Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-12

Хөдөлгөөнчид цахимаар зөвлөлдлөө

“Ослыг тэглэн, ололтоо бататгая”
УБТЗ-ын Хөдөлгөөнчдийн зөвлөгөөнийг жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас танхимд хийх боломжгүй тул өнгөрөгч Баасан гарагт буюу энэ сарын 8-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Цахим зөвлөгөөнийг Замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд удирдан Баянтүмэн тасаг, зангилаадын удирдлага, хөдөлгөөнтэй холбоотой аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцлоо. Тэрбээр, зөвлөгөөнийг нээн “Бид бүхэн 2020 онд хөдөлгөөнчдийн зөвлөгөөнөөр тавьсан төлөвлөгөөт зорилтоо амжилттай хэрэгжүүлж 30 сая тонн ачаа тээвэрлэн, 2312 транзит чингэлгийн галт тэрэг аялуулж 1.9 сая зорчигч тээвэрлэсэн. Энэ бол УБТЗ-ын хөдөлгөөнчдийн оролцоотой хийж бүтээж байгаа түүхэн дээд амжилтууд юм. Энэ бүх ажлыг хийж бүтээсэн хөдөлгөөнчдөдөө Замын удирдлагын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье” гэв. Зөвлөгөөнөөр Замын хэмжээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, тээврийн төлөвлөгөөний биелэлтийн талаар Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Өнгөрсөн онд 22.5 сая тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 0.9 хувиар давуулан биелүүлжээ. Үүнийг өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 5.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин гол өсөлт нь уул уурхайн экспортын ачилт байжээ. Мөн хоногийн дундаж буулгалтын төлөвлөгөөг 103.1 хувиар биелүүлж өмнөх онтой харьцуулахад 99.8 хувийн гүйцэтгэлтэй байв. Өнгөрсөн онтой харьцуулахад орон нутгийн тээврийн эрчимжилт буурсан хэдий ч 2020 оны төлөвлөгөөг 3.1 хувиар давуулан биелүүлжээ. 2021 онд төмөр замчид “Нэн тэргүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэсэн зорилтыг дэвшүүлснийг төмөр замчдад бүгдэд нь хүргэх, нэгдсэн бодлогоор хангахыг зөвлөгөөнд оролцогчдод үүрэг болгов. 
Мөн Замын хэмжээнд гарсан гологдол, дутагдал түүнд хийсэн дүн шинжилгээг Хяналтын албаны төвийн хэсгийн орлогч дарга Л.Энхболд, ХАБЭА-г хэрхэн хангаж ажилласан талаар Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн хэлтсийн инженер В.Сарангуа, бүтээн байгуулалт, технологийн үзлэг шалгалтын дүн шинжилгээ, энэ оны баримтлах бодлого чиглэлийн талаар Зураг төсөл, инженерийн албаны инженер И.Мөнхбаяр, өртөө хориглолын шинэ систем /СИРДП-Е/-ийн хэрэгжилтийн талаар инженер С.Өнөрбаяр танилцуулан илтгэл тавив. Харин 2021 оны Хөдөлгөөнчдийн зөвлөгөөнд урьдчилсан байдлаар зангилаадаас ирүүлсэн 160 гаруй саналыг нэгтгэн боловсруулж, Замын даргын тушаалаар батлуулан мөрдөж ажиллахаар болов. Ийнхүү цахимаар хуралдсан хөдөлгөөнчдийн зөвлөгөөнөөр “Ослыг тэглэн, ололтоо бататгая” уриалга гаргаж 2020 онд бусдыгаа манлайлан ажилласан 84 ажилтныг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Дашрамд дурдахад 2020 онд Хөдөлгөөнчдийн зөвлөгөөний дагуу Замын даргын А-162 тоот тушаал гарч зайлшгүй авч хэрэгжүүлэх, судалж шийдвэрлэж хариу өгөх нийт 88 ажил төлөвлөснөөс 64 ажил биелж 82.4 хувийн биелэлттэй байгаа аж. Энэ нь, өнгөрсөн оноос 25 хувиар сайжирсан үзүүлэлт бөгөөд жил ирэх бүр Хөдөлгөөнчдийн зөвлөгөөнд аж ахуйн нэгжийн удирдлагууд өндөр ач холбогдол өгөн ажиллаж буйг харуулж байна. 

Сэтгэгдэл үлдээх