Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-09-16

Н.Намжилдорж: Бие биедээ зүй ёсны зарчимч шаардлага тавих нь ослоос сэргийлэх эхний алхам

-УБТЗ-ын хэмжээнд есдүгээр сарын 7-ноос аравдугаар сарын 1-ний хооронд ХАБЭА-н ажлыг эрчимжүүлэх, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын даргын А-662 тоот тушаал есдүгээр сарын 4-нд гарсан. Уг тушаалын дагуу Замын бүх орлогч дарга, Ерөнхий инженер, албадын дарга, орлогч нар харьяа салбар нэгжүүддээ Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа ХАБЭА-н хууль, УБТЗ-ын хэмжээнд мөрдөгдөж буй тушаал зааврын хэрэгжилтийг шалгана. Салбар нэгжийн удирдлагууд байгууллагынхаа хэмжээнд ХАБЭА-тай холбоотой үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр ажиллаж байгаа. Хяналт шалгалтын явцыг долоо хоног бүрийн Баасан гарагт Замын Ерөнхий инженер удирддаг зөвлөгөөнөөр хаана зөрчил дутагдал илэрсэн, ямар арга хэмжээ авах вэ, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байна уу зэргийг хэлэлцэн дүгнэж байгаа. Ирэх сарын 1-нд ажлын тайлангаа гарган Замын удирдлагад танилцуулна. 
-2020 он гарснаас хойш УБТЗ-ын хэмжээнд гарсан ХАБЭА-тай холбоотой осол зөрчлөөс гол анхаарал татах нь ямар асуудал байна вэ?
-Оны эхнээс бид ХАБЭА-тай холбоотой ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч байгаа боловч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ослын тоо төдийлөн буурахгүй. Гарч буй ослыг судалж, дүн шинжилгээ хийхэд ажлын технологи, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөрчсөн тохиолдол нийт ослын 50 орчим хувийг эзэлж байна. Хувь хүний хариуцлагагүй байдал болон өдөр тутмын ажилд хяналт тавьдаг ажилтнууд буюу дунд шатны албан тушаалтнуудын хараа хяналт суларснаас осол зөрчил гарах эрсдлүүд бий болж байна. Өнгөрөгч есдүгээр сарын 7-ноос хэрэгжсэн А-662 тоот тушаалын хэрэгжилтийг авч үзэхэд анхаарал татахаар нэг тоо баримт харагдаж байгаа нь ХАБЭА-н зааварчилгаатай холбоотой 424 зөрчил илэрсэн. Иймд ослоос урьдчилан сэргийлэхийн тулд ажилтнуудад өгөгдөж байгаа холбогдох ээлжит, ээлжит бус давтан зааварчилгааг ажилтанд хүрэхээр чанартай, хийх ажилд нь нарядын дагуу хийх ажилтай нь уялдуулж өгч байх нь зүйтэй. 
-ЗТХЯ-наас хийж байгаа шалгалтад төмөр замчид ямар үзүүлэлттэй шалгуулж байна вэ?
-ЗТХЯ есдүгээр сарын 10-наас эхлэн өөрийн харьяа газар, аж ахуйн нэгжүүдэд гурван чиглэлээр үзлэг шалгалтыг хийж байна. ЗТХЯ 2020 оныг “Сахилга хариуцлага хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласан. Үүний хүрээнд Монгол Улсын хэмжээнд болон салбарын хүрээнд мөрдөгдөж байгаа хууль, журмын хэрэгжилтийг шалгаж байгаа. ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар зүтгүүрийн депогоос шалгалтаа эхлүүлсэн. Энэ шалгалтын хоёрдугаар шат нь есдүгээр сарын 10-нд Барилга орон сууцны анги, Зорчигчийн вагон депо, Замын II анги зэрэг байгууллагуудад хийгдэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг холбогдох үүрэг даалгавруудыг өгсөн. 
-Таны дээр дурдсанчлан технологийн картын хэрэгжилт муу, дунд шатны албан тушаалтнуудтай холбоотой зөрчил дутагдал зэргийг арилгахад юуг анхаарах хэрэгтэй гэж хэлэх вэ?
-Байгууллага бүрийн хяналтын систем, баг бүрэн бүрэлдэхүүнээрээ нягт уялдаатай ажиллаж байж энэхүү зөрчил дутагдлуудыг таслан зогсооно. Зөвхөн нэг байгууллагын ХАБЭА-н инженер ганцаараа зүтгээд төдийлөн амжилтад хүрэхгүй. Монгол Улсын ХАБЭА-н хуульд заасны дагуу байгууллагын даргын тушаалаар батлагдсан ХАБЭА-н орон тооны бус зөвлөл гэж бий. Энэ зөвлөл сайн ажиллаж байж үр дүнд хүрнэ. Үүнд байгууллагын дарга, ерөнхий инженерийн үүрэг оролцоо маш чухал. Гарсан осол зөрчил дутагдлыг аваад үзэхэд хүн осолдож эндсэнээрээ ХАБЭА-тай холбогдож байгаа ч үүний дотор системтэй сургалт, хөдөлмөрийн харилцаа, боловсон хүчний зөв томилгоо, мэргэшүүлж дадлагажуулах ажил зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээ нь, шинэ залуу ажилтныг тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж амжаагүй байхад дараагийн албан тушаалд томилчихоор хяналт тавьж чадалгүй алдах тохиолдол ч бий. УБТЗ-ын хэмжээнд 2019, 2020 онд технологийн картыг боловсруулах, сайжруулах ажил хэрэгжээд нийт 3500 орчим технологийн картыг батлуулан мөрдүүлж байна. Одоо боловсруулсан технологийн картаа ажилдаа мөрдлөг болгох нь бидний гол зорилт болоод байгаа юм. Ажлын технологио ямар нэгэн байдлаар зөрчих л юм бол аюул осолд өртөх эрсдэл бий болдог. Тэгэхээр технологи мөрдүүлж ажиллах, зөв дадалд хэвшүүлэх чиглэлд хүн бүр хариуцлагатай байж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах нь чухал. Эцэст нь хэлэхэд, зөрчил дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Нөгөө хүнээ арга хэмжээнд оруулчихвий гэж боддог ч юмуу мэдэж байсан ч дуугүй өнгөрдөг. Үүнээс нь улбаалан зөрчил дутагдал нь олон өдөр давтагдаж байгаад нэг л өдөр осолд оруулах эрсдэл бий болж байна. Тэгэхээр хүн бүр бие биедээ зүй ёсны зарчимч шаардлагыг цаг тухайн үед нь тавьж байх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх