Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-02-09

Мэндчилгээ

Эрхэм хүндэт азай буурал, ахмад настан,  төмөр замчид та бүхэндээ Монголын ард түмний уламжлалт цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Морилон ирж байгаа цагаагчин үхэр жилээ УБТЗ-ын хамт олон 30 сая тонн ачаа тээвэрлэсэн түүхэн дээд амжилтаар угтаж байна. Нийт тээвэрлэсэн ачааг төрлөөр нь авч үзвэл экспорт, импорт, орон нутаг, дамжин өнгөрөх тээвэр бүгд өмнөх оноосоо 3.8-12.1 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа. Дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг 2312-д хүрсэн нь өмнөх оноосоо 858 галт тэргээр илүү байна. Ийнхүү бахдам дээд амжилт гаргасан нь УБТЗ-ын хамт олны сахилга хариуцлага, шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. УБТЗ ХНН 30 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон нь хүний хүчин зүйлээс гадна тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч, техник технологийн олон шинэчлэл хийсэнтэй холбоотой. Гол замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Сумангийн зоо-Замын Үүд-2 хоорондын 68.3 километр замд их засвар хийснээс гадна Замын Үүд-2, Дархан-1, Аршаант, Чулуут, Баян өртөө, зөрлөгийн замыг өртгөтгөн шинэчилж, Замын-Үүдийн Логистикийн төвд нарийн болон өргөн царигийн зам тавив. Улсын хэмжээнд томоохонд тооцогддог 19 сая чулууны нөөцтэй Олон-Овоо-2 ордыг шинээр ашиглалтад оруулсан нь Чулуун заводын үйлдвэрлэлийг 50 хувиар нэмэгдүүлэв. Зүүнхараагийн Ачааны вагон засварын депог шинэчлэх төслийн хүрээнд “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн үйлдвэр”-ийг ашиглалтад оруулж, бүх төрлийн вагоны дугуйг дотооддоо угсардаг болсноор гадагшаа урсаж байсан валютын урсгалыг дотооддоо шингээж, зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой болов. Хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэх ажлын хүрээнд өндөр хүчин чадалтай гол замын 10, сэлгээний таван шинэ зүтгүүрийг худалдан авсан нь өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн найдвартай, тасалдалгүй байдлыг хангах нөхцөлийг сайжрууллаа. Хулгана жилд УБТЗ ХНН-ийн хийсэн томоохон ажлын нэг бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урьдын адил чухал үүрэг гүйцэтгэсэн явдал юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, ганцхан жилийн дотор нийт 100 гаран км зам шинээр тавиад байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажилд бодит хувь нэмрээ оруулж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төмөр замыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөв. Дэлхий дахинд коронавирусын халдварт цар тахлын улмаас олон байгууллага, аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгож байгаа ч УБТЗ ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж авч үлдэж чадсан төдийгүй үндсэн цалинг нь 10 хувиар нэмж нийгмийн хариуцлагатай байгууллага, хамт олон болохоо харууллаа. Мөн Бэлэндалай, Мааньтад 24 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулснаас гадна шугам замын төмөр замчдын орон сууцны байрыг засварлаж тэдний тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг сайжрууллаа.
Эмнэлэг, худалдаа, нийтийн хоол зэрэг манай нийгмийн салбарын ажил үйлчилгээнд олон шинэлэг ахиц дэвшил гарч, үйлчилгээний чанар хүртээмж нь дээшилж, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна. Морилон ирж байгаа цагаагчин үхэр жилдээ УБТЗ-ын хамт олон амжилтаа улам бататгаж, шинэ дээд амжилтын эзэд болж, 2021 оны дэвшүүлсэн зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрхэм хүндэт азай буурал, ахмад настан, нийт төмөр замчид та бүхэндээ цагаагчин үхэр жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай байхыг хүсэн ерөөе.

Сар шинэдээ цахимаар золгож, сайхан шинэлээрэй.

УБТЗ-ЫН ДАРГА Д.ЖИГЖИДНЯМАА

Сэтгэгдэл үлдээх