Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-10

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх УБТЗ-д ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилтай танилцлаа. Ерөнхий сайд Зорчигчийн вагон депо болон Галт тэрэгний нэгдсэн удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа УБТЗ-ын удирдах ажилтнуудтай уулзаж, тус нийгэмлэгийн өмнө тулгамдаад байгаа зарим асуудлын талаар санал бодлыг нь сонсож, үүрэг даалгавар өглөө. 

Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төмөр зам далайн тээврийн газрын дарга Б.Артур нар ажиллаж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Замын нэгдүгээр орлогч дарга  И.В.Милостных, Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч дарга Г.Ганболд нар УБТЗ-ын тээвэр үйл ажиллагааг танилцуулав.  Зорчигчийн вагон депод ажиллах үеэр  тус депогийнхон  цар тахлын хорио цээрийн дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа тухай, Төв эмнэлгийн эмч, ажилтнууд явуулын “Оношилгооны төв”-өөр төмөр замчдад эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байгаа тухай танилцуулсан юм.  Мөн депогийнхон өнөөгийн ажлын үзүүлэлтүүд, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж байгаа шинэ бүтээлүүдээ дэлгэн харуулсан байлаа. Энэ үеэр Замын дарга Д.Жигжиднямаа зорчигч тээврээс үүрч байгаа алдагдлын хэмжээ, зорчигчийн вагоны насжилт хэтэрсэн байдал зэргийг газар дээр нь танилцуулж, дээрх арга хэмжээг шийдвэрлэхэд Засгийн газрын дэмжлэг нэн чухал байгааг дурдсан юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүсийн хамтаар УБТЗ-ын Удирдах газарт очихдоо Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвөөр орлоо. Энэ үеэр Замын удирдлага УБТЗ-ын хэмжээнд цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулав. 

Төмөр замын огтлолцлын цэгийг тодорхойлоход Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зорчигчийн вагон депо болон Галт тэрэгний нэгдсэн удирд-лагын төвийн ажилтай танилцсаныхаа дараа УБТЗ-ын удирдах ажилтнуудтай уулзаж, тус нийгэмлэгийн өмнө тулгамдаад байгаа зарим асуудлын талаар санал бодлыг нь сонсож, үүрэг даалгавар өглөө. Энэ үеэр Замын ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн УБТЗ-ын хэмжээнд хэрэгжиж байгаа болон цаашид шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тэр дундаас шинэ төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ-ын хамт олон хэрхэн оролцож байгаа талаар мэдээлэв. Тэрбээр, танилцуулгынхаа эхэнд, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн төмөр замын 42 хувь буюу 194 км төмөр замыг угсарч, нийт 27 гүүр хоолойн байгууламж барих ёстойгоос 87 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөний дагуу 2021 оны хоёрдугаар улиралд дээрх бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар ажиллаж байгааг онцлон дурдсан юм. Мөн Улаанбаатар хотын утаагүй түлшний үйлдвэртэй холбоотой төмөр замын бүтээн байгуулалт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөөллийн төсөл зэрэг одоо хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төмөр замын эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засгийн хувьд ямар үр дүн гарахыг товч мэдээллээ. Мөн түүнчлэн шинэ төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг бодитойгоор тодорхойлохын тулд Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар хооронд хоёр улсын төмөр замын огтлолцох цэгийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа тул дээрх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас холбогдох туслалцаа дэмжлэгийг хүсэж буйгаа уламжиллаа.

Дэр мод бэлтгэх зөвшөөрөл хүсэв

Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч дарга Ж.Батболд Замын хэмжээнд дэр модны хомсдол хүндрэл болоод байгааг Засгийн газрын тэргүүнд сонордууллаа. Энэ тухайд тэрбээр, “2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар төмөр замын дэр модны зориулалтаар ойгоос мод бэлтгэхийг хориглосон. Уг тушаалд зөвхөн технологийн хязгаарлалттай хэсгүүдэд ойгоос мод бэлтгэхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл одоогоор УБТЗ ХНН-ийн хэмжээнд 800 орчим км замд их засварынх нь хугацаа дууссан учраас жил бүр төлөвлөгөө гарган их засвар хийдэг. Жил бүр 80 км замд их засвар хийнэ гэж тооцоолбол үлдсэн замдаа ойрын 8-9 жилийн хугацаанд их засвар хийж дуусна гэж үзэж байгаа. УБТЗ байгуулагдсан цагаас  хойш дэр модны хэрэгцээг хангах зорилгоор жилдээ 150 мянган ширхэг дэр мод үйлдвэрлэх хүчин чадалтай Мод боловсруулах үйлдвэрийг ажиллуулж байна. УБТЗ-ын хамт олон замын их засвараа төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж ажиллахын тулд жилдээ 100-120 мянган дэр мод, 20000 мянган тууш метр сумын дүнз  бэлтгэн нийлүүлэх, тус үйлдвэр жилдээ 35 мянган шоометр мод бэлтгэх шаардлага гараад байна. Иймд төмөр замын технологийн хязгаарлалтайгаар  бусад хэсэгт модон дэр үйлдвэрлэх зорилгоор ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл олгох. Мөн Байгаль орчны яамнаас жил бүр улсын хэмжээнд хуваарилдаг мод бэлтгэх квотод төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахад зориулж, ойн сан бүхий аймгуудад тусгайлан хуваарилах. УБТЗ ХНН-ийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрын тохиролцсон заалтуудын нэг болох “УБТЗ-ын ашиглалтын үйл ажиллагаанд шаардлагатай мод, материал зэргийг бэлтгэхэд тодорхой хэмжээний газар ойн санг эзэмшүүлэх тухай” заалт болон Ойн тухайн хуулийг үндэслэн УБТЗ-д ойн санг гэрээгээр эзэмшүүлэх” зэрэг саналыг дэвшүүллээ. Түүнчлэн, “Одоо Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг 8-9 жилийн дараа хөндөхгүй байх үүднээс одооноос эхлэн Модон эдлэл үйлдвэрлэлийн чиглэлийг төрөлжүүлэн ажиллуулах үүднээс ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Хүрээлэнгийн зүгээс одоогоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ганц байгууллагадаа үндэслээд модон эдлэл үйлдвэр-лэлийн пластик байгуулах боломж-той гэж үзэж байгаа. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэх бололцоо зэргийг судлахад холбогдох чиглэл хүргүүлэн туслахыг хүсэж байна” гэв. 

Амжилтаа улам баталгаажуулж, алдаа эндэгдлээс сэрэмжил!

Уулзалтын төгсгөлд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа чухал салбар бол төмөр зам байсаар ирсэн, цаашид ч байна гэдгийг онцлон тэмдэглээд Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй шинэ төмөр замын бүтээн байгуулалтад мэргэжлийн байгууллагын хувьд УБТЗ голлох үүрэгтэйгээр оролцож, дэлхий нийтэд цар тахлын онцгой дэглэм тогтоосон нөхцөлд ачаа тээвэр, орлогынхоо хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсээр байгаа нийт төмөр замчдад Засгийн газрын тэргүүний хувиар талархал илэрхийлэв. Тэрбээр, “Миний бие Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноосоо хойш бүх байгууллага, аж ахуйн нэгжид нэг л шаардлага тавьж байгаа. Энэ нь, сахилга баттай байж, төрийн ажилд хариуцлагатай хандах асуудал. Сүүлийн үед ХАБЭА-тай холбоотой асуудал хөндөгдөж, хүний алтан амь эрсдсэн харамсалтай хэрэг нэг бус удаа гарлаа. УБТЗ-ын хувьд хагас цэрэгжсэн байгууллага. Энэ ч утгаараа ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх эрхийг хангах, ажлын байрандаа осол зөрчилд өртөхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгоё.  Түүнчлэн, намайг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш вагон хуваарилалттай холбоотой санал гомдол мэр сэр ирсэн. Миний хувьд төмөр замын мэргэжлийн хүн биш учраас нарийн учир шалтгааныг нь мэдэхгүй. Хэрэв үнэхээр ийм асуудал байгаа бол хувийн хэвшлийнхэнд вагон хуваарилалтын ажлыг эрх тэгш, хүртээмжтэй, шударга хүргэж ажиллах ёстойг холбогдох албан тушаалтнуудад онцлон анхааруулъя. Мэдээж, хөрөнгө мөнгө, зохион байгуулалт шаардсан олон хүндрэл бий. Үүнийг шат дараатайгаар шийднэ. Төмөр замын салбар нь аль ч цаг үед Монгол Улсын хөгжил дэвшлийг тээж ирсэн, цаашид ч тээж явах онцгой үүрэг оролцоотой учраас тухайн байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, хөгжил дэвшил, шинэчлэлийн бодлогод хөрөнгө оруулах ажилд Монгол Улсын Засгийн газар анхаарч, ОХУ-ын Засгийн газартай холбогдох гэрээ хэлцлүүдийг хийж байна. Цаашид баруун, зүүн, төвийн гэсэн гурван том босоо тэнхлэгийн төмөр замтай болно. Гурван улсыг холбосон энэ гурван гарцаар эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжинө. Тийм учраас Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон УБТЗ-ынханд ирэх үүрэг хариуцлага улам өндөрсөнө гэж ойлгох хэрэгтэй. Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох “МОНПЕ-1,2”-ийн эргэн төлөлтийг ойрын хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ. Та бүхний дэвшүүлсэн санал хүсэлтүүдийг ч шат дараатайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарлаа хандуулах болно” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх