Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-17

“Эрүүл мэндийн даатгалын тухай хууль” шинэчлэгдлээ

Нэг. Өмнө нь, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй байсан. Тэгвэл шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан хувийн хэвшлийн эмнэлгүүдэд даатгуулагч хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ авсан бол ЭМД-ын сангаас санхүүжилт олгохоор болжээ.
Хоёр. Төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр боллоо. Жишээ нь, “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд хийж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас гурван сая төгрөг олгож байсан бол шинэ тогтоолоор тохиолдол бүрийг найман сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
Гурав. Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байна.
Дөрөв. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэх нэг тохиолдолд 160 мянган төгрөгийн санхүүжилт олгож байсан бол одоо даатгалын байгууллагатай гэрээтэй хувийн хэвшлийн эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болжээ.
Тав. Иргэн, даатгуулагч нь эмнэлгүүдээр үйлчлүүлэхдээ заавал өрх, сум, тосгоны эрүүл мэндийн эмчийн лавлагаа шатлалд илгээх бичигтэй байх ёстой. Тодруулбал, иргэд өмнө нь шатлал алгасаж буюу өрхийн эмнэлэгт үзүүлэлгүйгээр дүүргийн болон төвлөрсөн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч байсан бол дээрх тогтоолоор даатгуулагч эмчийн заалт, илгээх бичиггүйгээр сайн дураараа шатлал алгасаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол төлбөрөө өөрөө төлөхөөр тусгажээ. Анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн төвлөрлийг бууруулах, шат шатанд авах эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай байлгах үүднээс хамгийн түрүүнд иргэд өрх, сумын эмчээсээ 13А авах шаардлагатай юм.
Зургаа. Иргэд, даатгуулагчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа заавал өөрийн хурууны хээ буюу регистрээр баталгаажуулна. Тухайлбал, иргэн эмнэлэгт хэвтсэн бол түүнийгээ хурууны хээгээр баталгаажуулахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, иргэд эмнэлэгт хэвтэх болон гарахдаа заавал хурууны хээгээ уншуулна. 
Долоо. Өмнөх тогтоолоор өвчний учир хийсэн амбулаторийн үзлэгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байсан бол одоо зургаа төрлөөр амбулаторийн үзлэгийг багцлаад, 13 оношийн хамааралтай тохиолдолд санхүүжүүлэхээр болсон байна. Тодруулбал, өвчний учир, эрүүл мэндийн байдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тогтоолгох шинжилгээнүүд /хараа шалгуулах, жор бичүүлэх г.м/
Найм. Амбулаторид хийх мэс ажилбарууд, шүд амны хөндийн тусламж үйлчилгээний багц, хяналтын үзлэгийн багц, жирэмслэлттэй холбоотой багцыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх бөгөөд амбулаторийн үзлэг, тусламж үйлчилгээний үед даатгуулагчаас төлбөр авахгүй. Хэрвээ давтан үзлэгээ алгасах, эмчилгээ таслах тохиолдолд даатгуулагчийн хариуцлагын асуудал яригдах учир хамтын төлбөрийн асуудал гарна гэдгийг анхаараарай.
Ес. Эмнэлгийн нэгж тусламж үйлчилгээнд үзүүлэх хамгийн бодит өртгийн оношийн хамааралтай бүлгээс хамааруулж тогтоож өгсөн. Уг тогтоолоор тогтоосон өртөг нь хувийн болон төрийн эмнэлэгт яг адил үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хувийн эсвэл төрийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс үл хамааран ЭМД-ын сангаас олгох төлбөрийн хэмжээ адил байна.
Арав. Иргэний төлөх хамтын төлөлтийн хувь хэмжээ харилцан адилгүй байна. Өмнө нь, тодорхой бүх тусламж үйлчилгээнд иргэний төлөх төлбөр адилхан байсан. Жишээлбэл, нэгдсэн эмнэлгийн тусламжийг иргэн 15 хувийг нь төлдөг зохицуулалт байсан. Харин энэ удаагийн тогтоолоор тухайн өвчнөөс шалтгаалж иргэний төлөх хамтын төлбөрийг харилцан адилгүйгээр тогтоожээ.
Арван нэг. Яаралтай тусламж, түргэн тусламж, жирэмсэн, төрөлт, төрсний дараах үетэй холбоотой эх барихын тусламж үйлчилгээний зардал, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, сэтгэцийн эмгэгийн зарим тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн санхүүжүүлнэ.

Асуувал хариулъя!
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хязгаарлалт бий юу? Өмнө нь улиралдаа 165 мянга, жилдээ хоёр сая төгрөг гэх мэт тусламж үйлчилгээ авах эрхтэй байсан. Энэ өөрчлөгдсөн үү?
-Амбулаторийн тусламж үйлчилгээнд хязгаарлалт тавихгүй. ЭМД-ын сангаас даатгуулагчийн авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 230 мянгаас 130 сая төгрөгийн зардлыг санхүүжүүлэхээр болсон. Иргэдийн хамгийн их санхүүгийн эрсдэлд оруулдаг харвалт, шигдээс, хавдар, түлэгдэлт, төрөлтийн гажиг, төрөх эмэгтэйчүүд зэрэг оношоор эмнэлэгт хэвтвэл 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ.
-Иргэд ямар журмаар эмчийн үзлэгийн цаг авах вэ?
-Эмчийн үзлэгийн цагийг цахим үйлчилгээнээс авна. /Жишээ нь, “Би ганцхан зүрхний эмчид үзүүлнэ” гэж явахгүй/ Амбулаторийн тусламж үйлчилгээ багцаараа хийгдэнэ. Төмөр замчдын  анхны үзлэгийн цагийг үйлдвэр хариуцсан эмч рүү өгнө. Анхны үзлэг хийсэн эмч өөрөө давтан үзлэг, нарийн мэргэжлийн эмчид илгээх, оношилгоо, шинжилгээний цагийг төлөвлөнө.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүгд ЭМД-аас санхүүжиж, иргэд төлбөр төлөхгүй болж байгаа юу?
-Бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй болоогүй, тодорхой хэмжээгээр хамтын төлбөр төлнө. Гэхдээ иргэдээс гарах төлбөрийн зардлын хэмжээ буурсан.
-Хамтын төлбөр гэж юу вэ?
-Даатгуулагч иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ ор хоногийн 10 хувийн төлбөр төлдөг байсныг өөрчилж, ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 тоот тогтоолоор иргэнээс төлөх төлбөрийн хэмжээг онош бүлгээр тус бүрт нь баталж өгсөн иргэний хариуцан төлөх төлбөрийг хэлнэ.
-Ямар үед хамтын төлбөр төлөх вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцах хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 490 оношийн бүлгийн хамааралтай жагсаалт оруулж өгсөн. 
Үүнээс 182 нь хамтын төлбөргүй, 308 нь иргэн даатгуулагч хамтын төлбөр төлөхөөр зохицуулалт хийсэн байгаа. Иймээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд оношийн бүлгээс хамаарч төлнө.
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд хамрагдсан бол (жишээ нь ходоодны дуран, зүрхний хэт авиа, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг) хамтын төлбөр төлнө.
-Иргэд эмнэлэг, эмчээ сонгож үйлчлүүлж болох уу? 
-Иргэд эмнэлэг, эмчээ сонгож үйлчлүүлж болох  хэдий ч заавал Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй /эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруултад тэнцсэн/ эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээрэй. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээгүй байгууллагаар үйлчлүүлбэл төлбөрийг өөрөө төлнө гэдгийг анхаараарай. 
-Өвчтөн илгээх маягт /13А/ ямар үед шаардлагатай вэ?
-Даатгуулагч та өвчний учир амбулаторийн үзлэгт ирвэл 13А маягтаар үзүүлнэ гэсэн үг. Гэхдээ төмөр замын Төв эмнэлгээр үйлчлүүлдэг төмөр замчдын хувьд  амбулаториор тусламж үйлчилгээ авсан тохиолдолд өвчтөн илгээх маягт /13А/ шаардахгүй. Харин хөдөө, орон нутгаас ирж өвчний учир эмчид хандаж байгаа тохиолдолд 13А маягт шаардана. 
Жишээ нь, төмөр замчид төрөлжсөн (ХӨСҮТ, Арьсны өвчин судлалын төв гэх мэт) эмнэлэгт хандахдаа заавал эмчийн заалт бүхий 13А маягт авч хандана.
-Хамтын төлбөр төлөхгүй байх тохиолдол бий юу?
1. Амбулаторийн зургаан төрлийн /эмчийн үзлэг, амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багц, мэс ажилбар, шүд, амбулаторийн хяналт, жирэмсний хяналт/-д хамтын төлбөр төлөхгүй.
2. Мөн дараах тохиолдолд хамтын төлбөр төлөхгүй 
    • Хорт хавдар
    • Тархины шигдээс, 
    • Харвалт
    • Төрөлхийн гажигууд
    • Гэмтлийн гаралтай үлдцүүд, 
    • Түлэгдэлт, осголт
    • Халдварт өвчин
    • Төрөх
    • Нярайн өвчнүүд
    • Сэтгэцийн өвчнүүд
3. Дараах иргэд хамтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
    • 0-18 насны хүүхдүүд
    • Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
    • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн
    • Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
    • Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/
    • Ял эдэлж байгаа ялтан
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
-Ямар тохиолдолд өвчтөн илгээх маягт /13А/ маягт шаардахгүй вэ?
1. Таны эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлээ тодорхойлуулах гэж амбулаторит ирвэл 13А маягт шаардлагагүй. Жишээ нь, магадлагаа авах, жор бичүүлэх, хараагаа шалгуулах гэх мэт.
2. Өдрийн мэс засал , амбулаториор мэс ажилбар  (хатиг буглаа нээх)
3. Шүдний тусламж үйлчилгээ
4. Хяналтын үзлэгүүд / хорт хавдар, халдварт бус өвчин/
5. Халдварт өвчин
6. Осол гэмтэл
7. Сэтгэцийн өвчин
8. Эрчимт эмчилгээ
9. Түргэн тусламж
10. Гемодиалез эмчилгээ
11. Жирэмсэн эмэгтэйчүүд (эх хүүхдийн ягаан дэвтрээр)
12. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ (эмчийн заалтаар)
13. Хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагаар даатгуулагч сайн дураар очиж төлбөр төлөөд үзүүлэхэд 13А маягт шаардахгүй.
-Даатгуулагч хариуцан төлөх төлбөр бий юу?
1. Даатгуулагч “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц”-ын тусламж үйлчилгээг бүрэн аваагүй буюу өөрийн буруугаас давтан үзлэгт ороогүй бол дараагийн шатанд тусламж үйлчилгээ авах тохиолдолд тухайн тусламж үйлчилгээний нийт зардлын 25 хувийг өөрөө хариуцан төлнө. 
2. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй, оношийн хамааралтай бүлгийн жагсаалтад ороогүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг иргэн өөрөө төлнө.
3. Иргэн тухайн жилд  гурван шүдний цогц тусламж үйлчилгээг ЭМД-аар авна. Дөрөв дэх тохиолдлоос (шүднээс) эхлэн төлбөрийг оношийн бүлгийн хамаарлын жагсаалтад заасан хэмжээгээр иргэн өөрөө төлнө. (Шүд бол хувь хүний эрүүл мэндийн боловсролоос хамаардаг тул төрөөс ийм зохицуулалт хийсэн байна.)
4. Эмчийн заалт, өвчтөн илгээх маягтгүй /13А/ иргэн сайн дураараа шатлал алгасан тусламж үйлчилгээ авсан бол тусламж үйлчилгээний төлбөрөө өөрөө төлнө.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа тухайн тусламж үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээний 80 хувьтай тэнцэх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө. 
6. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний өртгийн тооцоололд ороогүй, ЭМДЕГ болон эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан гэрээнд тусгайлан заагдсан, иргэний хүсэлтийн дагуу үзүүлсэн нэмэлт үйлчилгээний төлбөрийг иргэн өөрөө 100 хувь хариуцна.

“EDAATGAL” аппликейшн танд тусална
1. Эрүүл мэндийн даатгал иргэн танд илүү ойртож гар утасны аппликейшнтэй болсон тул “Еdaatgal” аппликейшнийг гар утсандаа суулгаараарай. Энэхүү аппликейшнийг ашиглан:
    • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хамгийн хялбар төлөх, хурдан баталгаажуулах
    • Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээ харах, хянах;
    • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж
    • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний мэдээлэл;
    • Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт, даатгалаас хөнгөлөх хувь хэмжээ;
    • Эрүүл мэндийн даатгалын гэрээтэй байгууллагуудын хаяг, байршил;
    • Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 тоот тогтоол нь иргэн даатгуулагчдад нээлттэй байгаа тул иргэн та уншиж, мэдээрэй.

Сэтгэгдэл үлдээх