Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-23

Төмөр замчдыг ирэх сарын 01-нээс вакцинжуулна

УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд гуравдугаар сарын 10-наас ЭМЯ-наас гаргасан хуваарийн дагуу Баянгол дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхэлжээ. Одоогийн байдлаар, энэ хүрээнд хоёр мянга орчим иргэдийг дархлаажуулаад байгаа аж. Өдөрт дунджаар 300-400 хүн хамрагдаж байна гэсэн юм. Харин төмөр замчдын дархлаажуулалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх аж. Ингэхдээ төв болон шугам замд зэрэг эхлүүлж, төмөр замчдыг дөрвөн үе шаттайгаар дархлаажуулахаар болжээ. Байгууллага, салбар нэгжүүд ажиллагсдынхаа судалгааг бэлэн болгоод байгааг Төв эмнэлгийн дарга С.Еркегүл ярилаа. “Спутник-V” вакцин нь эм тарианы харшилтай, жирэмсэн эсвэл ойрын гурван сарын дотор жирэмслэх төлөвлөгөөтэй, уналт, таталтын болон дархлааны системийн өвчлөлтэй хүмүүст эсрэг заалттай аж. Эмч мэргэжилтнүүд вакцинд хамрагдахаар ирэх хүмүүс хоол унд идсэн байх, цаг агаарт тохируулан хувцаслах, согтууруулах ундаа хэрэглээгүй байхыг зөвлөж байна. Мөн дархлаажуулалтад хамрагдсаны дараа вакцин тариулсан хэсэгт ус хүргэхгүй, үрж, маажихгүй, халуун ногоотой хоол болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Вакцин хийлгэсний дараа халуурах, толгой болон үе мөч өвдөх хариу урвал үзүүлэх магадлалтай. Гэхдээ энэ шинж тэмдгүүд 72 цагаас дээш хугацаанд илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг зөвлөж байна. 

Сэтгэгдэл үлдээх