Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-09

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 228.5 км төмөр зам тавиад байна

Монгол Улсын Их Хурал 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол Улсад шинээр 6600 орчим км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар заасан бөгөөд I, II үе шатанд барих 2000 орчим км төмөр замыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид барьж байгуулах тусгай зөвшөөрөл, концессын эрхийг олгосон байдаг. 100 хувь төрийн өмчит үндэсний төмөр замын компани болох “Монголын төмөр зам” компани эхний үе шатанд барих 1100 орчим км төмөр замын Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийг барих бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газрын тогтоолын дагуу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр эхлүүлсэн билээ. Хоёр аймаг, дөрвөн сумын газар нутгийг хамарсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний есөн анги нэгтгэл, 104 аж ахуйн нэгж, 6200 орчим инженер техникийн ажилтан, 3000 орчим техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. 
“Монголын төмөр зам” ТӨХК нь геологи, геодези, археологи, палеонтологийн судалгаанууд, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал, усны урсацын судалгаа, усны эрэн хайх судалгааг хийж гүйцэтгэснээр нийт трассын дагуу 43 худаг гаргав. Богино хугацаанд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан “Шинэ төмөр зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэсгийн тодотгол, төмөр замын суурь бүтцийн ажлын зураг төслийг боловсруулан магадлуулснаар хяналтын төсвийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн, эрчим хүч, гүүр, хоолой, өртөө зөрлөгийн барилга байгууламжуудын ажлын зураг төслийг боловсруулан магадлуулсан байна.
416.1 км урт, 25.1 сая шоо метр бүхий төмөр замын далан, ухмалын барилгын ажлыг Зэвсэгт хүчний есөн анги нэгтгэл, үндэсний 49 аж ахуй нэгж компани хамтран бүрэн хийж дуусгаад байна. Мөн төмөр замын трассын дагуу нийт 2427 метр урт 27 гүүрийг Зэвсэгт хүчний нэг анги, 13 аж ахуй нэгж барьж дуусгалаа. Монгол Улсад хамгийн олон гүүрэн байгууламжийг нэгэн зэрэг нэг жилийн дотор амжилттай, чанарын өндөр түвшинд барьж дуусгасан их бүтээн байгуулалтыг Монголчууд өөрсдөө хийсэн нь чухал амжилт байв. 416.1 км төмөр замын трассын дагуу байрлах 379 дөрвөлжин хоолой, 216 дугуй хоолой бүхий нийт 595 хоолойн ажлыг Зэвсэгт хүчний есөн анги нэгтгэл, үндэсний 25 компани хамтран бүрэн хийж дуусгаад байна. 
Ийнхүү 2020 онд төмөр замын доод бүтэц, хиймэл байгууламжийн барилгын ажлуудыг бүрэн хийж дууссан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг нэг өртөө, зургаан зөрлөгтэй барихаар төлөвлөсөн. Уг багц ажилд Зэвсэгт хүчний таван анги ажиллаж буй бөгөөд өнөөгийн байдлаар нэг зөрлөгийн барилга байгууламжуудыг ашиглалтад хүлээн авсан. Бусад зөрлөгийн барилгын ажил 98 хувь, өртөөний барилгын ажил 71 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн төмөр замын дагуу 455.5 км 35 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг үндэсний 10 компани 80 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж байна. Дэд станцын өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 65 хувь, өртөө, зөрлөг, парк, пероны гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл дуусаж экспертизээр баталгаажсан. Агаарын шугам өндөрлөх ажил бүрэн дууссан.
Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн ажлын хүрээнд төмөр замын хоёр талаар цагираг хэлбэрээр нийт 871 км шилэн кабель угсарч суурилуулахаас одоогийн байдлаар 620 км шилэн кабель тараан угсарч, суурилуулав. Уг ажлыг таван аж ахуй нэгж 71 хувийн гүйцэтгэлтэй хийж байна.
Нийт 859.4 мянган шоо метр балласт олборлохоос өнөөгийн байдлаар 784.9 мянган шоо метр буюу 92 хувийг нь олборлоод байна. Түүнчлэн, уг төмөр замд 842.6 мянган бетон дэр шаардлагатайгаас 622.6 мянган бетон дэрийг дотоодын дөрвөн үйлдвэрт үйлдвэрлэсэн. Ажлын явц 74.3 хувьтай байна.
Төмөр замын дээд бүтцийн барилга угсралтын ажлын 221 км замын ажлыг Зэвсэгт хүчний дөрвөн анги гүйцэтгэж буй бөгөөд өнөөгийн байдлаар 121.2 км, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг 195.6 км замын ажлыг гүйцэтгэхээс 107.3 км угсралтын ажлыг гүйцэтгэж, нийт 228.5 км төмөр зам тавиад байна. 

Сэтгэгдэл үлдээх