Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-17

Ч.Хэрлэнчимэг: Зургадугаар сард багтаан нийт төмөр замчдыг вакцинжуулна

-Төмөр замчдыг вакцинжуулах ажил ямар шатандаа явж байна вэ. “Спутник-V”-аар вакцинжуулна гэж сонслоо?
-УБТЗ ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт төмөр замчин, ахмад настан, оюутан сурагчдаа ковид-19-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах санаачилга гаргасан. Үүний дагуу манай улсын эмийн салбарын тэргүүлэгч компани болох “Монгол Эмимпекс концерн” ХХК-тай гэрээ байгуулж  ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс эхний тунгийн нийлүүлэлтийг авахаар боллоо. Тодруулбал, ОХУ-ын “Спутник-V” вакцинаар дархлаажуулалт хийх бэлтгэл ажил хангагдаад байна. 
-Вакцинжуулалтыг ямар зохион байгуулалтаар, хэдий хугацаанд хийж дуусгах вэ?
-Улаанбаатар хотод дархлаажуулалтын түр цэгүүдээр, шугам замд “Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийг аялуулан явуулын цэгээр дархлаажуулах ажлыг зохион байгуулна. “Спутник-V” вакцинжуулалтын явцад хоёр удаагийн тунгаар анх буюу давтан гэсэн хоёр үе шаттай хийлгэнэ. Вакцин хийлгэсэн хүн бүр заавал хоёр дахь удаагийн тунгаар тариулах ёстой гэсэн үг. Эхний тунг хийлгэсний дараа хоёр дахь удаагийн тунг 28 хоногийн зайтай хийлгэнэ. Дөрөвдүгээр сарын 01-нд хийлгэсэн бол мөн сарынхаа 28-нд дараагийн тунгаа хийлгэх болохоор дархлаажуулах ажилд нэлээд хугацаа шаардагдана. Төмөр замын хэмжээнд эхний тунгийн дархлаажуулах ажлыг тавдугаар сарын 01 гэхэд дуусгаад хоёр дахь тунгийн дархлаажуулалт  зургадугаар сарын эхээр бүрэн дуусах төлөвлөлттэй байна. 
-Хятад, Энэтхэг гээд орон орны вакцинууд Монгол Улсад хийгдэх нь. Мэдээж, өөр өөрийн онцлогтой. “Спутник-V” вакцины мэдээллийг урьдчилж авсан байх. Ямар ач холбогдолтой вэ?
-Коронавирусийн эсрэг ОХУ-ын “Спутник-V” вакцин нь Монгол Улсын  ЭМЯ-нд бүртгэгдсэн, Хүний эмийн зөвлөлөөр орж зөвшөөрөгдсөн вакцины нэг. Энэхүү вакцины гол давуу талууд нь: 
• “Спутник-V” вакцины үр дүн нь 91.6 хувьтай байгаа талаарх мэдээлэл дэлхийн хамгийн нэр хүндтэй анагаах ухааны сэтгүүлүүдийн нэг болох “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн. Түүнчлэн, 90 хувиас дээш үр дүн үзүүлж байгаа дэлхийн гурван вакцины нэг юм. “Спутник-V” нь ковид-19-ийн хүндрэлээс бүрэн хамгаалдаг.
•Энэ вакцин ханиадыг үүсгэдэг, олон мянган жилийн өмнөөс бий болсон хүний аденовирусийн векторуудын батлагдсан, судлагдсан платформ дээр суурилдаг. 
•“Спутник-V” вакцинжуулалтын явцад хоёр удаагийн тунгаар тус тус хоёр өөр вектор ашигладаг бөгөөд хоёр тунд ижил хүргэх механизмыг ашигласнаар вакцинаас харьцангуй урт хугацаанд дархлааг тогтоодог. 
• Аденовирусийн эсрэг вакцины аюулгүй байдал, үр нөлөө, урт хугацаанд сөрөг нөлөө бага байдаг нь 20 жилийн хугацаанд 250 гаруй клиник судалгаагаар нотлогдсон. 
• “Спутник-V” вакцины бүтээгчид нь AstraZeneca вакцины үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хамтарсан клиник туршилтыг AstraZeneca-тай хамтран хийж байна.
• “Спутник-V” вакцинаас шалтгаалсан хүчтэй харшил өгөхгүй зэрэг онцлог, ач холбогдолтой
-Төмөр замчдаас гадна ахмадуудыг бас вакцинжуулна гэсэн. Ер нь, хэдий хэмжээний тун орж ирэхээр гэрээлсэн бэ?
-2021 оны эхний улирлын байдлаар хүн амын тоон судалгааг гаргасан. Нийт 28000 хүн тун орж ирэхээр гэрээ хийсэн. Төвийн хэсэгт 14732, хойд шугам замд 6524, урд шугам замд 6387 хүн байна. 8183 ахмадаа дархлаажуулна. Мөн ТЗДС, Политехникийн коллежийн оюутнуудыг ч хамруулна. 
-Вакцинжуулалттай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ямар бэлтгэл хангах шаардлагатай вэ?
-Манай төмөр замын байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд байгууллага хариуцсан эмч нартайгаа хамтраад дархлаажуулалтад хамрагдах хүмүүсийнхээ судалгааг үнэн зөв гаргаж бэлтгэл хангаж байх нь зүйтэй.

Сэтгэгдэл үлдээх