Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-05

Д.Түвшинбаяр: Тулааны урлагаар хичээллэснээр би өөрийгөө ялж чадсан

Судалгаа шинжилгээ, технологийн төвийн Хэмжилзүйн хэлтсийн дарга Д.Түвшинбаяр зүтгүүрийн инженер мэргэжилтэй хүн. Түүний олон улсын хэмжээнд төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологийн олон сонирхолтой нийтлэлийг орчуулж, басхүү нэлээд хэдэн мэргэжлийн ном хэвлүүлсэн хөдөлмөрч хүн гэдгээр мэдэх юм. Харин түүнийг Монголын гардан тулааны урлагийн талбарт өөрийн хувь нэмрээ оруулж, цөөнгүй шавь бэлтгэснийг тийм ч олон хүн мэдэхгүй болов уу. 

-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе.Таныг бичиг номын л хүн гэж бодож байснаас тулааны урлагаар хичээллэдэг тухай төсөөлж ч байсангүй. Хоёул энэ сэдвээс яриагаа эхлэх үү?
-Биднийг хүүхэд байхад видео буюу дүрс бичлэгийн төхөөрөмж гэдэг зүйл анх нэвтэрч, Хятадын зодоонтой кинонууд их гардаг байлаа. Мөн кино театруудаар БНАСАУ-ын “Хон Гил Дон” гэдэг кино гарч, хүүхэд залуучууд бүгд л тулаанч болохыг мөрөөдөж, хөл гараа савчуулаад л гүйлддэг байв. Би ч найз нөхдийнхөө адилаар дотроо тулаанч болохыг мөрөөддөг боловч тухайн үед хичээл ном шагайхаас өөр юм мэдэхгүй, ер нь ноомой талдаа хүүхэд явлаа. Далдхан мөрөөдөлдөө хөтлөгдөн багын хэдэн найзтайгаа хөл гарандаа элсээр дүүргэсэн уут углаж бэлтгэл маягийн юм хийдэг боллоо. Би найзууд дундаа бие бялдрын хувьд хамгийн сул дорой нь. Тухайн үед сурлага сайтай, хичээл номоо голлож үздэг хүүхдүүд ихэнхдээ биеийн тамирын хичээлд тааруухан байсан л даа. Би тэдний л нэг.
-Таны багад төмөр замын тосгонд атаманууд олон байв уу?
-Би ч олон хүн цугларсан газраас дөлж зугтаадаг хүүхэд явсан. Тэр үед төмөр замын гурван угсармалын голын байранд шиг санагдана. Видео гаргадаг байлаа. Аав, ээжээсээ видео үзэх гэж гуйж авсан төгрөгөө тэр байрны атамануудад мөн ч олон “бэлэглэсэн” дээ. Ер нь, тэгээд л “Зодолдож суръя” гэж бодсон шиг байгаа юм. Гэтэл өөрөө суралцаад ирэхээр юун зодолдох, харин ч аль болох зайлсхийж байгаа юм чинь.
-Чухам ямар сэжмээр мэргэжлийн тулааны урлагтай холбогдов?
-Хөвгүүдийн адил зодоон сонирхож явсан ч ёстой “Санаа байвч сачий хүрэхгүй” байхгүй юу. Ер нь, таеквондогийн спорттой нөхөрлөсөн маань миний багын хоёр найзтай салшгүй холбоотой. Манай хоёр найз нууцаар тулааны урлагаар хичээллэдэг байсан юм билээ. Тухайн үед гардан тулааны урлаг тийм ч нээлттэй биш байлаа шүү дээ. Тэгээд хоёр найзыгаа дагаж, гүйж харайж, гар хөлийн дасгал хийдэг болсон. 1989 онд хоёр найзтайгаа хүүхдийн паркад бэлтгэл хийж яваад нэг ахтай танилцсан юм. Хуучнаар ЗХУ-ын Москва хотноо Галын дээд сургууль төгссөн, Цагдаагийн сургуулийн тусгай бэлтгэлийн багш С.Зоригт биднийг таеквондогийн спорт руу оруулсан хүн. Тухайн үед Монголын чөлөөт бөхийн домог болсон гавьяат дасгалжуулагч С.Магсар гуай манай С.Зоригт багш тэргүүтэй хэсэг залууст БНСУ-ын Таеквондог Монгол Улсад нэвтрүүлэх саналыг тавьсан. Улмаар, одоогийн Монголын Таеквондогийн холбооны суурь хөрс бүрэлдэж эхэлсэн юм. Ингэж л мундаг хүмүүстэй тааралдаж, багш шавь бололцон таеквондогийн анхны клубуудын нэгийг байгуулсан түүхтэй. Анхны таеквондоч болох С.Зоригт, С.Ганзориг, С.Ган-Эрдэнэ, Л.Отгонбаатар нар дээр би найз нарынхаа хамт нэгдэж, Таеквондогийн холбооны үндэс суурийг тавьснаараа бахархаж явдаг.
-Номын дууг нь сонссоноор бие бялдрын төдийгүй сэтгэл зүйн хувьд өөрчлөлт гарсан байх. Тодорхой амжилт гаргасан уу?
-Таеквондогийн спортоор хичээллэснээр бие бялдрын хувьд мэдээж эерэг өөрчлөлтүүд гаралгүй яахвэ. Хамгийн том өөрчлөлт сэтгэл санааны хувьд гарсан гэж би боддог. Би юм болгонд амархан гомддог, уурладаг, тэвчээргүй хүүхэд байсан. Энэ спортоор хичээллэснээр эдгээр муу чанаруудаа хаясан гэж боддог. Би өөрөө тамирчин болоогүй. Шинэхэн холбоонд маань багш, дасгалжуулагч нар хамгаас чухал байсан. Тэгээд л анхны клубуудын нэг болох “Цагаан-Өд” клубийг байгуулж багш дасгалжуулагчаар ажиллаж байв. Манай клуб байгуулагдсан цагаасаа клубуудын аварга шалгаруулах тэмцээнд болон улсын чанартай тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцож шагналт байр эзэлнэ л дээ. Манайхаас олон ч хүүхэд “Улсын аварга” тамирчин болсон доо. Би ганцхан удаа л тэмцээнд оролцсон. Тэр нь 1993 онд болсон таеквондогийн нэг тэмцээний үеэр багш нарын дунд “ПУМЗЫ” буюу тоот дасгалын уралдаан зохиосон юм. Тэр тэмцээнд миний бие III байрт шалгарсан юм даг. Удахгүй Монголын таеквондогийн холбоо байгуулагдсаны 30 жилийн ой болно.
-Таеквандогийн дасгалжуулагчаар олон жил ажилласан юм байна шүү дээ.Олон шавьтай юу?
-Миний шавь, шавь нарын маань шавь гээд Монголын таеквондогийн холбоог авч яваа сайхан залуус бий. Монголд Таеквондогийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж 2019 онд намайг Монголын үндэсний Олимпийн хорооны “Алтан медаль”-иар шагнасан. Энэ бол миний хоббиг үнэлсэн хамгийн том шагнал юм даа.
-Хүн залуу байхдаа олон зүйл сонирхож оролддог. Залуу насны хобби сонирхолоос хэд нь тунаж үлдээд байна вэ?
-Би ер нь олон хоббитой, их сониуч хүн. Гадагш албан томилолтоор явах үедээ тухайн улс орны онцлогийг харуулсан бэлэг, дурсгал заавал худалдаж авдаг. Мөн төмөр замчин хүн болохоороо галт тэрэгний макет, тоглоомуудыг цуглуулна. Саяхан л гэхэд шинэ жилийн удирдлагатай галт тэрэг худалдаж аваад сүлд модоо тойруулж нэлээд “давхилаа” (инээв). Мөн ажлын бус цагаар төмөр замын холбогдолтой материалуудыг англи, орос сайтуудаас монгол руу хөрвүүлж унших, орчуулга хийх дуртай. Эдгээр орчуулгын материалуудаас заримыг нь танай сониноор дамжуулан төмөр замчдадаа хүргэдэг гэдгийг та бүхэн мэднэ дээ. Хааяа таеквондогийн “А” үсгийг заалгасан С.Зоригт багштайгаа клуб дээр очиж хөлсөө гарган, хуучнаа сэргээх дуртай. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаас хойш бэлтгэл хийж чадахгүй болсон. Бас гэртээ ажлаасаа эрт ирсэн тохиолдолд хоол хийх дуртай. Өөрийнхөө зохиосон жороор хоол хийж, гэр бүлийнхнээ дайлах сайхан шүү. 
-Одоо таны цуглуулгын сан хэр арвин болсон бэ?
-УБТЗ-ынхаа буянаар албан томилолтоор гадаадын хэд хэдэн улсад очиж үзсэн азтай хүн дээ, би. 2007 онд анх Зүүн Японы төмөр замын Соёлын сангийн шугамаар гурван сарын сургалтад хамрагдсан юм. Тэгэж явахдаа л тухайн улс орны онцлогийг харуулсан дурсгалын зүйл худалдан авах бодол төрсөн. Мөн Японы төмөр зам хурдан галт тэргүүдээрээ алдартай шүү дээ. Тэдгээр галт тэрэгний макетаас худалдаж авсан. Мөн БНХАУ-ын Бээжин, Чендү хотуудад сургалтаар очихдоо тоглоомын цахилгаан галт тэрэгнээс нэлээд хэдийг авчирсан. Чендү бол Сычуан мужийн төв хот л доо. Дэлхийн хулсны баавгайн ихэнх нь тус мужид байдаг. Тэрийг нь бэлгэдээд хулсны баавгай пандагийн жижиг чихмэл авч байсан. БНСУ-аас солонгос эрэгтэй, эмэгтэй хүний баримал, мөн хэнгэргийн жижиг загварыг дурсгал болгон авсан. Би өөрөө худалдан авахаас гадна ах эгч, найз нөхөд маань миний цуглуулгад дурсгалын зүйл нэмэрлэдэг. Надтай хамт Техникийн бодлого зураг төслийн төвд ажиллаж байсан н.Өлзийбаяр маань паравозны шилэн сувенир, ЦХОБА-ны эдийн засагч Д.Хадбаатар бас жижиг төмрөн паравозыг хөдлөх бүрэлдэхүүний цуглуулгад минь нэмж бэлэглэсэн гээд тус бүртээ түүх дурсамжтай цуглуулга бий.
-Танай гэр бүлийнхэн хоббиг тань хэр дэмждэг вэ?
-Миний хоббиг бүгд дэмжинэ. Ах, эгч нар гадаад дотоод яваад бэлэг дурсгалын зүйлс авчирч цуглуулгыг минь арвижуулна. Ер нь, миний хобби бол миний л сонирхол шүү дээ.
-Чөлөөт цагаараа сонирхох зүйл ихтэй байснаар таныхаар ямар давуу талтай вэ. Ялангуяа, та өөрөө их ачаалалтай ажилладаг хүн. Орчуулга хийх, цуглуулгадаа зав гаргах, бас бэлтгэл хийхэд яаж цаг заваа зохицуулж байна вэ?
-Ер нь, хүн сонирхсон зүйлдээ яаж ийж байгаад л зав гаргах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед жаахан залхуу болоод байна. Өмнө нь, ажлаасаа ирээд л компьютерийн ард нам сууж орчуулга хийдэг байсан бол сүүлийн хоёр жилд бараг юу ч хийсэнгүй. Би хэд хэдэн мэргэжлийн орчуулгын ном хэвлүүлсэн, бас зүтгүүрийн аж ахуйн захиалгаар эд анги, тоног төхөөрөмжийн нэлээд олон зааврыг орчуулсан. Тэр үеийн эрчээр ажиллаж чадахгүй л байна. Эргээд “формдоо” орно доо л гэж бодох юм. Цар тахлын улмаас бэлтгэл хийж чадахгүй ч гэсэн гэртээ ядаж л гар дээрээ тогтмол суниаж байхыг хичээдэг. Ялангуяа, суудлын ажил хийдэг хүнд хөдөлгөөн маш чухал шүү.
-Орчуулга хийснээр орос хэлний мэдлэг мэдээж улам сайжирсан байх?
-Анх орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор орчуулга хийж эхэлсэн л дээ. Орчуулга хийхэд мэдээж шинэ үг олныг сурна шүү дээ. Шинэ үг сурлаа гээд бас монгол хэлнийхээ утга, найруулга зүйг мэдэхгүйгээр сайн орчуулж чадахгүй. Нэг ёсондоо бидний хэлдгээр “махан”, “модон” орчуулга болно. Тиймээс ямар үед ямар үгийг яаж хэрэглэх вэ гэдэг чухал. Миний хувьд одоо ч гэсэн орчуулах эрдэмд суралцсаар л явна.
-Танай гэр бүлийн хүрээлэлд өөр хоббитой хүн бий юу?
-Миний төрсөн ах, эгч хоёр багш хүмүүс. Нэг нь бага ангийн, нөгөөх нь цэцэрлэгийн багш. Ах, эгч хоёр маань их бүтээлч хүмүүс л дээ. Зураг зурах хоббитой. Ах бас загасчлах дуртай
-Монголын цуглуулагчдын хэмжээнд хэр хүрээлэлтэй вэ?
-Цуглуулагчдын уулзалт, цугларалт их болдог юм билээ. Миний хувьд тэдгээр хүмүүс шиг арвин цуглуулгагүй учир хүрээлэлд нь багтая гэж боддоггүй. Цуглуулагчид ихэвчлэн марк, тэмдэг, мөнгөн тэмдэгт, ил захидал цуглуулдаг болохоор тэр чиглэлээрээ нэгдэж, өөрт байгаагаараа байхгүйгээ солилцдог юм билээ. Миний хобби өөр л дөө.
-Таны хэтийн зорилгыг сонирхож болох уу?
-Зүтгүүрийн мэргэжлийн хүний хувьд ойрын хугацаанд мэргэжлийн орчуулгын нэг ном гаргах санаа байгаа. Саяхнаас шинэ албан тушаалд томилогдсон. Тэр чиглэлээрээ судлах суралцах зүйл их байна. Цар тахал гайгүй болбол бас бодож санасан зүйл бий. Тэрийг тухайн үед та бүхэнд хэлье. Бодож байгаа зүйлээ ярихаар бүтэхгүй гэж үг бий байх аа ...
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Сэтгэгдэл үлдээх