Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-23

Усны үнэ, үнэлэмж

Улс орнууд цэвэр усны гачигдлаас гарах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор 1993 онд ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 27 дугаар чуулганаар жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Үүнээс хойш уг өдрийг жил бүр өөр өөр уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. НҮБ-аас 2021 оны Дэлхийн усны өдрийг “Усны үнэлэмж, үнэ цэнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөө цагт байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйлдэл зэргээс шалтгаалан устай холбоотой олон сөрөг асуудлууд үүссээр байна. Тухайлбал үер, ган гачгийн давтамж ихсэж, гол, ус бохирдож байгаа нь хөрс, газрын доройтол, гол мөрөн, нуурын усны зохисгүй ашиглалтаас шалтгаалж, бидний хүрээлэн буй орчины эко системд нөлөөлсөөр байна. Иймээс Дэлхийн усны өдрөөр устай холбоотойгоор үүсэж буй сөрөг асуудлыг шийдвэрлэх, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулдаг. 
УБТЗ-ын Эрчим хүч ус хангамжийн төв нь газрын гүнээс цэвэр усыг олборлон, түгээн борлуулах, үйл ажиллагаа эрхэлдэг Эрчим хүч ус хангамжийн хоёр ангитай. Анги тус бүр засвар, шуурхай үйлчилгээний хоёр цехтэй, усны тоолуур, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, туршилт тохируулгын чиглэлээр ажилладаг нэг лаборатиртой, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 12 мастерийн хэсэгтэйгээр улсын хойд хилээс урд хил хүртэлх төмөр зам дагасан сум суурин газруудыг цэвэр усаар хангадаг. Усны аж ахуй нь нийт 85 өртөө зөрлөг, 75 замын хэсэг, 16 морин эргүүлийн технологийн байгууламжуудыг усаар хангах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хүрээнд 18357 хэрэглэгчдийг тус бүр төвлөрсөн ус хангамжийн 22 объект болон шугам замуудын төвлөрсөн бус ус хангамжийн 53 объектыг ашиглан долоон аймгийн найман голын сав газраас нийт 158 гүний усны эх үүсвэрээс ус олборлон цэвэр усаар хангаж, төв суурин газрын хүн амд усыг түгээн борлуулах зорилгоор ус түрэлтийн болон түгээлтийн шугамуудын арчлалт, засвар үйлчилгээг явуулах үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна. Тоног төхөөрөмж байгууламжийн хувьд усны шугам, насос станц, усан сан, дохиоллын систем бүхий төвлөрсөн ус хангамжийн 22 объект, шугам замуудын төвлөрсөн бус ус хангамжийн 75 объектонд нийт 158 гүний усны эх үүсвэрээс жилд 600-650 мянган шоо метр ус олборлон борлуулж байна. Усны аж ахуйн ашиглалтын энэ үйл ажиллагааг явуулахдаа нийт усны шугам сүлжээ-80.1 км, усан сан-16, ус түгээх худаг-30, хоёрдугаар өргөлтийн насос станц-6, зөөврийн ус хангамжийн үйлчилгээ үзүүлдэг 10 цистерн вагон бүхий усны галт тэрэгний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
УАА-гаар 7563.6 техникийн жишсэн нэгжтэй бөгөөд 78 хүн ажиллаж байна.
Үйл ажиллагааны зорилго: 
1. Үйлдвэрлэлийн хамгийн бага зардлаар төмөр замын тээвэрлэлтийн процесст оролцогчид болон технологийн байгууламжуудыг цэвэр усаар тасралтгүй, найдвартай хангах. Үүнд: Хөдлөх бүрэлдэхүүний хөргүүр, зорчигчийн галт тэрэгний зэхэлт бэлтгэл
2. Шугам сүлжээ, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн арчлалт, засвар үйлчилгээг төлөвлөгөөт хуваарьт хугацаанд хийж гүйцэтгэх, тэдгээрийн техник ашиглалтын хэвийн, найдвартай ажиллагааг хангах.
3. Өөрийн хамрах хүрээнд бүх хэрэглэгчийг чанар стандартад нийцсэн цэвэр усаар тасралтгүй найдвартай хангах.
Чиг үүрэг: Хэрэглэгчийг эрүүл ахуйн шаардлагад тохирсон усаар найдвартай, тасралтгүй хангах үүргийг усан хангамжийн систем гүйцэтгэдэг. Усан хангамжийн систем нь ус олборлох байгууламж (шаардлагат хэмжээний усыг олборлох), насосны станц буюу ус өргөх байгууламж (шаардлагат өндөрт, тооцоот зарцуулгыг өгөхөд ус дамжуулах шугам ба ус хуваарилах шугам сүлжээнд шаардагдах түрэлт үүсгэх), усыг боловсруулах болон цэвэрлэх байгууламж (хэрэглэгчдийг шаардлагт хэмжээнд хүртэл усыг цэвэрлэх буюу боловсруулах) дамжуулах шугам ба хуваарилах шугам сүлжээ (хэрэглэгчийн цорго хүртэл усыг тээвэрлэх) усан сан буюу ус түрэлтийн цамхаг (насосны станцуудын болон ус хуваарилах шугам сүлжээний жигд ажиллагааг хангах) зэрэг байгууламжуудаас бүрдэнэ.
Тусгай зөвшөөрлийн чиглэл, үйл ажиллагаа:
1. Барилга хот байгуулалтын яамнаас ус хангамж, ариутгах татуургын гол магисраль шугамын угсралт, ашиглалт, засварын чиглэлээр хоёр заалтаар
2. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт засвар, үйлчилгээ, Ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, Цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, Цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээ, Ус хангамж ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх Ус хангамж ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ, Хот суурины ус түгээх байрны ашиглалт засвар, үйлчилгээ, Зөөврийн ус хангамжийн үйлчилгээний чиглэлээр долоон заалтаар
3. Стандарчилал хэмжил зүйн үндэсний төвөөс усны тоолуур шалгах, турших, засварлах, угсралт, суурилуулалтын чиглэлээр хоёр заалтаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авч гурван жил тутамд эрхээ сунгуулан ажиллаж байна.
Манай төв нь тусгай зөвшөөрөлийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхээс гадна Холбооны Бүгд Найрамдах Герман улсад үйлдвэрлэсэн усны шугамын гэмтэл илрүүлэх багажаар шугамын гэмтэл тодорхойлох, гүний цоонгийн дурангаар гэмтэл, оношлох, засварлах, гүний насос өргөж, угсрах, гэмтэл засварлах, шатсан цахилгаан хөдөлгүүрийг сэргээж ороох, хаалт арматур задалж засварлах, насосны удирдлагын шит, дохиолол, автомат удирдлагын сүлжээг хийх, засварлах, ашиглалтын үеийн үзлэг үйлчилгээг гүйцэтгэх, гэмтэл саатал арилгах ажлуудыг хариуцан ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх