Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-30

Жижиг илгээмжийн үйлчилгээ нээжээ

Зорчигч тээврийн төв “Жижиг илгээмжийн үйлчилгээ” шинээр нээсэн нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болоод байна. Тус төвийнхөн 0.5-4.5 кг хүртэлх жинтэй илгээмжийг тусад нь хүлээн авах үйлчилгээг сар гаруйн өмнөөс нээжээ. Дээрх хугацаанд шинэ үйлчилгээгээр 4423 хүн үйлчлүүлж, 13.4 сая төгрөгийн орлого олсон байна. Төмөр замын жижиг илгээмжийн тариф хувийн автомашинтай иргэдэд илгээмж дайхаас 2-3 дахин хямд байгаа тул үйлчлүүлэгчид ам сайтай байгаа юм. Түүнчлэн, ийм илгээмжийг тусад нь хүлээн авах нь тээшийн хэсэгт хүний бөөгнөрлийг сааруулах, иргэдэд шуурхай үйлчлэх хоёр талтайг Зорчигч тээврийн төвийнхөн онцолж байна.  Ковид-19-ийн дотоодын халдвар эрс нэмэгдэж буй тул тус төвийн Тээшийн цехийн ачилт, буулгалт, тээш ачаа тээш олголтыг технологийн дагуу гүйцэтгэж, үйлчлүүлэгчдээр QR код уншуулах, хоорондын зайг баримтлуулах, халдвар хамгаалалтын дэглэм мөрдөж ажиллахад онцгой анхаарч байгаа аж. Өдөрт нэг ээлжинд 3-4 тасалбарын нярав, ачаа тээш хүлээлцэгчтэйгээр гурван зэрэг ачаа тээшийг хүлээн авч, олголтыг тусад нь нэг агуулахаас олгохзохион байгуулалт хийжээ. Үүний зэрэгцээ, ажилтнуудын биеийн байдалд тогтмол хяналт тавьж, нэг удаагийн амны хаалт, бээлий, малгайг хэрэглээний хэмжээгээр олгож, өөрсдийн хүчээр утаат мананцраар ариутгалыг нийт ажлын байрт тогтмол хийж, халдваргүйжүүлэлтийг зохих түвшинд ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх