал
Монгол үүх түүхийг
Моторын дуугаар бичсэн юм
Морьтон түмний заяаг
Далан жил дархалсан юм
Энэ замаар залуус 
Эрдмийн аянд мордсон юм
Энэ замаар хүмүүс
Ирээдүй рүү зорьсон юм
Насыг нь асуувал далтай
Намтрыг нь сөхвөл цолтой
Дөрөөлдөг дөрөөндөө сүүтэй
Дөргөдөг жиндээ зурхайтай
Нарлаг Монголын илчит тэрэг
Найрамдлын наранд аялдаг юм
Газрын жигүүр дэлгэн
Ган замдаа ергөдөг юм
Энэ замаар хөлжиж
Эх орон минь хөгжсөн юм
Энэ замаар дэгжиж
Эрхэм түмэн минь хөгжсөн юм
Хуурын хоёр чавхдас шиг
Ган зам хөврөхөд 
Дуурийн симфон найрал шиг
Ган хүлэг нүргэлдэг юм
Тив дэлхийг сүлжсэн
Хос судас лугшихад
Тэлмэн жороо морь шиг
Илчит тэрэг ергөдөг юм
Бүрээн дуу татах шиг
Бүлээн дохио уянгалахад
Бүтэн сайны амралт шиг 
Сэтгэл нэг тэнийдэг юм
Газарт шагласан ган зам
Шугамдсан юм шиг зурайна
Гар өргөхөд зогсохгүй
Галт тэрэг жирийнэ
Моторын дуугаар цуурайтсан
Монголын төмөр зам
Эрийн хийморь сэргээсэн
Эр хоёр загалтай
Эх орон соёрохсон
Энгэр дүүрэн одонтой

Сэтгэгдэл үлдээх